Их аварга Д.Дагвадорж хэд хоногийн өмнө хятад иргэд Монголд 30 хоногийн хугацаанд визгүй зорчихоор болсон гэх мэдээлэл цахим орчинд тараасан. Тэр даруй иргэд бухимдлаа илэрхийлж, эсэргүүцэж эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргаж, түүнд “Олон нийтийн сүлжээгээр БНХАУ-ын иргэд Монгол Улсад 30 хүртэл хоног визгүй зорчино гэсэн мэдээлэл гарч буй нь ташаа мэдээлэл болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Гадаад улсын иргэдийг Монгол Улсын визээс чөлөөлөх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэдэг. Хятад иргэдийг визгүй зорчуулах талаар Засгийн газраас ямар нэг шийдвэр гараагүй болно” хэмээн дурдсан байв.
Мэдэгдэл гарсны дараа уг асуудал хэсэгтээ намжсан ч өчигдрөөс дахин сөхөгдөж эхэллээ. Учир нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд аялал жуулчлалын талаар мэдээлэл хийх үеэрээ дээрх асуудлыг хөндсөн юм.
УИХ-ын гишүүн Л.Болд хуралдааны үеэр Европын холбооны улс орнуудын иргэдийн аяллын визийн асуудлыг хөнгөвчлөх талаар ямар бодлого баримталж байгааг салбарын сайдаас асуув. Д.Оюунхорол сайд Монгол Улсад жуулчлахад визийн асуудал нэлээд хүндрэл үүсгэдэг болохыг хэлээд, “Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 186 дугаар тогтоолд 42 улсын иргэдийг Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор визгүй зорчуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгжсээр байна.
Монгол Улсад аяллын зорилгоор виз олгохтой холбоотой асуудлыг Засгийн газар ойрмогхон хуралдах үеэрээ хэлэлцсэн бөгөөд хил орчмын аялал жуулчлалаар орж ирэх жуулчдыг визгүй зорчуулдаг байхаар хэлэлцсэн. Үүнд БНХАУ-ын иргэд жуулчлах зорилгоор Монгол Улсад орж ирэх тохиолдолд визгүй зорчих асуудлыг шийдвэрлэхээр манай яам Гадаад харилцааны яамтай хамтран ажиллаж байна. Мөн ОХУ-ын хил залгаа хотуудын иргэд визгүй зорчиж байгаа учраас тус улсаас ирж буй жуулчдын тоо харьцангуй нэмэгдсэн” гэсэн юм.
Манай улсыг зорин ирсэн жуулчдын иргэний харъяаллаас үзэхэд нийт жуулчдын 38 хувийг БНХАУ, 18 хувийг ОХУ, 12 хувийг БНСУ, 5 хувийг Япон Улсын иргэд эзэлдэг байна. Түүнчлэн Америк, Герман, Казахстан, Австрали улсын иргэд тус бүр 2-4 хувийг эзэлж байгаа аж. Тиймээс жуулчдыг татах нэг арга нь хил орчмын аялал жуулчлалаар орж ирэх жуулчдыг визгүй зорчуулдаг байх талаар Засгийн газрын түвшинд хэлэлцэж эхэлжээ.
Эх сурвалж: Medee.MN
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа