Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын ерөнхий хороо ОХУ-ын Москва хотноо хуралдаж, өнгөрөгч оны есдүгээр сард төмөр замын даргаар Д.Жигжиднямааг томилсон билээ. Энэхүү томилгооны дараагаас зарим албан тушаалтан, газрын дарга нарыг шинээр томилсон нь тус байгууллага дотор багагүй эсэргүүцэлтэй тулгарч байгааг зарим эх сурвалж мэдээлж байна. Тодруулбал, шинээр томилогдсон нэр бүхий гурван газрын дарга өмнө нь эрүүгийн хэрэгт холбогдож, зарим нь ял шийтгүүлж байсан нь Төмөр замыг эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн үүр болгож байна гэх асуудал алба хаагчдын дунд сөхөгджээ.
Тухайлбал, тус байгууллагын Худалдан авах, борлуулалт хангамжийн албаны даргаар томилогдсон Р.Зоригт нь 2008 онд шүүхээс ял сонсож, магадлангаар суллагдсан гэх мэдээлэл байна. Тэрээр 2000-2005 онуудад “Үндэсний соёл амралтын хүрээлэн” НӨҮГ-ын захирлаар ажиллаж байжээ. Улмаар хүүхдийн паркийн тоглоомыг шинэчлэх нэрээр “Түмэн эх” чуулгын барилгыг барьцаалан “Монгол шуудан банк”-тай гэрээ байгуулж, 150 мянган ам.доллар буюу 165 сая 300 мянган төгрөг /тухайн үеийн ханшаар/ Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн дансанд орсныг бэлнээр болон дансаар гүйлгээ хийж өөрийнхөө өрөнд өгсөн аж.
Энэ талаар Р.Зоригтын дараа ҮСАХ-гийн даргаар томилогдсон Д.Мөнхбат шүүх хуралд хохирогчоор оролцохдоо “Р.Зоригт нь ҮСАХ-ийн даргаар ажиллаж байхдаа байгууллагын конторын хоёр давхар барилга, энэ байгууллагын харъяа “Түмэн эх” чуулгын байрыг барьцаалан 150 мянган ам.доллар Монгол шуудан банкнаас зээлж авсан байдаг. Гэтэл энэ мөнгө 100 хувь манай байгууллагад ашиглагдаагүй алга болсон. Р.Зоригт өөрөө ярихдаа тоглоом авахад зарцуулсан гэдэг боловч тийм гүйлгээ байдаггүй. Хайгаад ч олдоогүй. Түүгээр ч зогсохгүй тэр зээлсэн мөнгөнийхөө хүүнд хэмээн авсан 154 сая төгрөгийг төлөөгүй байгаа. Харин Монгол шуудан банкнаас авсан зээлээ төлсөн сураг сонссон” хэмээн мэдүүлж байжээ.
Улмаар уг хэргийн мөрдөн байцаалтын явцад Р.Зоригт нь ҮСАХ-гийн даргаар ажиллаж байхдаа улсын өмч барьцаалан банкнаас мөнгө зээлж хувьдаа завшсаныг тогтоож, улмаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноож байжээ. Тэрээр шүүхээс ял сонсох үедээ буюу 2008 онд Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байсан аж. Р.Зоригт нь шүүхээс оноосон ялаа эдэлж байгаад, Эрүүгийн хуулийн 55 штрих хэсэгт зааснаар 18 нас хүрээгүй хүүхэдтэй, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр Өршөөлийн хуульд хамрагдан суллагджээ.
Ийнхүү эрүүгийн хэргээр ял шийтгэгдэж байсан гэх Р.Зоригтыг УБТЗ-ын Худалдан авалт хангамжийн албаны даргаар томилсон нь төмөр замчдын эсэргүүцэлтэй тулгарсан байна. Улмаар УБТЗ-ын 50 хувийг эзэмшигч ОХУ-ын "РЖД” нийгэмлэгийн ерөнхийлөгч О.В.Бёлозеровд дээрх томилгоо болон Р.Зоригтын үйлдэж байсан гэмт хэргийн мэдээ материалыг хүргүүлснээр ОХУ-ын талаас таагүй хандаж байгаа гэх мэдээлэл байна.
Энэ асуудлын талаар УБТЗ-ын Худалдан авах, борлуулалт хангамжийн албаны даргаар томилогдсон Р.Зоригтоос тайлбар хүсэхэд тэрээр “Таны ярьж буй мэдээлэл ямар ч үндэслэлгүй мэдээлэл. Улаанбаатар төмөр замд ажиллаж байгаад халагдсан хэсэг бүлэг хүмүүс ийм мэдээлэл гаргаж яваа юм билээ. Өмнө нь ч бас иймэрхүү мэдээлэл гаргаж байсан. Ганцхан намайг ч биш хэд хэдэн албаны дарга нарын нэр хүндэд халдаж байна. Тэдний нэг нь ор үндэсгүй мэдээлэл тараасан гээд нэр бүхий мэдээллийн сайтыг шүүхэд өгсөн гэж дуулсан” хэмээсэн юм.
Үргэлжлэл бий ..,
Б.ЦОГ
Эх сурвалж: Medee.MN




Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь