Дипломатч эмэгтэйн нүцгэн гуя шуугиан тарив


УИХ-д тухлаад багагүй хугацааг үдсэн эрхэм гишүүдийн гадаад дахь айлчлал эхэлсэн төдийгүй өдгөө хэд хэдэн улсад эх орноо төлөөлж, уулзалт, яриа хэлэлцээр хийгээд байна. Гэхдээ дөнгөж гишүүн болсныхоо дараа л манай эмэгтэй гишүүд БНСУ-д айлчлал хийх үеэрээ ямар ч улс төрч шинжгүй, загваргүй хувцасласан гэх хатуухан шүүмжлэлийг хүртээд авсан. Учир нь, сайхан хувцаслах нь дипломатч хүнд зайлшгүй байх ёстой соёл юм. Гэхдээ ганцхан хувцаслалт гэлтгүй биеэ авч яваа байдал маш чухал. Тэгвэл манай улс төрчдийн дипломат соёлгүй, бүдүүлэг айлчлалын цувааг Парис хотноо болсон “Нээлттэй засгийн түншлэл” олон улсын түншлэгчдийн хуралд оролцсон ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат гараа халаасандаа хийж, олон улсын сайд нартай хээв нэг гар бариснаар үргэлжлүүлсэн. 



Гэтэл түүний хэнэггүй байдал мартагдаж амжаагүй байтал УИХ-ын дарга М.Энхболдын Кувейт Улсад хийсэн айлчлалын багийн гишүүн эмэгтэйн “этгээд” үйлдэл олны хурц хараанаас мултарч дөнгөсөнгүй. М.Энхболд дарга тэргүүтэй төлөөлөгчид айлчлалынхаа үеэр Эрхэм дээд Эмир болон сайд нартай албан уулзалт хийсэн аж. Гэвч айлчлалын бүрэлдэхүүнд багтаж явсан УИХ-ын тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Нарантуяа Кувейтийн сайд нартай хийсэн уулзалт дээр богино банзал өмсөн очин, гуя хасаа гялалзуулсан зураг нийгмийн сүлжээгээр нэг тарав.  
 
Исламын шашинтай оронд эмэгтэйчүүд биеэ далдалсан хувцас өмсөж, гивлүүр зүүдгийг мэдэхгүй хүн хэд байх бол. Шашны ийм ёс жаягтай орнуудад эмэгтэйчүүд биеэ нөхрөөсөө өөр эрэгтэй хүнд харуулах нь нүгэл. Биеийг нь харсан эрэгтэй хүн ч нүгэлтэйд тооцогддог. Тэгэхээр УИХ-ын гадаад харилцаа хариуцсан төлөөлөгч наад захын хүндлэл, дипломат соёл мэдэхгүйгээсээ болоод Кувейтийн сайд нарыг нүгэлд унагасны дээр айлчлалын багийнхнаа ч эвгүй байдалд оруулж орхив. 


Эх сурвалж www.wikimon.mn