Монгол Улсын Засгийн газраас эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөрийн төслийг боловсруулсанаа Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн сарын 27-ны өдөр Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн.
Энэхүү тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд, улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэж байна. Хөтөлбөр нь Макро эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх, Дунд хугацаанд эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, тогтвортой өсөлтийг хангах, өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх гэсэн хоёр үндсэн стратегитэй бөгөөд энэ хүрээнд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Энэхүү жагсаалтыг харвал өнөөх л улиг болж хэчнээн Засгийн газрын үед ярьдаг байсан ч өнөөдрийг хүртэл үр өгөөж нь төдийлөн мэдрэгдэхгүй байгаа Оюутолгой, Тавантолгойн төслүүд, барьж байгуулах тухай байнга ярьдаг ч хэзээ ч босдоггүй Газрын тос боловсруулах үйлдвэр, Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Шивээ-Овоон цахилгаан станц, зуу зуун сая доллар зардаг ч далан шороо босгохоос хэтэрдэггүй Таван толгой- Гашуунсухайтын төмөр замын төсөл зэргийг жагсаан бичсэн байх аж. Үүнийг эдийн засгийн тогтворгүй байдлаас яаралтай гарах арга зам гэж хэлэхэд тун хэцүү.
Дээрх төслүүдийн ядаж нэгийг нь бүрэн хэрэгжүүлэхэд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын танхимын бүрэн эрхийн хугацаа ч хүрэхгүй байж магадгүй. Тиймээс хүндрэлээс гарья гэж байгаа бол мөрөөдлийн жагсаалт биш бодит цөөн ажил төлөвлөж, яаралтай хэрэгжүүлж эхэлмээр байна. Өдөр ирэх бүр хазааргүй морь шиг хурднаар дүүлж 2500 төгрөгт хүрэхэд дөхөж байгаа долларын ханшийг хэзээ, ямар арга замаар хазаарлахаа энэ төлөвлөгөө гэгчид юун түрүүн тов тодорхой тусгамаар байна. Гэтэл Засгийн газраас санал болгож буй энэхүү тогтоолын төсөлд зааснаар бол казино байгуулж, хурдан морины бооцоот уралдаан зохион байгуулаад, том мөрөөдлөө ярьж байтал эдийн засаг сайжирчих юм шиг л харагдаж байна.
Богино хугацааны гэх урт хугацааны мөрөөдлийн жагсаалт бүхий эдийн засгийг эмчлэх зорилго агуулсан гэгдэж буй тогтоолын төсөлд юу хийхээр төлөвлөснийг дор танилцуулж байна.
Улсын төсвийн алдагдлыг бууруулж, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсвийн бодлого хэрэгжүүлэх:
1.1.1. Монгол Улсын 2017 оны төсвийн алдагдлыг өмнөх оныхоос бууруулж дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг түвшинд хүргэх;
1.1.3. Жилийн 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл болон түүнд холбогдох туслах үйл ажиллагаа, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нэхмэлийн болон хувцас үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгон бууруулах;
1.1.4. Үндэсний аж ахуйн нэгжүүдэд ногдуулсан татварын актын хүү, торгууль, алданги, үндсэн татварын нөхөн төлбөр төлөх хугацааг сунгах, хаалгасан дансыг нь тодорхой нөхцөлтэйгээр нээх замаар бизнесийн үйл ажиллагааг нь идэвхжүүлэх;
1.1.7. Төрөөс захиалгаар гүйцэтгэсэн бараа, ажил үйлчилгээний төлбөрөө авч чадахгүй байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлбөрийг барагдуулах;
1.1.8. Засгийн газрын үнэт цаасны арилжааг тогтмолжуулах, Хөрөнгийн биржээр дамжуулан борлуулах, үнэт цаасны зуучлагч компаниудын оролцоог нэмэгдүүлэх.
Төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулж, инфляцийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлэх:
1.2.3. Валютын урсгал түр зуур нэмэгдэх үед төгрөгийн нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлэхгүй байх, дунд, урт хугацаанд валютын нөөцийг тогтвортой байлгах, хамгаалах зарчим баримтлах;
1.2.5. Орон сууцны 8 хувийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлж, ипотекийн зээлийн даатгалыг урт хугацаат даатгалын бүтээгдэхүүний хэлбэрт шилжүүлэх;
1.2.6. Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн томоохон төслүүдийг урт хугацааны санхүүжилтээр хангах зорилгоор Хөрөнгө оруулалтын сан байгуулах;
Гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, ойрын хугацаанд төлөх гадаад өр төлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг шийдвэрлэх:
1.3.1. Алт хөтөлбөрийг шинэчлэн үргэлжлүүлэх;
1.3.2. Засгийн газар, Хөгжлийн банкны гадаад бондыг эргүүлэн төлөх, дахин санхүүжүүлэх төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх;
1.3.4. Түншлэгч улс орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай зөвшилцөх уулзалтуудыг зохион байгуулж, урт хугацаатай, бага хүүтэй санхүүгийн эх үүсвэр татах;
1.3.7. Гадаадын банкны салбар, нэгж байгуулах боломжийг судалж, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах;
Уул уурхайн бус салбарын экспортын орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх үндэс суурийг тавих:
2.1.2. Хөрш орнуудтай хийх худалдааг өргөжүүлэх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийг нэмэгдүүлэх;
2.1.3. Аялал жуулчлалын гол маршрутын зам дагуу түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор байгуулах;
2.1.4. Казиногийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх;
2.1.5. Хурдан морины бооцоот уралдаан зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх;
2.1.6. Барилгын ган төмөр материал болон бусад ган төмөрлөг бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг барих;
2.1.7. Угсармал барилгын хийцийн үйлдвэрлэлийг дэмжих;
2.1.8. Баруун бүсэд цементийн үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах;
2.1.9. Барилгын дулаалгын материалын үйлдвэр барих;
2.1.10. Мах, махан бүтээгдэхүүний болон малын гаралтай дайвар бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах;
2.1.11. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, импортын сүүн бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах;
2.1.12. Арьс ширийг эко-технологиор иж бүрэн, гүн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулах;
2.1.13. Иргэдийг шинэ ургацын хүнс ногоогоор хангах зорилгоор хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах;
2.1.14. Иргэдэд хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах зориулалтаар газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэх.
Бодит салбарын өсөлтийг дэмжих томоохон төслүүдийг эхлүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх:
2.2.1. Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх;
2.2.2. Тавантолгой болон стратегийн ач холбогдол бүхий бусад ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах;
2.2.3. Тавантолгойн цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх;
2.2.4. Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулах;
2.2.5. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг дуусгах;
2.2.6. Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт туссан Эрдэнэт-Овоот, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх;
2.2.7. “Богд хан” төмөр замыг барьж байгуулах ажлыг эхлүүлэх;
2.2.8. Улаанбаатар дулааны III цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 250 МВт-аар нэмэгдүүлэх;
2.2.9. Шивээ-Овоо болон бусад нүүрсний орд газрыг түшиглэн экспортын зориулалттай том чадлын цахилгаан станц барих судалгааг хийх, холбогдох шийдвэрүүдийг гаргах;
2.2.10. Чойбалсан дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэх;
2.2.11. Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 220 кВ-ын Мандалговь дэд станц барих, Тавантолгой, Оюутолгой дэд станцын 220 кВ-ын ил хуваарилах байгууламжийг өргөтгөх;
2.2.12. Эгийн голын 315 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барих судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийх;
2.1.13. Ховд голын 64 МВт-ын усан цахилгаан станцын ТЭЗҮ, судалгааг хийх, барилга угсралтын ажлыг эхлүүлэх;
2.1.14. Чойр 220/110/35/6 кВ-ын дэд станцыг өргөтгөх, Багануур-Чойрын 220 кВ-ын 2 хэлхээт 178 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих;
2.2.15. Оюутолгой-Цагаансуваргын 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг ашиглалтад хүлээн авах;
2.2.16. Гэр хорооллын хүчдэлийн уналттай болон шинэ суурьшлын бүсийн айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг үргэлжлүүлэн хийх;
2.2.17. Газрын тосны үйлдвэр болон уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын ажлыг эрчимжүүлж нөөцийг өсгөх;
2.2.18. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах;
2.2.19. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлэх;
2.2.20. Нүүрс угаах, гүн боловсруулах үйлдвэр болон нүүрсний нийлэг хийн үйлдвэр байгуулахыг бодлогоор дэмжих;
2.2.21. Төмөр, жонш, холимог металл олборлогч аж ахуйн нэгжүүдийн шинээр ашиглалтад оруулахаар бэлтгэгдсэн уурхай болон уулын үйлдвэрийг ашиглалтад хүлээн авч, үйл ажиллагааг эхлүүлж, олборлолт, экспортыг нэмэгдүүлэх.
Эдийн засгийн өсөлтийг дэмжих хариуцлагатай засаглалыг бэхжүүлж, хууль эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлэх:
2.3.1. Засгийн газрын өргөн мэдүүлсэн Улсын төсвийн төсөл дэх үндсэн хязгааруудыг /төсвийн алдагдал, орлого, зарлага болон өрийн дээд хэмжээ г.м/ УИХ-ын чуулганы хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэмэгдүүлэхгүй байхаар хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх;
2.3.2. Төв банкны засаглалын бүтцийг олон улсын жишигт нийцүүлэх, Монголбанкны удирдлагын хараат бус байдлыг бэхжүүлэх, мөнгөний бодлогын хэрэгжилтийг сайжруулах, Монголбанкны үйл ажиллагааг илүү тодорхой болгох чиглэлээр Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулах;
2.3.3. Төлбөрийн системийн үр ашигтай, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор Үндэсний төлбөр тооцооны системийн тухай хууль боловсруулж,батлуулах;
2.3.4. Валютын урсгалыг зохицуулах харилцааг сайжруулах зорилгоор Валютын зохицуулалтын тухай хуулийг шинэчлэн боловсруулж, батлуулах:
POLITIK.MN
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна