Монголын агаарын нисэх хүчин 4 ширхэг “Су-27” сөнөөгч онгоцтой боллоо


-ТУС ОНГОЦООР АСЕМ-ЫН ГАДААД ЗОЧИД, ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ОНГОЦЫГ 
АГААРТ УГТАН АВЧ, ХҮНДЭТГЭН ХАМГААЛАХ АЖ-

Энэ сарын 18-ны бямба гаригт Монгол Улсын агаарын нисэх хүчин ОХУ-аас 4 ширхэг, орчин үеийн “Су-27” онгоц хүлээн авсан байна. Тус онгоцуудыг ОХУ-ын нисэх хүчний сургууль дүүргэсэн манай нисгэгчид жолоодон бямба гаригийн үүрээр эх орондоо авчирчээ. Тун удахгүй нэмж 8 ширхэг “Су-27” сөнөөгч онгоц ирснээр нийт 12 ш буюу 1 скадриль болох ажээ. Үүний зэрэгцээ манай агаарын нисэх хүчин ОХУ-д 5 ширхэг “Миг-29” сөнөөгч онгоц захиалсан талаар эх сурвалж мэдээллэв.

Тус онгоцуудаар АСЕМ-д ирэх гадаадын зочид, төлөөлөгчдийн онгоцыг агаарт угтан авч, хүндэтгэн хамгаалж нисэх юм байна. “Су-27” онгоцыг жолоодох нисгэгч нар болон инженер текникийн ажилтнууд хоёр жилийн өмнөөс ОХУ-д бэлтгэгдэж, дадлагажаад иржээ. Улмаар “Су-27”, “Mig-29”, “Су-25” зэрэг онгоцууд дээр нэмж бэлтгэгдсээр буй юм байна.

Дашрамд дурдахад, манай улс удахгүй АНУ-ын “Локхид Мартин” компанид үйлдвэрлэдэг цэргийн тээврийн гурван “С-130” онгоцтой болох бөгөөд тэдгээр онгоцыг эзэмшихээр манай мэргэжилтнүүд АНУ-ын Аляскийг зорихоор болжээ. “С-130” онгоцуудыг манай зэвсэгт хүчин энхийг сахиулах олон улсын ажиллагаанд түлхүү ашиглах юм байна.  

-“СУ-27” АМДАН СӨНӨӨГЧ ОНГОЦЫГ АГААРТ НОЁЛОХ ЗОРИЛГООР БҮТЭЭЖЭЭ- 

Манай улсын агаарын нисэх хүчний хүлээн аваад буй тус онгоцны талаархи мэдээллийг хүргэе. “Су-27” (орос. Сухой Су-27, НАТО код: "Flanker" (Фланкэ) буюу "жигүүр") сөнөөгч онгоцыг Зөвлөлт Холбоот Улсын Сухойн нэрэмжит зохион бүтээх товчооноос агаарт ноёлох зорилгоор бүтээжээ. Энэхүү онгоц нь 4-р үеийн тийрэлтэт олон талын зориулалттай, амдан-сөнөөгч онгоц аж. “Су-27” нь хүнд ангиллын, нарийн авиониктой бөгөөд маневр, аеро-динамик үзүүлэлт маш сайтай юм байна.

“Су-27” загварын онгоц дээр тулгуурлан бусад өөр зориулалттай олон онгоц зохион бүтээжээ. Тэдгээрээс заримыг нь дурдвал “Су-27УБ” (байлдаан, сургуулилтын хосолсон зориулалттай), “Су-33” (нисэх онгоц тээвэрлэгч усан онгоцоос хөөрч буух зориулалттай), “Су-30” (голдуу экспортын зориулалтаар тухайн орны шаардлага, нөхцөлд зориулж тусгайлан өөрчилсөн,хоёр нисгэгчийн суудалтай онгоц. Жишээлбэл, Энэтхэг Улсад зориулсан “Су-30МКИ”, БНХАУ-д зориулсан “Су-30МКК”, Малайз Улсад зориулсан  “Су-30МКМ”, Су-35, “Су-34” (хөнгөн бөмбөгдөгч) зэрэг онгоцууд байна.Мөн түүнчлэн БНХАУ “Су-27” онгоцонд суурилан “Шеньян J-11” онгоц үйлдвэрлэж эхэлжээ.

1960-д оны сүүлд АНУ агаарт ноёлох зориулалт бүхий дөрөвдүгээр үеийн сөнөөгч онгоцны “F-15” төсөл нууцаар боловсруулж байсан бөгөөд ЗХУ хариу болгож өөрийн дөрөв дэх үеийн сөнөөгч онгоц бүтээх ажилд орсон байна. “Су-27” загвар онгоц 1977 онд анх Т-10 хэмээх индекстэй туршилтын нислэгээ хийсэн бөгөөд одоогийнхоос харьцангуй том далавчтай, анхны загварт нилээд өөрчлөлт, засвар оруулсны эцэст “Т-10С” загварыг баталж, 1984 оноос эхлэн зэвсэглэлд ашиглаж эхэлжээ.

 

 

ОХУ Чечений 1,2-р дайны үед агаарын цохилт өгөх, бүслэн хаах ажиллагаанд өргөн ашигласан байна. 1993 оны 3-р сарын 19-ий өдөр Абхаз-Гүржийн дайны үед ОХУ-ын нисэх хүчний хоёр “Су-27” онгоц агаарын байг амдахаар хөөрсөн боловч байгаа ололгүй буцах замдаа нэг нь зенитийн пуужинд “С-75” өртөж унажээ.

 

2008 оны Орос-Гүржийн дайнд ОХУ өөрсдийн “Су-27” сөнөөгч онгоцыг “МиГ-29” онгоцны хамт Цхинвали болон Гүржийн бусад нутгаар агаарын цохилт өгөх, агаарын орон зайд хяналт тогтооход ашигласан байна.

 

1999-2000 онуудад Этиоп-Эритрийн дайны үеэр Этиопын нисэх хүчний “Су-27” онгоцууд Эритрийн нисэх хүчний хоёр “МиГ-29” онгоцыг пуужингаар устгаж, нэгийг ойрын зайн байлдаанаар устгажээ. Этиоп Улс өмнө нь “МиГ-21” онгоц ашигладаг байсан бөгөөд тэдгээрийг шинээр “Су-27” онгоцоор орлуулж, 2006 оноос хойш босогчдын байг устгах, агаарын орон зайг хянахад ашиглаж байгаа аж. Мөн Ангол Улс 2000 оны дунд үеэс өөрийн зэвсэглэлдээ “Су-27” онгоц ашиглаж эхэлжээ.

 

Эх Сурвалж: Medee.mn