УИХ-ын сонгуулийн 33-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатарын менежер Бадарч овогтой Бат-Эрдэнэ сонгуулийн өдөр мөнгө тарааж, Увс аймгийн Түргэн сумын Рашаант багт санал өгүүлэхийн тулд иргэн Чулуунбаатарын гэр бүлд тус бүр 50.000 төгрөг өгч, битүү автомашинаар нэг талдаа 150 км газар 30 хүний хамт тээвэрлэснээс болж 26-хан хоногтой нярай хүү Ч.Бум-Эрдэнэ амьсгал, зүрх судасны дутагдалд орж, амь эрсэдсэн талаар харамсалтай мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн олон нийтийн сувгаар эрчимтэй тархав. Улмаар тус аймгийн Ардчилсан намын байранд иргэд цуглан эсэргүүцлээ илэрхийлж, Ч.Хүрэлбаатарыг татуулахаар Ерөнхийлөгчид хандсан гарын үсэг цуглуулж эхэлсэн билээ. Мөн Увс аймгийн иргэд талийгаач хүүд зориулан зул өргөх ёслолыг Увс аймгийн Улаангом хотын төвд зохион байгуулсан байна.
С.ОТГОНТУЯА: ЖИПЭЭР АВЧ ЯВНА ГЭЖ ХУУРААД МИКРОНД СУУЛГАСАН
Тухайн үед юу болсон талаар үнэн, бодит мэдээллийг тодруулахаар талийгаач хүүгийн аав ээжтэй холбогдохыг хичээсэн ч цагдаа сэргийлэх болон хүүгийн ажил явдал гээд хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөх ямар ч боломжгүй байна гэх хариултыг эх сурвалжууд өгч байв. Хэрэг явдал болох үед орон нутгийн хэвлэлд хүүгийн ээжийн ярьсан яриаг доор сийрүүлье.

-Тухайн өдөр юу болсон юм бэ?
-Намайг С.Отгонтуяа гэдэг. Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн иргэн. Өнгөрсөн зургадугаар сарын 3-ны өдөр амаржиж хүүтэй болсон. Гэтэл тэр гайтай УИХ-ын сонгуулийн санал хураах өдөр нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарын ухуулагч Б.Бат-Эрдэнэ гэгч залуу манайд өглөө эрт ирсэн. Манай нөхөр бид хоёрт 50, 50 мянган төгрөг өгөөд, одоо явж Ч.Хүрэлбаатарын төлөө саналаа өг гэсэн. Нялх хүүхэдтэй явж чадахгүй, үдээс хойш өөрсдөө яваад саналаа өгчихнө гэхэд одоо бид жип машинтэй явж байна. Хамт явчих гэхээр нь тухтай юм болов уу гэж бодоод машинд нь суусан. Гэтэл манай гэрээс зам руу оруутаа бид гурвыг нэлээд олон хүнтэй микро автобусанд шилжүүлж суулгасан. Ингэхдээ микро автобус жипнээс тухтай гэж хэлсэн.
-Хүүгийн тань бие хэдийнээс муудаж эхэлсэн бэ?
-Түргэн сум руу очиж саналаа өгөөд буцах замд хүүгийн маань царай хөхрөөд, нэг л сонин болчихсон. Ингээд гэртээ ирээд эмнэлэг дуудсан. Манайх аймгийн төвөөс хол, сумын төвөөсөө гэхэд 130 км зайтай. Түргэний машин ирээд хүүг авч яваад, шууд Эрчимт эмчилгээний тасагт эмчилж эхэлсэн ч амьсгал нь жигдрэхгүй байсаар гурав хоногийн дараа буюу энэ сарын 1-ний 19 цагийн орчимд нас барчихлаа. Хүүг маань задлан шинжилгээнд оруулахад эмч нар урьдчилсан байдлаар “Амьсгалын замын цочмог дутагдлаас болж нас барсан” гэж үзсэн. Бид хоёрын гурав дахь хүүхэд байсан юм. Үнэхээр хэцүү байна. Бид хоёр Увс аймгийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.
“ХУДАЛ МЭДЭЭЛЭЛД ТАЙЛБАР ХИЙХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ”
Энэ асуудал яригдаж эхэлснээс хойш Увс аймгийн МАН, УИХ-ын сонгуулийн 33-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар болон түүний туслах, мөнгө тараасан гэх Б.Бат-Эрдэнэ нарын зүгээс ямар ч тайлбар мэдээлэл хийгээгүй өдийг хүрсэн юм. Тиймээс бид тэнцвэртэй мэдээлэл хүргэх үүднээс Б.Бат-Эрдэнэтэй холбоо барихыг оролдсон ч холбогдож чадсангүй. Иймд Увс аймгийн МАН-ын штабтай утсаар холбогдож тодрууллаа.
-Ч.Хүрэлбаатар гишүүний туслах Б.Бат-Эрдэнэ мөнгө тарааж, иргэдийн саналыг худалдаж авах гэсний харгайгаар нярай хүүхэд амьсгалын дутагдалд орж амиа алдлаа гэх мэдээлэлд танай намын зүгээс ямар тайлбар хийх вэ?
-Худал мэдээлэлд тайлбар хийх шаардлага байхгүй. Энэ бол ор үндэслэлгүй мэдээлэл. Манай намын зүгээс мөнгө тарааж, хүмүүсийг хүчээр сонгууль өгүүлэхээр микронд суулгаж авчирсан зүйл байхгүй. Энэ бол зохион байгуулалттай гүтгэлэг.
-Тэгэхээр талийгаач хүүгийн ээж, аав худлаа яриад яваа хэрэг үү. Та бүхэн уулзсан уу?
-Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Зохих хүмүүс нь уулзаж байгаа байх. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй.
-Танай намын зүгээс албан ёсоор тайлбар мэдээлэл хийхгүй юу?
-Ч.Хүрэлбаатар гишүүний штабаас мэдээлэл хийх байлгүй дээ.
Эх сурвалж: MEdee.mn
Туул гол дээгүүрх Зайсангийн баруун талын гүүрний хучилт хийнэ
Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км урт авто зам ашиглалтад орлоо
“Үхэр, тугал зарна” гэх зарын дагуу холбогдож, 10 сая төгрөг залилуулжээ
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж, гэмтээжээ
Орон нутгийн замын хураамжийг ₮10,000 болгосныг ЦУЦЛАХ өргөдөл санаачилжээ
5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан, 16.9 тэрбум төгрөгийн ажлыг хууль бусаар давуу байдал олгосон гэх Т.Даваадалайгийн хэргийг прокурорт шилжүүлжээ
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь