СОНГУУЛЬ ЧАМД БАЯРЛАЛАА... НАДАД АСУУХ АСУУЛТ ИХ БАЙНА...


Өнөөдөр 2016 оны 6-р сарын 25. Монголд дөрвөн жилд ганц тохиох, улс эх орны ирээдүйн хөгжлийг тодорхойлох сонгууль 2016 болоход тун ойртжээ. Сүүлийн хэдэн сар сонгуулийн уур амьсгал халуун өрнөсөн цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч, нэг мэдэхэд сонгууль өгч, эрхээ эдлэх болсон байна.

 

Сонгох , Сонгогдох эрх ойртож ирсэн болоод ч тэр үү, нохойн битүү хоншоор, ногоон хурганы арьснаас бусдыг үзэж харлаа. Дотроо дэмжиж явсан улс төрчдөөс минь хүртэл байж боломгүй үйлдэл гарч байгааг хараад “Хүнийг албан тушаалын төлөө “нүдээ өгөхөөс” ч буцахгүй болгосон сонгууль ямар агуу юм бэ?” гэх бодол төрсөн юм. Ард түмний хайртай хүү О.Магнай хүртэл сандал суудлын төлөө санаанд оромгүй үйлдэл хийж буйг бодитоор үзлээ. “О.Магнай сайн хүн. О.Магнай өөрийнх нь төлөө үхэн хатан зүтгэж явсан нөхдөө шоронд хаях хүн биш” гэж хэлэх хүн цөөнгүй. Үнэндээ жүжигчин Б.Амараа ганцаараа биш, бид ч бас улс төрчдөд итгэхгүй болтлоо хууртсан гэдгээ өнгөрсөн хугацаанд сайн ойлгосон билээ.

 

Яг үнэндээ Улс орны эдийн засгийг доройтуулж, хямралд нөлөөлж байгаа нэг хүчин зүйл бол сонгууль гэвэл буруудахгүй байх .Бүх зүйл сонгуулиас хараат болчихож. Хоёр их дээд сургууль төгссөн залуу ажилд орж чадахгүй “Хэн гарах бол? Хэн ялах бол? гэж битүүхэндээ дотроо ажил горьдож суугаа нь хэний буруу вэ ? Орон нутагт ажиллах боловсон хүч алга байна гээд их сургуулиа улаан дипломтой төгссөн найз маань салбарын сайд солигдох нэрээр халагдаад ажил хайгаад ирэх бас хэний буруу вэ? Нэг даргын цүнх барьж, далайсан газар далд орж, далласан газар ил гарч яваагүй нь тэдгээр  залуусын буруу юу? Хэнийг, хэдээр, хаана яаж ямар албан тушаалд оруулах вэ гэж албан тушаал наймаалцаж байгаа дарга нарын буруу юу ?

 

Тэд “АХИУЛАН ХИЙХ АЖИЛ их” гэх мэтээр өөрсдийгөө мандуулах юм. Талхаа таллаж, махаа граммлаж авч байгаа ард түмэн хувьцаа зарах сургаар арилжааны банкинд өдөр шөнөгүй оочирлож байна. Монгол ахан дүүс өнгөрсөн дөрвөн жил сайхан амьдарч, улс шиг хөгжсөн гэвэл худлаа. Сонгууль чи ямар агуу юм бэ. Сайн муу, үнэн зөвийг хэн бидэнд ялгаж өгөх юм. Сайрхах юм даанч алга. Сайныг нь сонгоосой... Ардчилал гэх алтан үгийг урдаа барьсан халаасандаа хар машинтай, Ардчилсан нам төр барих нь зөв үү ? Төрийн алба биш төрлийн алба болгосон Монгол Ардын нам төр барих нь зөв үү ?                                          

 

 Ард түмний хайр хүндэтгэлийг урдаа барьсан ухаангүй хэдэн урлаг спортынхон гарах нь зөв үү ?                      

 

Чансаа чадвартай нь биш чамин ганган үгтэй, хийдэг биш хэлдэг хэдэн бие даагч нар гарах нь зөв үү ?              

 

Би тэр нам сайн энэ нам сайн гэж хэлэхгүй Тэр хүнийг дэмжээч гэж бас хэлэхгүй Монголчууд бид тэнэг биш ухаантай ард түмэн. Хаана юу болоод хэн юу хийгээд байгааг харж байгаа. Ямартай ч Сонгууль болдогоороо болоод өнгөрнө.Эцэст нь ганц зүйл хэлхэд Сонголт тань мэргэн байх болтугай...

 

 

...Ардчилсан нийгэмд амьдарч төрлийн биш төрийн албанд чамин ганган үгтэй нь биш чадвартай нь ажиллаж хийж бүтээж арвин их хөгжлийн дагуулж  Ард түмний хүндэтгэлийг дааж амьдараасай...