М.ЗОРИГТ: ДАРГА НАРЫН НАЙРЛАЖ БУЙ ЗУРГИЙГ ӨНДӨР ҮНЭЭР ХУДАЛДАЖ АВНА


Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад “Давхар дээл”-ийг эсэргүүцэгчдийн тоонд багтаж байсан ч Ч.Сайханбилэгийн танхимд “Давхар дээл” нөмөрсөн хүмүүсийн нэг бол УИХ-ын гишүүн асан М.Зоригт. Явсан газар бүртээ тааралдсан хүмүүсийнхээ гэрэл зургийг авах хоббитой энэ эрхмээс зарим хүн “айж” “Яана аа, хамраа ухаж байхад зураг дарчихвий дээ” гэж хошигнох нь бий. Нам нь өнгөрсөн сонгуульд ялагдсан учраас М.Зоригтод дуртай ажлаа хийх цаг зав ч гарсан биз. Хөдөөгүүр давхиж, хүүхнүүдийн зураг дарсан шигээ цагийг зугаатай өнгөрүүлэх болсон. Харин тэрбээр өнөөдөр нэгэн хачирхалтай зарыг твиттер, фэйсбүүктээ тавьжээ. “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахыг Оросын дипломат ажилтан зодсон биш сошиалаар нэг хотын удирдлагуудын зураг цацагдаж байгааг харсан уу яасан “Дарга нарын хүлээн авалт, ёлка, найр цэнгүүнд яаж буй зургийг байнга өндөр үнээр худалдаж авна” гэсэн зар тавьжээ. Зарим хүн түүнээс “АН-ын дарга нарынх болох юм уу” ч гэж асууж байх. Удахгүй шинэ жилийн баяр болно. Засгийн газраас төсвийн мөнгөөр баяр наадам тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэсэн ч хүмүүс хамгийн дуртай баяраа тэмдэглэж л таарна. Байгууллагууд ч мөн адил. Сошиал хөгжиж хүмүүс идэж байгаа хоол, партидаж буй зургаа твиттер, фэйсбүүкээр нэг тавих болсон учраас шинэ жилийн баярын зургууд ч хөврөх нь ойлгомжтой. Гэвч зурагчин М.Зоригтод дарга нарын зургуудыг өндөр үнээр худалдаж авах шаардлага гарсан юм бол. Өөр хүн бол “Шантааж хийх гэж байна” гэж хардмаар. М.Зоригт арай тэгмээргүй юм. 

А.Наранзул