Гишүүдийн ирц Д.Тэрбишдагвыг бухимдуулав


Байнгын хорооны хуралдаанд оролцож байгаа гишүүдийн ирц дахиад л асуудал дагуулж эхэллээ.

 

Өнгөрсөн өдрүүдэд гишүүдийн ирц хангалттай бүрдээгүйгээс Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан цагтаа эхэлж чадахгүй хойшилж, зарим нь цуцлагдаж, эцэстээ УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлаа бүлгийнхээ төвшинд ярилцсан. Гэвч УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүдээс нэлээд нь гарч яваад эргэн ирээгүйд Байнгын хороны дарга Д.Тэрбишдагва бухимдаж, гишүүддээ сануулга өглөө. Тэрбээр “Улс орон хямарчихсан, эдийн засаг хүндрэлтэй үед УИХ-ын гишүүд ажлаа хийсэн шиг хийж, хариуцлагаа ухамсарлан ажиллах ёстой. УИХ бол хэн нэгний дуртай цагтаа ирж ажил хийсэн дүр эсгэчихээд яваад байдаг газар биш шүү” гэдгийг санууллаа.

 

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Тамгын газрыг гишүүдийн ирцийн мэдээллийг өдөр бүр гарган тайлагнаж байхыг үүрэг болгосон ч шинэ долоо хоногийн даваа, мягмар гаригийн гишүүдийн ирцийн мэдээллийг гаргаагүй байна.