Долоон сарын 1-ний шинэ өнгө


Мягмар гаригийн орой Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр улсын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр зуун хувь  Монголынх  болж байгааг сэтгүүлчдэд дуулгав. Сонгуулийн сурталчилгаа дуусч,  нам гүмд шилжсэн өчигдрийн хувьд монголчуудын төдийгүй дэлхийн анхаарлын төвд байсан гол сенсааци мэдээ бол энэ байлаа. Энэ мэдээг ОХУ-ын Интерфакс мэдээллийн агентлаг мөн өчигдөр зарлажээ.

 

“Эрдэнэт” үйлдвэр бол Монголын улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлж ирсэн.  Жил жилийн шилдэг татвар төлөгчдийг магнайлдаг үйлдвэр. Тус үйлдвэрийн 51 хувийг Монголын Засгийн газар, 49 хувийг  ОХУ-ын Ростех корпораци эзэмшиж ирсэн. ОХУ-ын Ростехтэй хийсэн хэлцлийн  үр дүнд Монгол Улс цаашид Эрдэнэтийн 51 хувиа эзэмшиж, Монголын компани  49 хувийг нь эзэмших болж байгааг Ерөнхий сайдын мэдээллээс харж байна.

 

Долдугаар сарын 1. Түүхэнд хараар тэмдэглэгдсэн үлдсэн энэ өдрийг баяртай мэдээгээр “угааж”,  улсын “саалийн ганц үнээ"-гээ авч хоцорсны баяр бол зөвхөн Эрдэнэт үйлдвэрийнхэнд ч биш монголчуудад бүгдэд нь хамаатай.

 

Учир нь  Монголын баялаг Монголдоо, Монголын мөнгө бас Монголдоо үлдэж байгаа болохоор тэр юм.

 

Цэвэр эдийн засгийн агуулгатай эл мэдээг сошиалаар улстөржүүлэх хандлага ч давамгайлав. Нөхцөл байдалд сонгуультай давхцсан болохоос манай жижиг эдийн засагт дэмжлэг үзүүлэх, гадаад зах зээлд зөв мессеж болох, хөрөнгө оруулалтыг татах чухал үйл явдал билээ.  Уг үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкийг төлөөлж “Монголын зэс” компани эзэмшихээр болсон. Ингэснээр Эрдэнэт үйлдвэр олон улсын гэрээ хэлэлцээрээр  зохицуулагдддаг хамтарсан үйлдвэрийн статустай байсан бол одоо манай улсын Компанийн тухай хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагддаг үндэсний аж ахуйн нэгж болно гэдгийг Засгийн газрын хэвлэлийн мэдээлэлд дурджээ.  

 

Үнэхээр ч өмнө “Эрдэнэт”-ийн ашгийг бид 51-ийг нь Монголдоо авч, үлдсэн 49 хувийн ногдол ашгийг ОХУ-ын Ростех компанид өгдөг байлаа. Тэгвэл зуун хувь Монголынх болсон нөхцөлд бид тус үйлдвэрт гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж нээгдэж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Эрдэнэи үйлдвэрийн дарга цэргийг солих, өөрчлөх, хөрөнгө оруулалтыг татахас оросуудаас асуух хэрэггүй болно. 

 

Эрдэнэт үйлдвэрийг дагасан нийгмийн бүх байгууламж Монгол Улсын мэдэлд шилжиж ирэх гэнэ. Тэрчлэн Монросцветмет хамтарсан үйлдвэр мөн ижил зарчмаар Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгж болж байгааг Ерөнхий сайд мэдээлэлдээ онцолсон билээ.

 

Хэрэв Монголын компани өөрийнхөө 49 хувийг зарах тохиолдолд зөвхөн Монгол Улсын Засгийн газарт эхний ээлжинд зарна. Энэ хэлэлцээ дуусах үед  Монгол Улсын Засгийн газар энэ тухай асуудлыг УИХ-д танилцуулахаар төлөвлж байгаа юм байна.  “Эрдэнэт” бол Монголын үндэсний үйлдвэрүүдийн манлай нь. Тиймээс Ерөнхий сайдын мэдэгдлийг  “Эрдэнэт” үйлдвэрийнхэн баяртайгаар хүлээн авч байна. Тус үйлдвэр энэ том баяраа тэмдэглэхээр бэлтгэл ажилдаа хэдийнэ оржээ. Тэд нөгөөдөр буюу долдугаар сарын 1-нд “Эрдэнэт” үйлдвэр монголчуудын мэдэлд 100 хувь шилжсэн баяраа тэмдэглэхээр төлөвлөж байгаа гэнэ.

 

Долдугаар сарын 1. Түүхэнд хараар тэмдэглэгдсэн үлдсэн энэ өдрийг сайхан мэдээгээр “угааж”,  улсын “саалийн ганц үнээ"-гээ авч хоцорсны баяр бол зөвхөн Эрдэнэт үйлдвэрийнхэнд ч биш монголчуудад бүгдэд нь хамаатай.

 

Учир нь  Монголын баялаг Монголдоо, Монголын мөнгө бас Монголдоо үлдэж байгаа болохоор тэр юм.