Хурдан явбал торгоно, удаан явбал бас торгоно, зогсвол ачина гээд товчхондоо, нийслэлийн замын хөдөлгөөний дүрэм энэ. Замын хөдөлгөөний ачааллыг багасгах болон жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх тал дээр янз янзын л шийдэл, гаргалгаа хийж байна.
Тухайлбал, нийслэлчүүдийг автомашины дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцуулдаг болоод нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Энэхүү зохицуулалт мөрдөгдөж эхэлсэн тэр үеэс эхлээд л жолооч нарын амнаас сайхан үг гараагүй. Тэгвэл үүн дээр нэмээд дахин шинэ хууль батлагдлаа. Тодруулбал, УИХ-аас 2015 оны долдугаар сарын 8-нд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-ийг шинэчлэн батлаж уг хуулийн 8.3 дахь хэсгийн заалтыг үндэслэн Хуульзүйн сайдын 2015 оны наймдугаар сарын 28-ны А/87 тушаалаар “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг баталсан. Энэхүү журмыг угтаа өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр заасан байсан боловч оноо тооцох техник, технологи, программ хангамж зэргийг тооцох боломжгүйн улмаас энэ оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.
Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох нь зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж, учрах хохирлыг багасгах, жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцуулахад чиглэх болохыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд дурджээ. Ингэснээр замын хөдөлгөөний дүрэм зөрчих явдал багасч, улмаар автын осол, аваарын тоо тодорхой хэмжээгээр буурна хэмээн албаныхан үзэж байгаа юм.
Өнгөрсөн 2015 оны байдлаар л гэхэд 556 хүн автын ослоор амиа алдсаныг Замын цагдаагийн газраас мэдээлсэн. Албаныхны мэдээлж байгаагаар, Монгол улсад зам тээврийн ослоор өдөрт 1-2, сард 40-50 хүн, жилд 600 гаруй иргэн амь насаа алддаг гэсэн тооцоо гарчээ.

Үүнээс харвал, замын хөдөлгөөний аюулгүй байдалд зохицуулалт хийх цаг нь нэгэнт ирсэн гэдгийг сануулж байгаа юм. Мөрдөгдөж эхэлж буй дээрх шинэ хуульд олон нийт тал бүрийн байр сууринаас хандаж байгаа нь тодорхой. Долоо хоногийн нэг өдөр нь автомашиныхаа дугаарын сүүлийн орноос хамаарч хөдөлгөөнд оролцох эрхээ хязгаарлуулахын зэрэгцээ дээр нь нэмээд 10 онооноос хасуулах болсон нь тэдэнд тийм ч таатай хууль биш нь лавтай. Ажилгүй иргэд олширсон энэ нийгэмд таксинд явж хоногийн хоол, түлээ нүүрснээс эхлээд ар гэрээ тэжээж байгаа хүмүүс олон. Эдгээр хүмүүсийн хувьд зөрчлийн 10 оноо гэдэг 14 хоногт хичээвэл хоёр сарын дотор л дуусна гэж үзэж болно.
Ямар ч зүйл сайнтай муутай байдгийн адил энэхүү шинэ хуулинд ч сайн болон муу зүйлс олон байна. Тухайлбал нийслэлийн маань замын түгжрэл, гэрлэн дохио, уулзварууд зэрэг гадаад орчин нөхцөл байдал нь ямар билээ гэдгийг хэн хүнгүй мэднэ. Ийм орчин нөхцөлд жолоочийн зүгээс бус бусад хүчин зүйлээс хамааралтай замын хөдөлгөөний зөрчил гарах нь элбэг.
Өөрөөр хэлбэл “Саалиа бэлдээгүй атлаа саваа бэлдсэнтэй” л агаар нэг журам болсон гэж жолооч нар хэлж байгаа юм. Хэрэв замын түгжрэл багатай,, гол болон туслах замууд нь дээд зэргээр хөгжсөн улс оронд энэ төрлийн хууль батлагдвал хэн ч эсэргүүцэх учиргүй. Харин манайд байдал үүнээс өөр. Жолооч нарын өөрийн авхаалж самбаа, толгой, ухаан хоёроо зэрэг ажиллуулж байж л түгжрэлтэй зам, төвөгтэй уулзваруудыг туулж байна.
Түүнээс гадна, замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэчилсэн хуульд бичиг баримтгүй жолоо баривал 48 мянган төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.
Өөрөөр хэлбэл, жолооны үнэмлэхээ орхисон хүнийг 48,000 төгрөгөөр торгож байна. Угтаа бидний татварын 1,8 тэрбум төгрөгөөр сүлжээний холболттой цахим төхөөрөмж авч, нийслэлийн 400 цагдаад өгсөн. Уг төхөөрөмжид иргэний үнэмлэх, хурууны хээ, жолооны үнэмлэхийн аль нэгийг уншуулж, жолоочийн тухай шаардлагатай мэдээлэлд нэвтэрдэг. Жолооны үнэмлэхээ орхисон байвал жолооны үнэмлэхтэй эсэх, эрх нь хасагдсан эсэх зэргийг харж болно. Энэ бол зөвхөн торгууль төлүүлэх төхөөрөмж биш, жолооны үнэмлэхийг шалгах төхөөрөмж юм. Гэтэл жолооны үнэмлэхээ орхисон жолоочийг 48,000 төгрөгөөр торгож байна. Энэ бол зориуд иргэдийнхээ халаасыг суйлсан үйлдэл биш гэж үү?
Эх сурвалж:Breakingnews.mn
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна