Манай сонин 20 жилийнхээ ойг угтан, өнгөрснийг гэрчилж, ирээдүйг тольдсон “Өнөөдөр”-ийн алтан сан хөмрөгөө уншигч танд дэлгэж буй. Энэ удаа С.Дэмбэрэл МҮХАҮТ-ын дарга байхдаа 2001 онд манай сонинд өгсөн ярилцлагыг онцолж байна.
Уг ярилцлагаас манай бизнес эрхлэгчдийн “гал тогоо” болсон МҮХАҮТ-ын үйл ажиллагаа дөнгөж сэргэж байх үеийн нөхцөл байдал, дарга нь хэтийн төлөвөө хэрхэн тодорхойлж байсныг харж болно. Мөн тэрбээр “Хэзээ ч намд элсэхгүй, эдийн засагчаараа л үлдэнэ” хэмээсэн байх юм.
Монголын урдаа барих эдийн засагч, аж ахуй эрхлэгчдийн жаргал, зовлонг анддаггүй энэ эрхэм өдгөө УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга.
УИХ-ын чуулганы хуралдаанаас хоцорсон шалтгааныг нь тодруулсан сэтгүүлч бүсгүйд “Би угаасаа хоцордог юм. Хоцрох ёсгүй ч хоцордог юм” хэмээн хэнэггүйхэн хэлснийхээ төлөө олон нийтээс багагүй шүүмжлэл хүртсэн түүнтэй хоёрхон хоногийн өмнө уулзаж, ярилцахдаа С.Дэмбэрэл гэж хүнийг цаг барьдаггүй сул талаас нь эхэлж бага боловч сонжихыг хичээлээ.
Ингэхдээ 15 жилийн өмнө хэлснээсээ буцаж, улс төрийн нам удирдахад хүргэсэн шалтгааныг нь ч асуулаа. Үүнд тэрбээр “Юуны түрүүнд, “Улс төрийг чи оролдохгүй бол улс төр чамаар оролдоно” гэдэг.
Хоёрдугаарт, МҮХАҮТ-ын дарга байхдаа төр, засаг руу байнга янз бүрийн санал явуулдаг байсан ч ихэнх нь олигтой шийдэгдэлгүй, усанд хаясан чулуу шиг алга болчихдог. Тиймээс улс төрийн намд орж бодож санаснаа хэрэгжүүлэх шаардлагатай юм байна гэж үзсэн.
Гуравдугаарт, Засгийн газрын оролцоо, хүнд суртал асар их нэмэгдэж ирсэн тул бизнес эрхлэх орчныг сайжруулах шаардлага байнга тулгарч байв. Энэ ч утгаараа улс төрийн нам сонгосон нь либерал үзэл баримтлалтай ИЗНН байсан” хэмээн хариулсан юм.
Б.НОМИН
2001 оны зургадугаар сарын 27. Лхагва 150 (1305)
МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл 11 хүүхэдтэй айлын яг дундах нь. Багадаа сахилгагүй онц сурлагатан байв. Тэрбээр өөрийгөө стандартын бус онц сурлагатан байсан гэж дүгнэсэн. Тоо, уран зохиол, хэлний хичээлдээ илүү сайн, харин солгой учраас шугам зурагт жаахан тиймхэн байсан гэнэ.
Тодорхой нэг хайрцаганд баригдахыг хүсдэггүй, эрх чөлөөг эрхэмлэдэг, номын амтанд орсон хүүхэд байжээ. Арван жилийн 33 дугаар дунд сургуулийг төгсөөд МУИС-ийн Эдийн засгийн ангид орсон. Эдийн засагч мэргэжил эззмшсэн шинэ залуу боловсон хүчин эхлээд ШУА-д ажилласан.
Дараа нь “Комплекс импорт” нэгдэлд зээл тусламж хариуцсан нягтлан бодогчоор оржээ. Харин нэг л өдөр гэнэт явмаар санагдаад Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан хийх болсон байна. 1990-ээд оноос Зах зээл судлалын хүрээлэнгийн захирлаар, 1997 оноос МҮХАҮТ-ын даргын алба хашиж байгаа.
Тэрбээр АНУ, Япон, Австрали зэрэг улсад эдийн засаг, олон улсын худалдааны чиглэлээр олон дамжаа дүүргэсэн. Энэ тухай тоочвол бүтэн хоёр хуудас болох гэнэ. Түүний аав Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Самбуу гуай. Тэрбээр ааваараа ихэд бахархана.
ААВЫГ МИНЬ ӨӨД БОЛОХОД ХОТЫН БҮХ МАШИН ЗОГСОН, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛСЭН
-Таны аавыг ялангуяа жолооч нар анддаггүй юм билээ. Их хөдөлмөрч хүн байсан гэдэг. Аавын тань тухай дурсамжаас яриагаа эхлэх үү?
-Миний аавыг монхор Самбуу гэдэг байлаа. Аавыг маань нас барахад Улаанбаатар хотын бүх машин зогсож, гэрлээ асаан, сигнаалдаж хүндэтгэл үзүүлсэн. Нэг машиныг их засваргүйгээр 30-40 жил барьсан. Дэлхийг 22 удаа тойрсонтой тэнцэх зам туулсан тэр машины тоормос нь хутга шиг болчихсон байдаг. Аав маань шударга, зарчимч, их хөдөлмөрч, сайхан хүн байв.
Хүүхдүүдээ ч тэгж хүмүүжүүлж өсгөсөн. Олон эрэгтэй хүүхдүүдтэй мөртлөө нэгийг нь л жолооч болгож, мэргэжлээ өвлүүлсэн. Бусдыг нь номын мөр хөөлгөж, төрөл бүрийн мэргэжил эзэмшүүлсэн дээ. Өөрийн гэсэн бодлоготой байсан юм шиг байгаа юм. Биднийг хааяа машиндаа суулгаад явдаг ч юманд нь ерөөсөө ойртуулдаггүй, техник оролдуулдаггүй байсан.
Хэрвээ тийм биш байсан бол аавыгаа дууриаж, багаасаа машин техник сонирхсоор жолооч болох байсан ч юм бил үү. Миний аав ийм л ухаантай хүн байсан. Хэлдэг үг нь “Эрдэм номоо сайн үз”. Эр хүн шиг зодолдоод явахыг унжийж сууснаас дээр гэж үздэг, хийморьтой явахыг туйлаас эрхэмлэнэ.
Асар цэвэрч, нямбай, ёстой зовхи нь өөдөө хүн байж дээ, аав минь. Биднийг ч энэ зарчмаараа өсгөсөн. Санаанаас гардаггүй сайхан дурсамж олон бий. Жолооч нар хөдөө их явна. Өндөр цалин ч авдаг. Тэгээд цалингаа буухаар аав чихэр, жимсийг хайрцаг хайрцгаар нь авчирна. Бид ч булаацалдаад л. Ер нь аав маань юмыг бөөндөж авах дуртай. Жижиглэнгээр авна гэсэн ойлголт байхгүй. Харин ээж бол жижиглэнгийн талын хүн.
-Тэгвэл та аав, ээж хоёрынхоо хэнийг нь дууриасан бэ?
-Ер нь бөөндөх талдаа. Юмыг олноор бөөндөж авах их дуртай даа. Ийм болоод ч тэр үү, манай эхнэр намайг дэлгүүр явуулах дургүй. Аав маань бас жинхэнэ Архангайн гурилтай шөл их сайхан хийнэ. Өөр хоол хийж чадахгүй. Мөн бүхэл маханд дуртайг нь би бас өвлөчихсөн байна лээ.
-Архангайн гурилтай шөл гэхлээр?
-Аав маань Архангайн хүн. Энэ хоол яаж хийдэг вэ гэвэл махаа зүссэн юм шиг далбагар томхон хэрчинэ. Харин гурил нь хатуу бөгөөд цаас шиг нимгэн байх ёстой. Тэгээд үхэр эсвэл хонины махны буцалж буй бор шөлөн дээрээ гурилаа тасалж хийгээд нэг буцалгаад л болно. Энэ хоолоо надад их хийж өгдөг сөн.
-Таны удирддаг Нам бусчуудын холбоо өнөөдөр юу хийж байна вэ. Төр, засгийн шийдвэр гаргах түвшинд танай холбоо хэрхэн нөлөөлдөг вэ. Өнөөдрийн байдлаар хэдэн гишүүнтэй болж байна?
-Хувь хүнийхээ хувьд улс төрөөс жаахан залхаж байна. Бүгд л намчирхаж улстөрждөг. Ийм нийгэмд нам бус гэсэн хамгийн эрүүл зүйл хийх гэж оролдоод л байна. Тэр бүр санаснаар явахгүй байна. Яагаад гэвэл нийгэм маань хүлээж авахгүй байна.
Намын дарга нар нь ч буруу яриад байх юм. Иргэд засаг, төр солигдохоор айдаг боллоо. Энэ сэтгэхүй нь “Байгаа дээрээ хурдан идээд авъя” гэсэн буруу зүйл бодоход хүргэж байна. Гэр бүл дотор ч намчирхах үзэл бий боллоо.
Тэгвэл дэлхийн хаана ч ийм систем байхгүй. Манайх л улс төрийн шилжилтийн үедээ нам төвтэй төр бий болгочих гээд байна. Иймээс Нам бусчуудын холбоо анх нам төвтэй төрөөс иргэн төвтэй төрийн төлөө гарч ирсэн. Манай холбоо 1000- аад гишүүнтэй.
ШИЛЖИЛТИЙН ҮЕ ХЭДНИЙ ӨДРИЙН ХЭДЭН ЦАГТ ДУУСЧИХСАН БЭ?
-Өнөөдөр хүмүүс намд элсэж, тодорхой албан тушаалд хүрдэг болсон нь нууц биш. Танд ийм бодол төрдөггүй юм уу?
-Хэзээ ч намд элсэхгүй. Нийгмийн ийм эрүүл бус системтэй үед намд элсэх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Эдийн засагч хүн бол ямар ч намд харьяалагдалгүйгээр жинхэнэ эдийн засагчаараа байх ёстой. Судалгааны ажлаа хийгээд эдийн засгийн талаарх мэдлэгээ ямар ч үед хэлдэг, түгээдэг, бичдэг хүн л байх ёстой.
-Эдийн засагч хүний хувьд манай улсын эдийн засгийн дүр төрх ямар байна вэ. Өнөөгийн Засгийн газрын бодлогын талаар юу хэлэх вэ?
-Өнөөдөр нийтийн анхаарлыг хандуулах нэг асуулт байна. Монгол Улсын шилжилтийн үе дууссан уу? Энэ асуултын хариуг эдийн засагчид тодорхойлоод гаргаж ирэх хэрэгтэй. Шилжилт хийгээд арван жил боллоо. Одоо 11 дэх жилдээ орж байна.
Тэгэхлээр шилжилтийн үе дууссан уу, дуусаагүй бол яагаад, ямар шатандаа явж байгааг тодорхойлох нь хамгийн түрүүнд шийдвэрлэх гол чухал асуудал байгаа юм. Эдийн засагчидтайгаа хамтарч байгаад төр, засаг энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Үүний дараа нэг төрх гарч ирнээ дээ.
“ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН” БИЛЛИАРД ТОГЛОХ ДУРТАЙ
Худалдаа аж үйлдвэрийн танхимын гэж нэрлэж заншсан 12 давхар барилгын зургадугаар давхарт С.Дэмбэрэл даргын өрөө бий. Түүний өрөө энгийн мөртлөө сайн ажиглавал маш их юмтай. Өрөөнийхөө дизайныг өөрөө гаргасан гэнэ.
Албан тасалгааных нь голын хананд МҮХАҮТ-ын бэлэгдлийг илэрхийлсэн хөх өнгийн хивс өлгөөстэй. За тэгээд ажлын ширээ, хажуухан талд нь том, жижиг буйдангууд байгаа. Тэрбээр ажлынхаа ширээний ард суухаасаа илүү буйдан дээрээ сууж ажлаа хийх дуртай гэсэн. Гурван хүүхдийнхээ зургийг ханандаа өлгөсөн харагдана.
Том хүү нь аавынхаа мэргэжлийг өвлөхөөр энэ жил оюутан болсон юм байна. Эхнэр Эрдэнэбилэг нь нябо мэргэжилтэй. Нэгэнтээ өөрийгөө “дотоодын нийт бүтээгдэхүүн” гэж нэрлэсэн С.Дэмбэрэл англи, орос хэл чадварлаг эзэмшсэн.
Үүний нууц нь судалгаа шинжилгээ хийх зэргээр англи хэл дээр эдийн засгийн чиглэлийн ном их уншдаг байсных гэх. Тэрбээр чөлөөт цагаараа шатар, биллиард тоглох дуртай.
Д.БЭХБАЯР
Эх сурвалж:demberels.parliament.mn
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа