Энэ сарын 9-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд онц ноцтой хүн амины хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, шүүгдэгч Т, Э нарыг өс хонзонгийн сэдлээр, бүлэглэн, хүнийг онц хэрцгий аргаар санаатай алсан гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т-д 15 жил зургаан сарын хорих ял, шүүгдэгч Э-д 18 жилийн хугацаагаар хорих ял тус тус оноож, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болжээ.
Монгол Улсын иргэн Т, Э нар нь орон гэргүй, амьдран суух тогтсон хаяггүй бөгөөд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах дулааны худаг буюу траншейд амьдардаг байжээ. Өнгөрөгч оны 12 дугаар сарын 17-нд хохирогч Н-ыг траншейд дагуулан очиж, цээжин тус газар нь 20 орчим удаа хутгалж, амь насыг нь бүрэлгэсэн байна. Сэжигтэнүүд хэрэг үйлдэх үедээ архидан согтуурсан байсан ба өмнө нь талийгаачид зодуулж дээрэлхүүлдэг байсан учир ийнхүү хөнөөсөн хэмээн шүүх хурлын үеэр мэдүүлжээ.
-ТЭНЭМЭЛ ИРГЭДИЙН НЭГДСЭН БҮРТГЭЛ БАЙДАГГҮЙГЭЭС ОР СУРАГГҮЙ
БОЛОГСДЫН БОДИТ ТООГ ГАРГАХ БОЛОМЖГҮЙ-
Энэхүү хэрэг нь орон гэргүй иргэдийг шүүсэн цөөн тохиолдлуудын нэг бөгөөд дээрхтэй ижил төстэй хүн амины хэрэг олонтаа бүртгэгддэг ч тэр бүр хууль хяналтын байгууллагаар шийдэгддэгүй байна. Учир нь хохирогчийн ар гэр тогтоогдохгүй байх, сэжигтэний хэрэг хариуцах чадвар зэргээс хамаарч дээрх хэргүүд ихэвчлэн хэрэгсэхгүй болдог аж. Нас барагсдын ар гэр байхгүй учир албан ёсны оршуулгын үйл ажиллагаа хийгддэггүй, эдгээр “эзэнгүй” цогцсуудыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс нэгдсэн журмаар оршуулдаг байна.
Одоогоор тус байгууллагын харъяа цогцос хадгалах газарт орон гэргүй иргэний гэгдэх 10 орчим цогцос байгаа аж. Нийслэлийн цагдаагийн газарт Улаанбаатар хотод оршин суудаг орон гэргүй 1300 орчим иргэн бүртгэлтэй байдаг бол “Эрхэм хүн та” төрийн бус байгууллагын судалгаагаар цагдаагийн газарт бүртгэлгүй 6500 гаруй иргэн бий гэх албан бус тоо гаргасан байна. Нэгэнт тэнэмэл иргэдийн нэгдсэн тоо албан бус байдгаас үүдэн тэдний дунд гарч буй хүн амины хэрэг болон ор сураггүй алга бологсдын бодит тоог гаргах боломжгүй хэмээн албаны эх сурвалж хэлэв.
Манай улсын хувьд орон гэргүй, тэнэмэл амьдралтай иргэдэд өвлийн цагт түр хоноглуулах болон халуун хоол, шөл өгөх үйлчилгээ хэрэгжүүлж эхэлсэн ч одоогоор тогтмолжоогүй. Мөн жилдээ 1-2 удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажиллагаа зохион байгуулдаг бөгөөд энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ш.Мөнхцэрэн “Одоогоор манай улсад тэнэмэл иргэдийн нэгдсэн мэдээллийн сан байхгүй. Эдгээр хүмүүст хүргэх төрийн үйлчилгээг хууль эрх зүйн тал дээр шинэчлэх цаг болсон. Өнөөдрийн байдлаар салбар яамд тусдаа үйл ажиллагаа явуулж байна” гэв.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын хүн амын хөгжлийн байгууллагаас явуулсан судалгаагаар манай улсад буй орон гэргүй, тэнэмэл иргэдийн 92 хувь архины хэт хамааралтай бол 80 хувь нь хөдөлмөрийн чадвартай гэж үзжээ. Тиймээс эдгээр иргэдийг нэгдсэн журмаар бүртгэлжүүлж, хөдөлмөр эрхлүүлснээр хуулиас гадуур өнгөрдөг гэмт хэргийн гаралт буурна хэмээн мэдээллэжээ.
Эх сурвалж: Medee.mn
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа