Хятад дэлхийг худалдан авсаар


“Энэ бол Хятадын дэлхий” хэмээх томоохон нийтлэл одоогоос 6-7 жилийн өмнө Economist сэтгүүлд гарч, бэлэн мөнгөөр цалгисан хятадууд хэрхэн дэлхийн томоохон компани, орд газруудыг худалдан авч, эрх мэдлээ тогтоож буй тухай өгүүлж байв. Дэлхийн газрын зураг дээр хятадуудын томоохон худалдан авалт хийсэн газар нутгийг БНХАУ-ын туг хатгаж тэмдэглэхэд улаан эрээн болтол эрээлжилж байсан тэр дүр зураг тухайн үед дэлхийн эдийн засгийн хямралын дараах Хятадын хүчирхэгжлийн мэдээтэй нийлээд цочир сонин байсан билээ. Тэр цагаас хойш хятадууд дэлхийг “эзлэх” төлөвлөгөөгөө чимээгүйхэн хэрэгжүүлсээр, томоохон  худалдан авалтынхаа хэмжээгээр АНУ-ыг ч ардаа орхиод байна.

 

Хамгийн сүүлд буюу энэ сарын 18-нд Хятадын “China Life Insurance” компани “Starwood Capital Group LLC”-гийн зочид буудлын бизнесийг нь хоёр тэрбум ам.доллараар худалдан авахаар тохироо хийжээ.

 

Энэ бол он гарсаар Хятад компаниудын хийж буй 17 дахь том худалдан авалт юм. Үүнээс ч их мөнгөн дүнгээр яригдах өөр 16 наймааг хятадууд ганцхан жилийн дотор  хийсэн гээд бодоод үз дээ. Одоогийн байдлаар буюу 2016 оны хэмжээнд Хятадын компаниуд нийтдээ 206,6 тэрбум ам.доллараар хилийн чанадаас компани, бизнес, үл хөдлөх хөрөнгө худалдан авч, өөртөө нэгтгэсэн байна. Энэ нь зөвхөн 2015 оны мөн үеэс 212 хувиар өссөн үзүүлэлт аж.

 

Гэтэл энэ хугацаанд АНУ-ын компаниуд 179 тэрбум ам.доллараар гадны компани, бизнесийг худалдан авчээ. Ингээд Хятад бас нэг үзүүлэлтээр 2006 оноос хойш дэлхийд тэргүүлж ирсэн Америкийг ардаа орхив.

Үндэснийхээ эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон үйлдвэрлэлийг цаашид өргөжүүлсэн хэвээр байж, түүхий эдээр хангахын тулд Хятадын төрийн өмчийн болон хувийн компаниуд аль аль нь гадаад зах зээлд асар идэвхтэй эрэл хайгуул хийж байна. Тэд өөрсдийн экспортод суурилсан эдийн засгаа хэрэглээнд хөтлөгдсөн хэлбэр рүү шилжин орох үйл явцад тус нэмэр болох технологи, брэндийг өөрийн болгох гэж ийнхүү гадаадын томоохон бизнес, компанийг худалдан авч, өөртөө нэгтгэж байгаа юм.

 

2013 оноос өмнө Хятадын хилийн чанад дахь худалдан авалтад голчлон төрийн өмчит компанийн түүхий эдийн салбартай холбоотой гэрээ наймаа зонхиолдог байсан. Тухайлбал, Австралийн төмрийн хүдрийн орд, Канадын энергийн үйлдвэрүүд, Африкийн зэсийн уурхайг Хятадын төрийн өмчит компаниуд худалдан авдаг байсан бол одоо хувийн компаниуд хүртэл гадагшаа чиглэсэн томоохон наймааг зоригтой хийх болжээ. Өнөөдөр Хятадын компаниуд Италийн хөлбөмбөгийн  клуб, Америкийн кино студи, Францын загварын ордныг худалдан авч байна. 2012 онд Хятадын төрийн өмчит “CNOOC” компани Канадын “Nexen Inc”-ийг 14,3 тэрбум ам.доллараар худалдан авахаар гэрээ хийсэн нь тус улсын түүхэнд хамгийн том наймаа болж байсан бол сүүлийн жилүүдийн томоохон худалдан авалтын тоонд АНУ-ын гахай мах үйлдвэрлэлийн “Smithfield Foods Inc”-ийг 4,7 тэрбум доллараар авсан нь орж байна. Энэ жил Италийн AC Milan клубийг 821 сая доллараар хятадууд авсан нь ч олны анхаарал ихээхэн татсан билээ.  

 


2006-2016 оны хооронд Хятадын компаниудын хилийн чанадад хийсэн томоохон наймааг салбар салбараар нь ангилан үзвэл дараах тоо гарч байна.

 

  • Уламжлалт эрчим хүч, энерги-147,1 тэрбум
  • Санхүү-80,9 тэрбум
  • Уул уурхай-72,5 тэрбум
  • Хими-56,7 тэрбум
  • Үл хөдлөх хөрөнгө-44,8 тэрбум
  • Интернэт, софтвэйр-40,6 тэрбум
  • Логистик-30,2 тэрбум
  • Шинэ эрчим хүчний салбар-23,9 тэрбум
  • Автомотив-18,5 тэрбум
  • Жижиглэн/Бөөний худалдаа-18,4 тэрбум
  • Эрүүл мэнд-16,3 тэрбум
  • Энтертайнмент-16,2 тэрбум
  • Гэр/албан байгууллагын бүтээгдэхүүн-13,6 тэрбум
  • Барилга-13 тэрбум
  • Хүнс/ундаа-12,2 тэрбум
  • Арилжааны үйлчилгээ-10,8 тэрбум
  • Хөдөө аж ахуй-8,1 тэрбум
  • Цахилгаан холбоо-7,2 тэрбум
  • Хэвлэл мэдээлэл сурталчилгаа-6,4 тэрбум
  • Нисэхийн салбар-6,3 салбар
  • Цахилгаан хэрэгслийн салбар-5 тэрбум

 

Эндээс Хятад чухам аль салбарыг түлхүү хөгжүүлэхээр хөрөнгө хаяж  байгаа нь тодорхой харагдана.

 

Мөн энэ их хэмжээний худалдаа наймаанаас мөнгөтэй байхад Хятад хүссэн бүхнээ худалдаж авч чадаж байна гэсэн ойлголт төрөхөөр байгаа ч АНУ, Их Британи зэрэг орнууд стратегийн чухал ач холбогдолтой салбартаа БНХАУ-г оруулахгүй байх бодлогыг бас барьж буй. Жишээлбэл, АНУ-ын Гадаадын хөрөнгө оруулалтын хорооноос технологийн салбартаа үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний худалдаа, шилжүүлэг хийхгүй гэдэг шийдвэр гаргасан. Европ, Германы улстөрчид ч зарим салбарт их хэмжээний хөрөнгө оруулах гэсэн Хятадын сонирхлыг няцаах хэрэгтэй гэж үзэж байна.

 

Нөгөө талаар Хятадын эрх баригчид хэт гадагшаа чиглэлтэй хөрөнгийн урсгалыг сааруулахын тулд арга хэмжээ авах болсноос зарим компанийн арилжаа саатах явдал гарч байна. Түүнчлэн юанийн ханш ямар байхаас шалтгаалж дотооддоо худалдан авалт хийх үү, гадагшаа гарах уу гэдгээ Хятадын компаниуд шийднэ. Хэрэв юанийн ханш унасаар байвал тэд дотооддоо компани, бизнес, үл хөдлөх хөрөнгө худалдан авах нь нэмэгдэх юм.

Энэ мэт нөхцөл байдлыг харгалзан үзсэн ч Хятад цаашдаа ч “дэлхийг” худалдан авах явц саарахгүй үргэлжилсээр байх төлөвтэй гэж “Bloomberg”-ийн шинжээчид тооцсон байна. Тэдэнд хэрэгтэй бизнес дэлхийн хаа нэгтэй байгаа цагт хятадууд мөнгөө өвөртлөн очсоор л байх нь дамжиггүй.

 

Эх сурвалж: Bloomberg