Хувьцаагаа зарж чадахгүй, хоцорчих вий гэж санаа зовох шаардлагагүй


Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, нийгмийн хамгаалал үйлчилгээний ерөнхий газрын дарга Ц.Туваан нарын албаны хүмүүс  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг төр худалдан авах асуудлаар мэдээлэл хийлээ.

 

Мэдээллийн үеэр НХҮЕГ-ын дарга Ц.Туваан “Хувьцааныхаа 30 хувийг худалдах иргэд дурын арилжааны банкинд хандан, тодорхой маягт бөглөх замаар хүсэлтээ гаргана. Үүний дагуу бид арилжааны банкууд болон Монголбанктай хамтран хүүхдийн мөнгө олгодог зарчмаар бүх тулгалтыг хийх юм. Тулгалтууд явагдсаны дараа Монголбанк арилжааны банкаар дамжуулан иргэдийн нэрийн дансанд мөнгийг байршуулах замаар асуудлыг шийднэ” гэж онцолсон юм.

 

Энэ үеэр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, нийгмийн хамгаалал үйлчилгээний ерөнхий газрын дарга Ц.Туваан нар сэтгүүлчдэд дараахь тодруулгыг өглөө.


erdene

 

Ц.ТУВААН: ХУВЬЦААГАА ЗАРЖ ЧАДАХГҮЙ, ХОЦОРЧИХ ВИЙ ГЭЖ 
САНАА ЗОВОХ ШААРДЛАГАГҮЙ-

 

-Хувьцаа худалдан авах эх үүсвэр хаанаас гарч байгаа вэ?

 

-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд энэ үйлчилгээнд хамрагдахгүй. Бусад хувьцаагаа мөнгө болгож амжаагүй иргэдэд худалдах эрх нь нээгдэж байгаа. Эх үүсвэрийн хувьд засгийн газраас тогтоол гарган Сангийн сайд Б.Болорыг бүрдүүлэх үүрэг өгсөн.

 

-Хүсэлт гаргаснаас хойш иргэд хэдий хугацааны дараа мөнгөө авах вэ?

-Иргэн хүсэлтээ өгснөөс хойш долоо хоногийн дараа гэхэд нэрийн дансанд нь мөнгө байршиж эхэлнэ. Хувьцаа нь эргээд үнэд хүрэх үед  анхны үнээрээ буцааж худалдан авах боломж нь давхар нээлттэй байгаа.

 

-Хувьцаагаа худалдах хүсэлтийг хичнээн иргэд гаргах талаар урьдчилсан тооцоо байгаа юу?

-Улсын хэмжээнд хувьцаагаа худалдах эрхтэй 1.657.000 иргэн байгаа. Эдгээр иргэд бүгд хувьцаагаа  худалдах хүсэлт гаргах нь эрх нь нээлттэй. Эх үүсвэрийг ийм байдлаар тооцсон байгаа. Тийм болохоор хувьцаагаа зарж чадахгүй, хоцорчих вий гэж санаа зовох шаардлагагүй.

 

-Иргэд арилжааны банкинд ямар ямар бичиг баримт бүрдүүлж өгөх вэ?

 

-Иргэний үнэмлэхтэйгээ арилжааны банкин дээр очиход л болно. Банкууд тухайлсан маягт бөглүүлж, иргэний гарын үсгээр баталгаажуулснаар мөнгөө авах эрх нь үүсэх юм. Засгийн газраас хувьцааны мөнгийг гурав хувааж олгохоор болсон. Энэ хүрээнд арилжааны банкууд олголтоо хийгээд явна.

 

erdene

 

 С.ЭРДЭНЭ: ХУВЬЦААНЫ АСУУДЛЫГ СОНГУУЛЬТАЙ ХОЛБОХ 
ЯМАР Ч ШААРДЛАГА БАЙХГҮЙ-

 

-ААН-үүд иргэдийн 1072 хувьцааг худалдан авах хүсэлт тавихад үнэт цаас болоогүй гэх тайлбар хийдэг. Гэтэл засгийн газар  худалдан авахаар боллоо. Үүнийг та хэрхэн тайлбарлах бэ?

-Үүнд хоёр үндсэн шалтгаан байна. Нэгдүгээрт, Олон Улсын зах зээл дээрх нүүрсний үнийн уналт, уул уурхайн түүхий эдийн ханшийн бууралт зэрэг тодорхой шалтгаануудын улмаас энэ хувьцааг арилжаанд оруулахгүй байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 1072 хувьцааг зохистой байдлаар эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал тусгагдсан. Үүний дагуу засгийн газар үйл ажиллагаагаа явуулж байна. Хоёрдугаарт, 2011.11.30-ны өдөр УИХ-ын зүгээс 57-р тогтоолоор засгийн газарт 1072 хувьцаааг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэл өгсөн байдаг. Тогтоолд нэрлэсэн үнээр нь худалдан авах, эргээд шаардлагатай тохиолдолд иргэн өөрөө хүсэх юм бол буцаан аваад чөлөөт эргэлтэд оруулах асуудал тусгагдсан. ААН-үүдэд ийм боломж байхгүй.

-Хувьцааны тодорхой хувийг эдийн засгийн эргэлтэд оруулах тохиромжтой цаг нь мөн үү?

-Бид хувьцааны тодорхой хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах тохиромжтой цаг нь ирсэн гэж үзэж байгаа. Өнөөдөр инфляци 2 хувь, эдийн засгийн өсөлт 3.1 хувьтай явж байна. Ийм тааламжтай нөхцөлд зах зээл рүү бэлэн мөнгөний нийлүүлэлт хийхэд үнийн өсөлтөд бага нөлөөлнө гэж харж байна.

-Иргэдэд 300 мянган төгрөгийг нь гурав хувааж олгоно гэж байна. Сонгуулийн өмнө нэг хэсэг нь орж ирээд, эргээд зарцчих  байх гэх хардлага олон нийтийн дунд явж байгаа?

-Хувьцааны мөнгийг тодорхой хугацаанд захирагдан олгохгүй. Иргэд хэзээ хүсэлтээ гаргаж, мөнгөө авч дуусна тэр цагт энэ ажил өндөрлөнө гэсэн үг. Хувьцааны асуудлыг сонгуультай холбох ямар ч шаардлага байхгүй.

 

Medee.mn