Долдугаар сар эхлэхтэй зэрэгцээд ам.долларын ханш эрчимтэй өсөв. Энэ өдрүүдэд ам.долларын албан ханш эдийн засгийн түүхэн дэх хамгийн дээд цэгтээ хүрээд байна. Одоогоос нэг сарын өмнө буюу зургадугаар сарын 22-ны өдөр нэг ам.доллар 1965 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдрийг хүртэл хоногт дунджаар 10 төгрөгөөр үргэлжлэн өссөөр 2082 төгрөгт хүрэв.
Ам.долларын ханш өсөхтэй зэрэгцэн Монголбанк валютын нийлүүлэлтийг тогтмол хийж эхэлсэн боловч одоог хүртэл ханш тогтворжоогүй хэвээр байна. Хамгийн сүүлд буюу өнгөрөгч пүрэв гаригт Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкуудад 2071 төгрөг 51 мөнгөний ханшаар 28.2 сая америк долларын нийлүүлэлт хийсэн бол 37.5 юанийг 311.5 төгрөгийн ханшаар нийлүүлжээ. Энэхүү дүнг долоо хоногийн эхэнд нээгдсэн дуудлага худалдаатай харьцуулбал ам.долларын нийлүүлэлт өссөн үзүүлэлттэй байгаа ба спот арилжаагаар нийтдээ 14 сая ам.доллар, 32 сая юанийг валютын зах зээлд нийлүүлээд байна.
Сүүлийн нэг сарын дотор ам.доллараас гадна бусад улс орнуудын валют бүгд төгрөгийн эсрэг чангарсан үзүүлэлттэй байгаа аж. Тухайлбал, юань 1.5 төгрөгөөр хагас хувийн өсөлттэй байгаа бол иен 26 мөнгө, евро 2293 төгрөгтэй тэнцэж байна. Голлох валютууд дундаас хамгийн бага өсөлт үзүүлсэн нь ОХУ-ын рубль байгаа ба 11 мөнгөөр нэмэгджээ.
Ийнхүү гадаад валютын ханш төгрөгийн эсрэг чангарах болж, Төв банкнаас ханш тогтворжуулах арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлж байгаа хэдий ч ам.долларын ханш уяанаас алдуураад нэг сарын нүүр үзээд байна.
Валютын ханшийн өсөлт нь зөвхөн Төв банкны шийдвэрлэх асуудал биш бөгөөд хуулиараа үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй Засгийн газраас санхүүгийн тогтвортой байдлын урт, дунд, богино хугацааны төлөвлөгөө хэрэгжүүлэхийг бизнес эрхлэгчид шаардаж эхэллээ. Учир нь томоохон бизнес эрхлэгчдээс эхлээд жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд ам.долларын ханш ихээхэн нөлөөлж байна.
Цаашлаад долларын зээлтэй иргэд болон энгийн иргэдийн үйлчилгээ худалдан авалтад маш их дарамт ирж байгааг хумигдаж буй бизнесийн орчноос харахад хангалттай. 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялсан гэх улс төрийн намууд шинэ засгийн газраа бүрдүүлэхээр ханцуйндаа тохироо хийж сайдын суудлынхаа “ханш”-аа хэлэлцэж суух хойгуур манай улсын эдийн засгийн голлох валют ноён ногооны үнэ хэдийн алдуурч одлоо. Тиймээс улс орныхоо эдийн засгийн хүндэрч буй байдалд анхаарлаа хандуулж, валютын ханшийг төсвийн зорилтот хэмжээнд хүргэхийн тулд ам.долларын ханшийг дор хаяж 20 хувиар сулруулах ажлыг түргэвчлэн хийж эхлэх шаардлагатай байна.
“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ
Монгол Улс АИ-92 шатахууны 11 хоногийн нөөцтэй байна
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр гурван хүн хэвтэн эмчлүүлж байна
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-65 см нэмэгдсэн байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд
Н.Учрал: Бүсийн чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцална