Жингэр нохойнд аборт хийнэ гэдэг шиг л бас нэг сонин, хачирхмаар янзын шийдвэрт өчигдөр хотын мэр гарын үсэг зурав. С.Батболдын А/17 тоот “Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай” уг захирамжаар Улаанбаатар хотод зөвхөн зайлшгүй шаардлагаар удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай, Улаанбаатар хотод зээлд хамрагдан орон сууц худалдаж авсан хүмүүсээс бусад Монгол Улсын иргэдийг шилжиж ирэхийг хязгаарлав. 2018 оны нэгдүгээр сарын 01 хүртэл манай нийслэл үнэн хэрэгтээ хөл хорио тогтоож байна. Шалтгаан нь сүүлийн арваад жилийн хугацаанд нийслэлчүүдийн шүдний өвчин болсон, гамшгийн хэмжээнд хэдийнэ оччихоод байгаа утааны асуудал аж. Нийслэлийн мэрийн энэ захирамжаар утаа буурна гэдэгт итгэх хүн олдож өгөх болов уу даа?
Хамгийн ноцтой нь энэ захирамж Монгол Улсын Үндсэн хуулийг шууд зөрчиж байгаа юм. Үндсэн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн хоёрдугаар бүлгийн 18-д “Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно” хэмээн цагаан дээр хараар тов тодорхой заагаад өгчихжээ.
Эрх барьж буй МАН хуучин соц нийгмийн үеэ эргэн санагалзаж байсгээд л ардчилсан Монгол Улсын ололтыг баллуурдах алхам хийсээр байгаа. Нийслэлийн Засаг дарга С.Батболдын энэхүү иргэдээ хот, хөдөөгөөр нь хагалж хуваасан, утгагүй шалтгаанаар гаргаж байгаа захирамж бол үүний тод илрэл.
Өнгөрсөн зуунд л монголчууд Дотоодыг хамгаалах яам болон цагдаа хүчнийхэн, коммунистуудын хараа хяналт дор Халхынхаа хавтгайд, Алтай, Баруун хязгаар, Дорнодын талдаа чөлөөтэй нүүж сууж чадахаа байж, хаа нэг газар барууны фермийн аж ахуйн мал шиг хоригдож, заавал намын зөвшөөрлөөр л шилжилт хөдөлгөөн хийлгэдэг байсан.
Энэ бусармаг явдлыг Ардчилсан хувьсгал гарч байж л арилгасан, чөлөөтэй зорчих эрхийг Үндсэн хуулиндаа тодоос тод шигтгэж авснаар монгол хүн эх орондоо эрх чөлөөгөө эдэлж, тэнүүн уудам нутгийнхаа хаа дуртай газар нь амьдрах бололцоотой болсон байдаг.
Харамсалтай нь хувьсгалын ачаар олж авсан энэ ололт нийслэлийн мэр С.Батболдын уланд гишгэгдэх нь үү дээ.
Монгол Улсын 3 сая иргэний тал хувь нь дөрвөн уулынхаа хишигт залбиран Улаанбаатарын утаан дунд амьдарч байна. Ийм нөхцөлд хөдөөнөөс шилжин ирэгсдийг хязгаарлаад ч өнөөх нийслэлийн гортиг дотор байгаа 1 сая 500 мянган иргэдтэйгээ утаа үйлдвэрлэхгүйгээр “аз жаргалтай амьдарч” чадахгүй нь үнэн.
Гадаадын жишгийг урьтал болгож байгаа бол бас л буруу харж. Хатуу тогтоол, шийдвэрээр хүн амын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахаас илүүтэй эдийн засгийн хөшүүрэг хэрэглэдэг жишиг олон улсад түгээмэл бий.
Яагаад гэвэл утааны гамшгийн хамгийн гол хүчин зүйл нь ядуурал гэдгийг судлаачид хүлээн зөвшөөрсөн байдаг. Иргэд ажилтай орлготой, хөрөнгө, мөнгөтэй бол заавал тэнүүн сайхан төрсөн нутгаа орхиод хотын гэр хорооллыг тэлж, утаан дунд өөрсдийгөө хордуулахаар тэмүүлдэггүй гэдгийг шийдвэр гаргагчид ухаарахгүй байгаа нь хачирхалтай.
С.Батболдын яриад байдаг “Аз жаргалтай хот” гэдэг шиг л аз жаргалтай амьдрахын тулд, амьдралын боломжоо дээшлүүлж үр хүүхэддээ боловсрол олгохын тулд, ажил хөдөлмөр эрхлэхийн тулд түм түжигнэсэн хотыг хөдөөнийхэн зорьдог.
Захирамж, шийдвэрээр хүний эрхийг зөрчиж, иргэний бүртгэлийн дарга сэтэртнүүдийн хармаа хотыг зузаалах ажил хийж байхын оронд дээр дурдсан хүчин зүйлүүдийн учиг, шалтгааныг шийдэхийг оролдох хэрэгтэй юм.
Шууд шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт хийхийн оронд хотын иргэнд татвар ногдуулах, олон оюутантай, хөдөөнөөс элсэгчид олонтой их, дээд сургуулиуд, зарим томоохон үйлдвэрүүдийг хотоос гаргах гэх мэтийн алсыг харсан арга замаар гэр хорооллын тэлэлтийг зогсоох олон боломж бий.
Улаанбаатарын дагуул хотууд үүсгэх тухай олон жил ярьсан үлгэрийг амилуулах талаар ямар нэг алхам хийхийн оронд Ардын намынхан эсрэгээрээ Үндсэн хууль зөрчсөн шийдвэрийг Монгол Улсын иргэдэд тулган хүлээлгэхийг оролдож байна.
Санаж сэдсэн арга хэмжээ бүхэн нь иргэдийн бухимдал төрүүлдэг хотын мэр С.Батболдын энэ удаагийн захирамж тун удахгүй түүнийг Үндсэн хуулийн Цэцэд дуудагдах хэмжээнд аваачих биз ээ.
Өнөөдөр төрийн ордонд ҮАБЗ хаалттай хуралдаж хотын мэрийн захирамжийг хэлэлцэж байгаа сураг байна. Магадгүй Цэцэд ч хүрэлгүйгээр ҮАБЗ-өөс банга хүртэж түргэн түүхий захирамжаа цуцлахад ч хүрч мэдэх юм.
POLITIK.MN
Зочлох үйлчилгээний чиглэлээр хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд БНСУ-ын Сэжон их сургуультай хамтран ажиллана
Авлигын эсрэг сургалтад 1745 албан тушаалтныг хамруулав
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1798 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөг залилуулжээ
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ