СӨХ-НЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ҮНДСЭЭР НЬ ӨӨРЧИЛНӨ

Admin
Өчигдөр 23 цаг 30 минут

-СӨХ-ны дарга нь нэг удаагийн гүйлгээгээр 150 сая төгрөгийг бэлнээр зарлагадаж авчээ- Баянголчуудын сонголт нэгэнт тодорхой болжээ. Энэ удаа 2012 оны УИХ, НИТХ, ДИТХ-ын сонгуулийн нэгэн адил Баянголчууд “Шийдлийн баг”-аа багаар нь дэмжихээр шийдсэн гэдгээ илэрхийлсээр байна.

 

Уулзалт бүр эерэг, басхүү ажил хэрэгч байдлаар үргэлжилж байна. Энэ удаа “Шинэчлэлийн баг”-ийн гишүүд болох УИХ-ын 67 дугаар тойрогт нэр дэвшигч С.Одонтуяа НИТХ-д нэр дэвшигч Л Нарантуяа нар I, III хорооныхоо иргэдтэй уулзлаа. Дээрх хороодод “Алтай” хотхон болон “Нарны хороолол”-ын оршин суугчид амьдардаг. Тэд шинэхэн хороололд нь Өрхийн эмнэлэг барихаар болсонд таатай хандаж байгаагаа илэрхийлж байв.

 

Тэдэнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа бүр ч таатай мэдээ дуулгалаа. Саяхан батлагдсан УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилж, С.Одонтуяа гишүүний ажлын хэсгийг нь ахлаж ажилласан Эрүүл мэндийн даатгалын хуулиар Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдийн гэрт хүрч үйлчилдэг болсон. Энэ мэдээ иргэдийн сэтгэлд хүрсэн нь ойлгомжтой. Мөн СӨХ-ны асуудал хэрээс хэтрээд байгааг “Алтай хотхон” болон “Нарны хороолол”-ын оршин суугчид УИХ, НИТХ-ын гишүүдэд санууллаа. Тухайлбал, “Нарны хороолол”-ын оршин суугчид хэлэхдээ “СӨХ нь байгуулагдсан цагаасаа хойш нэг ч удаа иргэддээ тайлан тавьж байгаагүй. Санхүүгийн хувьд ямар ч хараа хяналтгүйгээр хөрөнгө мөнгөө захиран зарцуулдаг. Нэг удаагийн тохиолдлоор л гэхэд 150 сая хүртэлх төгрөгийг бэлнээр зарлагдаж авдаг. Энэ бол гэмт хэрэг. Энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна” гэсэн юм.

 

Иргэдийн асуултад “Шийдлийн баг”-ийн нэр дэвшигчдээ дэмжихээр ирсэн УИХ, Засгийн газрын гишүүн Хүн амынх хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ дараах тайлбарыг өгөв. Тэрээр “СӨХ-ны асуудлууд хэрээс хэтэрсэн. Баянгол дүүргийн иргэд энэ талаар маш их санал гомдол ирүүлдэг. Би та бүхэнд тохиолдож байгаа асуудлыг мэдэхийн дээдээр мэдэж, ойлгохын дээдээр ойлгож байгаа. Тийм учраас С.Одонтуяа гишүүн бид хоёр СӨХ-ны тухай хууль, болон Дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн төслийг санаачлан боловсруулаад УИХ-д өргөн барихад бэлэн болоод байна. Уг нь Хаврын чуулганаар өргөн барихаар төлөвлөж байсан ч зарим нөхцөл байдлаас болоод амжаагүй. Ирэх намрын чуулганаар өргөн барьж, батлуулна.

 

Энэ хууль батлагдсанаар СӨХ-ны эрх зүйн байдал тодорхой болно оо. Дундын өмчлөлийн эд хөрөнгийг хэн хариуцаж байх юм гэдэг нь тодорхой болно. Иргэдийн эрх, үүрэг, оролцоо нэмэгдэнэ ээ. Энэ хууль маш олон иргэний санал хүсэлт, гомдол дээр үндэслэж бий болж байгаа. тийм учраас иргэдийн эрх ашгийг дээд зэргээр хангасан сайн хууль болно гэдэгт итгэлтэй байна. Сонгуулийн дараа иргэдтэйгээ уулзаж энэ талаар нэмж санаа оноо авна” гэсэн юм. Иргэд С.Эрдэнэ сайд ийн иргэд, нийгмийн захиалгад тулгуурлан олон хууль санаачилж байгаа талархсанаа илэрхийлж, бид та нарыг сонгоно. Та бүхэн цаашдаа “Шийдлийн баг”-ийнхан иргэдтэй нягт хамтарч ажиллаж, Баянгол дүүргийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлнэ шүү” гэж захив.

 

Эх Сурвалж: Баянгол дүүргийн ардчилсан нам