Э.Бат-Үүл: Би гурван зүйлд л санаа зовж байна


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл сонгуулийн үр дүнтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр:

 

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд АН 11 суудал, МАН 34 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулжээ. Нийслэлийнхээ нийт иргэдэд тэр дундаа энэ сонгуулиар биднийг дэмжсэн иргэддээ талархлаа илэрхийлье. Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн их бүтээн байгуулалтыг дэмжиж ажилласан та бүхэндээ талархал илэрхийлье. Ямар ч байсан өнгөрсөн дөрвөн жилд нийслэл маань эрс өөрчлөгдсөн. Нийслэлийн иргэдэд итгэл найдвар төрсөн гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Цаашдаа нийслэлийн их бүтээн байгуулалтыг шахаж, шаардаж ажиллана. 

 

Үнэндээ нийслэлийн Ардчилсан намын хувьд энэ удаагийн сонгууль том цунами боллоо. Сонгуулийн дүн гарсны дараа мэргэн, түргэн хүн их олширдог. Нийслэлийн бүтээн байгуулалтыг харлуулсанд би эмзэглэж байгаа. Утга учиргүйгээр гүжирдэн дайрч, муучлах замаар сонгуульд ялж болдог гэдгийг энэ сонгууль харууллаа. Энэ байдал Монголын улс төрд муу жишиг болох вий. Цүнами гэдэг ямар аймшигтай гамшиг вэ гэдгийг та бүхэн мэднэ.

 

Улс нийслэлийг мафийн бүлэглэлийн аргаар удирдах байдал дахиж битгий давтагдаасай. Миний хувьд 3 зүйлд санаа зовж байна. Бидний эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт, сайн хашаа хөтөлбөр зогсох вий. Хоёрдугаарт, бид төрийн үйлчилгээний супер маркетийг эхлүүлсэн. Үүнийг орхигдуулж болохгүй. Шинэ Засаг дарга үүнийг тууштай үргэлжлүүлнэ гэж найдъя. Гуравдугаарт, бидний эхлүүлсэн “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр. Битгий зогсоогоосой гэж хүсч байна.

 

Би нийслэлийн Ардчилсан намын даргын хувьд хариуцлагаа хүлээж, намын даргаа хүлээлгэж өгөх болно гэлээ.

 

Эх сурвалж: Time.mn