Судалгаа: Улстөрчид, хуулийнхан хүзүү, сээрээрээ холбогджээ


 

МАНАН-г /МАН, АН-ын нэгдэл/ устгах нь авлига, албан тушаалын наймаа, олигархиудын бусармаг үйлдлийг зогсооно гэж бишгүй ярьсан. Харин байдал үүнээс ч аюултай нөхцөл рүү чиглэснийг АТГ-аас хийсэн Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа харууллаа.

 

Өмнөх судалгаануудад газар, гааль, татвар гэхчилэн төрийн албанд авлига гаарсан дүн, шинжилгээ гардаг байсан бол энэ удаагийн төсөөллийн судалгаагаар улстөрчид хууль сахиулах байгууллагын албан тушаалтнуудтай хүзүү сээрээрээ холбогдож, тэднийг бизнесийн бүлэглэл эрхшээлдээ оруулсан үзүүлэлт хамгийн өндөр буюу 3,87-4,00 гарсан байна. Авлигын байдал, учир шалтгаан, хор уршгаар нь нөхцөл байдлыг тодорхойлохын тулд “1”-ээс “5” гэсэн үнэлгээг ашигладаг бөгөөд “1” нь авлига огт байхгүй байгааг илэрхийлдэг бол “5” нь авлигын хамгийн өндөр түвшинг илэрхийлдэг байна. Тэгэхээр дээрх үзүүлэлт ямар өндөр төвшинд хүрснийг хэлэх нь илүүц биз ээ.

 

Монголд шударгаар бизнес эрхлэхэд туйлын бэрхшээлтэйн дээр хэн нэгний далбаанд хавчуулагдахгүй бол дампуурахад хүрдэг. Ашигтай байгаа хувийн бизнесийг төрийн хүчээр далайлган дээрэмддэг үзэгдэл газар авснаас эргээд үүний эсрэг хариу механизм ийнхүү үйлчилж эхэлж байна.

 

Шударгаар бизнесээ өргөжүүлэхээс илүүтэй улс төрд өөрсдийн хүнийг шургуулж, түүгээрээ дамжуулан өөрийн эрх мэдлийг тогтоож, хууль тогтоох төвшинд өөрийн нөлөөг тогтоодог болжээ.

 

Өнөөдөр жилийн хэдэн тэрбумаар тоологдох ашигтай компаниудын төлөөллүүд УИХ-д сонгогдохоор хэдэн зуун саяар нь хаядаг болсны цаад учир нь үүнд л оршиж байх шиг. Үүнтэй харилцан уялдаатай гэж хэлж болохуйц нэгэн үзүүлэлт бий. Төсөөллийн судалгаанд оролцсон шинжээчид “Улстөрчид, улс төрийн нам, бүлэглэл бизнесийн болон гэмт бүлэглэлийг эрхшээлдээ оруулсан, гаднын улс төрийн болон бизнесийн бүлэглэл Монголын улс төрийн нам, бүлэглэлийг эрхшээлдээ оруулсан, эсхүл хоорондоо нэгдсэн зэрэг нөхцөл байдлын үнэлгээ 2.90- 3.39 гарсан нь дундаж хэмжээнд тооцогдохоор байгаа боловч эдгээр нөхцөл байдлын үнэлгээ нь өмнөх оныхоос 0.08-0.39 пунктээр буюу дунджаар 0.26 пунктээр нэмэгдсэн нь анхаарал татахаар байна” гэж онцолжээ.

 

Улс төрийн хүрээний авлига өмнө нь голдуу албан тушаалын наймаа, ойр дотны хүмүүсийнхээ компанийг тендерт шалгаруулах зэргээр тодорхойлогддог байсан бол далд хэлбэрийн, нарийн зохион байгуулалттай “мафи” шинж рүүгээ хэзээний оржээ. Хамгийн аюултай нь улстөрчид бизнесийн бүлэглэлийн эрхшээлд орсон үзүүлэлт дээд хэмжээндээ хүрэхэд ганцхан тоогоор дутуу байгаа юм.


Монголд улс төрийн нөлөө коммунизмын нэгэн адил хүчтэй хэвээр, нийгмийн бүхий л шатанд оролцож буй аж. Нөгөөтэйгүүр, УИХ, Засгийн газар, УИХ-д суудалтай намуудын төвшинд авлига их байгаа нь улс орны эрх ашгийг шийдвэрлэх, хууль тогтоох үйл ажиллагаанд авлигын нөлөө нэмэгдсэн гэсэн үг.

Мэдээж энэ үзүүлэлтийг дагаад нийтийн эрх ашгаас илүүтэй хэн нэгний ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргах нь ихэссэн гэсэн үг.

 

Авлигын шинжээчид “Улс төрийн авлигын нөлөөгөөр бий болсон тогтолцооны улмаас нийтийн тус тулд зарцуулагдах ёстой мөнгөн хөрөнгө, нөөц улс төр, бизнесийн бүлэглэлийн мэдэлд хуримтлагдаж байгаа болон улс төрийн авлига нь төрийн албаны үйл ажиллагаанаас гадна уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарт нөлөөлж байгаагаас улс орны эдийн засгийн хүчин чадал суларч, өмч хөрөнгийн тэгш бус байдал өсч байна” гэдгийг анхааруулж байна. Үүнийг бид бодит амьдрал дээр харж л суугаа. Шинэ төмөр зам төслөөс эхлээд хорооллын дундах зам, сургуулийн барилга гээд нүдэнд харагдаж, гарт баригдахаар олон жишээ бий.

 

Энэ бүхэн нь “Улс төрийн авлига нь төрийн албаны үйл ажиллагаа, улс орны эдийн засгийн хүчин чадлыг сулруулаад зогсохгүй улмаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөнд нөлөөлж ноцтой хор уршиг бүхий үр дагаварт хүргэж болзошгүй байна” гэдгийг ч шинжээчид санууллаа. 

 

Судалгаанаас харвал өөрийн хүнээ буюу хамтрагчаа албан тушаалд томилж, улмаар төрийн хөрөнгөнөөс зувчуулах үнэлгээ 4,04 байна. 5-д хүрэхэд ердөө 0,94-өөр л дутуу гэсэн үг.

 

Болгоомжлол төрүүлж буй бас нэгэн үнэлгээ нь 2015 онд улстөрчид, төрийн албан тушаалтнуудаас намын хэлхээ холбоог ашиглан нөлөөлөх хэлбэрийн үнэлгээ 4.07 байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

 

 

Улс төрийн намын ард гэмт хэргийн бүлэглэл байна гэх хардлага түүх болжээ. Харин ч эсрэгээр гэмт бүлэглэл улс төрийн нам, бүлэглэлийг эрхшээлдээ оруулсан байдлын үнэлгээ хамгийн бага буюу 2.61 үнэлгээтэй гарсан нь өмнөх оны түвшингээс 0.14 пунктээр буурсан аж.

 

Гэхдээ доорх хүснэгтээс анхаарал татсан үзүүлэлт гэвэл намын санхүүжилт, сонгуулийн санхүүжилт, улс төрийн бизнес бүлэглэлүүдийн ашиг сонирхлын үзүүлэлт өндөр хэвээрээ байгаа нь аюулын харанга цохиж буй юм.

 

 

Авлигачид хэрэг бишидвэл хэзээ мөдгүй гадагшаа гараад зугтахад бэлэн болсныг авлигын мөнгийг хэрхэн хадгалж буй үзүүлэлт гэрчилнэ. Авлигаар олсон хөрөнгөө гадаадын оффшор банк, санхүүгийн байгууллага болон гадаадын банкинд хадгалах, гадаадад орон сууц, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, дотоодод орон сууц, барилга байгууламж бариулах замаар зарцуулах үзүүлэлтийн түвшин харьцангуй өндөр байгаа аж. Харин дотоодын банкинд хадгалуулдаг гэнэн авлигач өнөөдөр байхаа больжээ.

 

Улс төрийн авлигаар олсон хөрөнгийн зарцуулалтын үнэлгээ
Улс төрийн авлигаар олсон хөрөнгийн зарцуулалтын үнэлгээ

 

Төсөөллийн судалгаа юун МАНАН, түүнээс илүү аюул хэзээний хаалга тогшоод эхэлсэн гэдгийг харуулж байна.

 

Эх сурвалж: NEWS.MN