Засгийн газрын дөрвөн сайдыг огцруулах уу


Ж.Эрдэнэбатын тэргүүлдэг Засгийн газрын дөрвөн сайдыг огцруулна гэх “бор шувуу” нисч эхэлжээ. МАН-ын бүлгийн хурлаар ажил хэрэг болгон уг асуудлыг яриагүй ч гишүүдийн дунд “сайдуудын чадамж муу байна” гэх яриа гарсан аж.

 

Тиймдээ ч зарим гишүүд Засгийн газрын нэр бүхий сайдуудыг огцруулж, дараагийн мэргэжлийн, туршлагатай хүнээр сайд томилох ёстой гэсэн байр суурьтай байгаа юм байна. Тухайлбал, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ж.Батсуурь, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нарыг солих тухай яригдаж эхэлсэн аж. Ирэх оны төсөв, мөнгөний бодлого хэлэлцэх үеэр Б.Чойжилсүрэн сайд зарим гишүүдээс шүүмжлэлийн үг сонсож байсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр намын бүлгийн бодлого удаа дараа унагаж байгаа тухай хатуухан үг чулуудаж байсан билээ. Түүнчлэн татвар нэмэх, зарлага танах асуудлыг оруулж ирэхэд ч бүлгийн зарим гишүүд дургүйцлээ илэрхийлж байв. Энэ мэт асуудлуудаас болсон уу, ямартай ч түүний нэр дурдагдаж эхэлжээ.

 

Эрүүл мэндийн салбарын хувьд аль ч засгийн үед асуудал дагуулдаг, хөрөнгө мөнгө хангалттай тавигддаг ч ажил хийдэггүй зэрэг гомдлууд тасардаггүй. Харин А.Цогцэцэг сайдын хувьд ямар алдаа дутагдал гаргасан болоод бүлгийн гишүүд нь шүүмжилж, огцруулах тухай яриа гарах болов. Ямартай ч Төрийн ордон дахь учир мэдэх хүмүүсийн яриагаар хамгийн түрүүнд А.Цогцэцэг сайдын асуудал яригдах болов уу гэлцэж байв.

 

МАН хэт олонхи болсон энэ үед Засгийн газрын сайд нараа огцруулна гэх яриа гарах болсон нь Засгийн газрыг хэрхэн ажиллаж байгааг дүгнэж болмоор. 65-ын бүлэгт сайд огцруулна гэдэг амаргүй ч цөөнхийн бүлгийн аль нэг гишүүний албан бланк дээр сайд нарыг огцруулах саналаа гаргах хувилбар яригдсан аж. Магадгүй өнөөдөр Засгийн газрын зарим сайд нарыг огцруулах тухай яригдаж байгаа ч Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа, цаашлаад 2020 оны сонгуулиас өмнө Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорно гэх яриа ч гарч буй юм. Тухайлбал, “энэ Засгийн газраас сайн зүйл хүлээгээд хэрэггүй, Засгийн газар муу ажиллаж байна, Засгийн газрыг огцруулах асуудлыг ярих ёстой” гэх мэт, АН, МАН-ын зарим гишүүдийн ярьсан яриа ч бий.

 

Medee.MN