Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийж, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлж байна. Уулзалтын үеэр ерөнхийлөгчийн хэлсэн голлох байр сууриудыг сэдэвчлэн хүргэж байна.
“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР & Ц.НЯМДОРЖ
-“Эрдэнэт” үйлдвэрийн тоос шороонд хутгалдаж явсан ажилчин хүн би. “Эрдэнэт” үйлдвэрийн ард миний хувийн сонирхол байхгүй.
-“Эрдэнэт”-ийн хувьчлал гэсэн нэр томъёо хэрэглээд байна. Хувьчлал явагдаагүй. Гадны талд байсан 49 хувь Монголын ААН-д ирсэн гэж харж байна. Нэр томъёоны хувьд ингэж ойлгох нь зүйтэй.
-Санхүүгийн эх үүсвэрийн асуудлаар УИХ-д “Нээлттэй сонсгол” хийх хэрэгтэй. Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Болор, Б.Чойжилсүрэн, Худалдаа хөгжлийн банкны захирлыг дуудаад нээлттэй хэлэлц.
-Монголын Засгийн газар “Эрдэнэт”-ийн гадна талд байгаа хувийг авах талаар үеийн үед л ярьж байсан. “Эрдэнэт”-ийн асуудлыг ҮАБЗ-өөр яриагүй. Ярих ёстой гэсэн хууль тогтоомж байхгүй.
-Наадмын өмнө би МҮОНТ-д ярилцлага өгөхдөө мэдэгдсэн, "Эрдэнэт" дээр хууль зөрчсөн юм байгаа бол хамгийн түрүүнд хэлэлцээрэй гэж. Буруу байсан бол хүчингүй болгох ёстой. Хууль бус юм хийж байгаа бол түүнд нь бололцоо олгоод сууж байгаа.
-“Эрдэнэт” үйлдвэрт миний ямар нэг хувьцаа байхгүй. Надад Худалдаа Хөгжлийн Банкинд хувь, хувьцаатай байх ямар ч шаардлага байхгүй.
-Ц.Нямдоржийн мэдэгдлийн ард “Эрдэнэт”, ард түмнийг бодсон үнэр ч байхгүй. Ц.Нямдоржийн мэдэгдлийн ард “Эрдэнэт”-ийг шалгаж байгаа ажлын хэсгийн дарга тэр хоёрын хуйвалдаан явж байгаа. Яагаад би Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж хоёрыг хуйвалдсан гэж харж байгаа вэ гэвэл тэр хоёр буруу юм хийж байгаа хүмүүст бололцоо олгоод байна. Энэ бол зүгээр л цэвэр улс төр.
-Улс төрчийн мэдэгдэл сүржин байх тусмаа худлаа байдаг. Ц.Нямдорж намайг тэгж хэлэх хүн мөн үү. Зүгээр л сүржин, хувийн эрх ашиг хөөцөлдсөн мэдэгдэл гэж харж байна. Надаас илүү эрх мэдэл Ц.Нямдоржид байгаа.
-“Эрдэнэт” үйлдвэрийг худалдан авсан бүх хүмүүс УИХ дээр очоод нээлттэй сонсгол хийх хэрэгтэй. Хуйвалдсан гэж байгаа бол тэр Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, бүх бичиг баримтыг ил болго. Засгийн газар их удаан байна. Энэ асуудлыг томилогдоод маргааш нь хийх ёстой байсан. Би “Эрдэнэт”-ийн асуудал дээр УИХ, Засгийн газар хуулийн дагуу ямар ч шийдвэр гаргасан хориг тавихгүй. “Эрдэнэт” үйлдвэрийг хэрүүлийн бузар болгохоо боль.
С.ЗОРИГИЙН ХЭРЭГ
-Э.Бат-Үүлийг би үргэлж дэмжиж ирсэн. Баатар болтол нь дэмжсэн. Цаашдаа ч дэмжинэ.
-Би хуулийнхан сайн ажиллаж байна гэж хэлмээр байна. С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байгаа хүмүүст хэн нэгнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго байхгүй. Хэлмэгдүүлэх ч ёсгүй.
-С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарснаас хойш манай хууль хяналтын байгууллагынхан олон жил нойр хоолгүй ажилласан даа.
-Хэрэг шүүхийн шатандаа очиж шийдэгдэх хэмжээнд очиж байгаа юм болов уу гэж харж байна. Би Ерөнхий прокуророос асууж тодруулдаг. Би сая С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөхдөө л тэр хүнийг харсан.
ОХУ
-“Эрдэнэт“-ийн асуудлыг ингэж шийдэж байгаа нь хоёр орны харилцаа хамгийн сайн түвшинд байгааг харуулж байна.
-Сүүлийн хоёр жилийн хугацаанд би ОХУ-тай өндөр дээд түвшний уулзалтуудыг 10 гаруй удаа хийсэн. Өмнө нь хоёр жилд ганц ч уулзаагүй тохиолдол ч байдаг.
-Их өрийн сүүлчийн төлбөр 2016 оны эхний улиралд шийдэгдсэнийг та бүхэн мэдэж байгаа. Улс төрийн хувьд ОХУ, Монгол хоёр орон хамгийн сайн харилцааны түвшинд байгаа.
-Орос, Хятадын хооронд бүх ачаа бараа Монголоор дайрч өнгөрдөг болох юмсан гэсэн итгэлцлийг бий болгох юмсан гэж ажилласан. Цаашаа энэ ажил хийгдэх байх гэж итгэж байгаа.
-Ер нь бид ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Төрийн ДУМ-д “Баярлалаа” гэж хэлэх ёстой. Монголын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө цусаа асгаруулж явсан хүмүүс Оросууд шүү.
-Эгийн голын цахилгаан станц нь Байгаль нуурт сайн нөлөө үзүүлнэ.
-В.Путин Ерөнхийлөгчөөс асуухад монголчууд өөрсдөө Эрдэнэт үйлдвэрээ аваад явчихна гэдэгт би итгэж байна гэсэн.
ГАДНЫ БАНК
-Миний байр суурь Bank of China Монголд орж ирээд зээл өгөөд явах шаардлага алга.
-Харин шаардлагатай, өөр орны банкны салбар байгаа бол оруулах хэрэгтэй.
-Иймэрхүү байдлаар тэнцвэрээ барьж явбал яасан юм бэ.
-Манай өмнөд хөрш бол Монголын хамгийн том худалдан авагч, хөрөнгө оруулагч.
-Банк, санхүүгийн байгууллага нэг хүний өмч байхаа боль гэж хэлдэг. Олон нийтийн компани болооч гэдэг. Гадаадын банк оруулж ирэх асуудлыг ҮАБЗ дээр ярина.
ТӨРИЙН АЛБАНЫ ХАЛАА, СЭЛГЭЭНИЙ АСУУДЛААР
-Төрийн албаны халаа сэлгээг хуулийн хүрээнд зохицуулах, өөрчлөлт хийх асуудал хүлээгдэж байна.
-Өглөө бүхэн ажилдаа очихдоо айдастай очдог боллоо гэж хүмүүс мессеж бичиж байна. Коммунист суботник шиг боллоо гэдэг.
-Цэвэрлэгч, мэргэжилтэн гээд хэнийг ч ялгахгүйгээр толгой дарааллан хөөж явуулж байна. Халах тусам, шинээр хүн авах тусам Төрийн албаны чадамж дордож байна.
-Сонгуулийн дараа хүмүүсийн амьдрал сайжрав уу дордов уу гэж асуухаар бүгд дордлоо гэж байна.
-Эрх баригчид хүмүүсийн анхаарлыг сарниулахын тулд сүржин юм ярьж байна. Одоо бол мэдэгдэл хийх цаг биш. Ажил хийх цаг.
-Нэгэнтэйгээ зөрчилдөх цаг хангалттай, одоо боллоо. Богинохон хугацаанд нэгдэж, нийлээд ажлаа хийх ёстой.
ТӨСӨВ,ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛ, БУСАД
-Ямар ч шийдвэр гаргах эрх одоо эрх баригч намд байна. Монголынхоо төлөө шийдвэрээ гаргаад явах хэрэгтэй. Эдийн засгийн хүндрэлээс гарах арга замаа боловсруулаад явах хэрэгтэй.
-Б.Чойжилсүрэнг Сангийн сайдаар томилогдсоны дараа нэг л удаа уулзсан. Барилга барих талдаа сайн л даа. Гэхдээ Сангийн сайд болох талдаа ямар вэ гэдгийг сайн мэдэхгүй. Б.Чойжилсүрэнтэй уулзахдаа чамд улс төрийн алсын хараа алга гэж хэлсэн.
-Монголын 100 мянган хүн хамтдаа баялгийг бүтээдэг, бүгд хувь хүртдэг болмоор байна.Дарга нарын ажлын өрөөнөөс эхлээд стандарт тогтоох хэрэгтэй. Тансаглалаасаа хасах байдлаар яваач.
-Би Монгол Улс маргааш яах бол гэдэгт л санаа зовж байна.
-Манай хүү Э.Эрдэнэ Баянзүрх дүүргийн ИТХ-д нэр дэвшиж байгаа. Энэ бол цэвэр өөрийнх нь сонголт.
-Таван хуулийг буцааснаас болж хохирсон бүх хүмүүс өнөөдөр өдөр бүр хашгирах хэрэгтэй. Ц.Нямдорж оо, би хохироод байна гэж.
-Баталсан хуулийг буцаасан нь энэ парламентийн хамгийн буруу үйлдэл
-Цаазын ялг алга болгож, насаар нь хорих ял болгосон. Үүнийг мэдэхгүй хүмүүс ч байна. Шүүх дээр ямар нэгэн байдлаар алдаа гардаг. Цаазын ялыг хүчингүй болгосноор шүүх үнэнийг шүүх хугацааг өгч байгаа юм. Түүнээс биш муухай үйлдэл хийсэн хүмүүсийг өршөөж байгаа явдал биш юм.
-Том төслүүдээ хөдөлгөх ёстой. Да.Ганболд “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийн даргаар томилогдсон бол мөнгө санхүү хөрөнгө оруулалт энэ бүх чиглэлийг сайн мэддэг хүн. УИХ-д нээлттэй сонсгол хийх бол тайлбараа хийгээд л явах хэрэгтэй гэж бодож байна.
-Ерөнхийлөгчийн засаглалын тухайд гүйцэтгэх эрх мэдлээ үнэхээр гүйцэтгэдэг чадвартай эрх мэдлийг бий болгох ёстой.
Эх сурвалж:Medee.MN
Энэ сарын 15-наас эхэлж тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна
Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Япон Улсыг зорилоо
Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр орой 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ
“Сэлбэ хот” төслийн нийт гүйцэтгэл 37 орчим хувьтай үргэлжилж байна
Татварын өртэй шатахуун импортлогч аан-үүдийн дансыг битүүмжлэхгүй
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав