Жирэмсэн эмэгтэйг бороохойдсоноос болж нярайн зүрх зогсчээ


Цагдаагийн албан хаагч жирэмсэн эмэгтэйг бороохойдсоноос болж хүүхэд нь зулбасан гэх таагүй мэдээлэл цацагдаж эхэлсэн. Гэвч цагдаагийн байгууллагаас уг мэдээллийг үгүйсгэж буй. Тодруулбал, цагдаагийн байгууллагаас "Жирэмсэн эмэгтэйг бороохойдоогүй. Хажууд нь бороохой дуугаргасан" гэж тайлбарласан.


Тэгвэл хохирогч эмэгтэй medee.mn сайтад болсон явдлыг талаар яриа өгчээ.

 

Тэрбээр "Би найз охинтойгоо маргалдсан юм.Тэгсэн цагдаа дуудаад, хоёр цагдаа ирсэн. Найз охин бид хоёрыг маргалдаж байх үеэр нэг цагдаа нь манай нөхөрт“Эхнэр, хүүхдээ аваад харь аа” гэж байхад нөгөө цагдаа нь хажуугаас цахилгаан бороохойдсон. Яагаад намайг бороохойдож байгаа юм бэ гэхэд тэр цагдаа “Яадаг юм бэ” гээд дахин цахилгаан бороохойдсон. Эхний удаа гар луу, хоёр дахь удаа аарцаг гуя хоёрын голд бороохойдсон. Яг бороохойдоход би салганасан. Цагдаа нарыг явсны дараа миний хэвлий орчмоор базлаж өвдөөд гэдсээр хатуураад байсан. Дараа нь манай хоёр найзын найз болох хүн нь намайг алгадаж, сандал дээр унагасан. Гэхдээ би тийм аймаар унаагүй. Би тэрнээс болж хүүхдийн зүрх зогссон гэж бодохгүй байгаа. Тухайн үед цагдаа нар явчихсан байсан. Найзуудтайгаа уулзсан болохоор бага зэрэг балгаснаа би нуухгүй ээ. Надаас архи үнэртэхийн хувьд үнэртэж байсан байх. Тухайн үед тэр хоёр цагдаа намайг согтуу байгааг шалгаж огт үлээлгээгүй. Ямар ч байсан их хэмжээний согтолтын хэмжээнд байгаагүй.

 

Шүүх эмнэлгийн дүгнэлтийн хариугаа асуухаар “Нярайд чинь шинжилгээ хийж байгаа” гэх юм. Тэр жаахан амьтныг одоо болтол зовоогоод байна гэхээр миний сэтгэл маш их өвдөөд байна. Дүгнэлтдээ цагдаа нар цахилгаан бороодсон гэдгийг бичээгүй. Гадны нөлөө гээд хийсвэрийн дараахь оёдол гээд ганцхан биччихсэн байна. Хаанаа цахилгаан бороохойдуулсан бэ харъя үзье гэж хэлээгүй. Миний гар, хэвлий орчимд цахилгаан бороохойдуулсныг үзэхгүй ганцхан наалтыг нь салгаж байгаад оёдлыг л харсан. Согтолтын зэрэг огт бичээгүй, их хэмжээний согтолтын байдалтай байсан гэж бичсэн байна. Эгч нь бас согтуу байсан гээд биччихсэн байна. Үнэндээ энэ мэтчилэн худлаа бичсэн, би хаашаа явахаа ч мэдэхгүй байна. Цагдаагийн байгууллага ард иргэдээ хамгаалах ёстойгоос хүчний байгууллага биш биз дээ. Эмнэлэгт хагалгаанд ороод гарч ирэхэд “Шүүх эмнэлгийн дүгнэлт гурав хоногийн дотор гарна” гээд шүүх эмнэлгийн хүн ирж үзсэн юм. Цагдаагаас “Хариу нь гарсан уу” гэхээр “Гараагүй, аваагүй” гээд байсан. Гэтэл хаа байсан тавдугаар сарын 31-нд гарсан байсан хариуг надад өгөхгүй байсаар өнөөдөр (VI/09) харуулж байгаа юм. Өгч явуулахгүй болохоор нь би канондож авсан" гэлээ.

 

Эх сурвалж: Etoim.mn