Их хурал иргэдийн мэдэлд очлоо


-Ирэх дөрвөн жилд төр түшиж, хууль боловсруулах эрх бүхий их хурлын гишүүд хэн байхыг  та шийднэ. Сонгогч таны хувьд хааны эрхээ эдлэх өдрүүд эхэлж байгаа гэсэн үг- 

 

Сонгууль эхэллээ. Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр /2016.06.07/ Улсын Их Хурал /УИХ/-д улс, ардыг төлөөлөн суух эрхийн төлөө өрсөлдөх 498 нэр дэвшигчийг бүртгэснээ зарлаж, эрхийг нь олголоо. Сонгогдох эрхээ эдэлж эхэлсэн 498 иргэн өнөөдрөөс өөр хүмүүс болж эхэлнэ. Нэр дэвшигчийн үнэмлэх, цэцгийн баглаагаар нүд эрээлжтэл гоодсон, гоё зангиа, гоё дээл, гоё хослолтой тэр хүмүүс бүгдээрээ ухаантай, бүгд ард түмэнд хайртай, бүгд эх оронч болно.

 

Сонгууль болтол телевизээр  тэд л  гарна. Тэр тусмаа үлгэрийн юм шиг сайн сайхныг ярина. Гэрт чинь очино, галыг чинь түлнэ, хогийг чинь бараг цэвэрлэх байх. Дуулна, уйлна, хүүхдүүдтэй чинь ирж тоглоно. Тэвэг өшиглөнө, тэрэг түрж усанд явна. Бэлэг өгнө, бидон тараана. Гарыг чинь атгана, итгэлийг чинь авах гэнэ.  Сонгууль бүрээр харж дассан сонин содон түүхтэй сонгогчид өнөөдрөөс дахин учирна. Тиймээс эхнээсээ сэтгэлзүй, итгэл үнэмшлийн нуруутай байх хэрэгтэй болов уу.

 

Сонгуулийн оршилыг харахад тэдний гол дүрийн өдрүүд ирж буй мэт боловч үнэн хэрэгтээ их хуралд хэн байхыг шийдэх эрх иргэдийн давуу мэдэлд очиж байгаа юм. Ирэх дөрвөн жилд төр түшиж, хууль боловсруулах эрх бүхий их хурлын гишүүд хэн байхыг  та шийднэ. Сонгогч таны хувьд хааны эрхээ эдлэх өдрүүд эхэлж байгаа гэсэн үг.  

 

Энэ сонгууль илүү сонин нөхцөлд болно. Юу нь сонин гэхээр дөрвөн жилийн өмнөхөөс илүү технологижсон сонгогчид санал өгнө. Малчны хотонд ч хамгийн сүүлийн үеийн гар утас, өндөр хурдны интернет, мэдээлэл хүлээн авах бүх суваг хүртээмжтэй болж. Ийм нөхцөл байдлыг далимдуулан сошиал медиаг ашиглах буюу хамгийн хямд өртөг, ядмаг аргацаасан аргаар сонгогчдын тархийг угаах “бүлэглэл”-үүд бүр том хүрээнд ажиллана.

 

“Тулаан” эхлээгүй байхад хүний ор хөнжилд орж, өрсөлдөгчийнхөө амьдралаар ном зохиол бичиж, “Гэгээн муза”-д өрсөлдөхүйц кино найруулан тавьж байгаа улсаас өөр юу ч гарч ирж болзошгүй. Энийг л сонгогчид хатуу ойлгож, сонголтоо хийнэ гэж найдъя.

 

Нийтлэлч С.Содбаатар “2012 оны сонгуулиар сошиал медиаг улстөрчид бараг тоогоогүй юм. Өнөөдөр хамгийн олон дагагч, лайктай аккаунтын ихэнх нь урлаг, соёлын одод гэхээсээ илүү улстөрчид. Ирэх сонгуулиар сошиал медиад улстөрчид ихэд анхаарал тавьж, ихээхэн мөнгө төгрөг цацах нь тодорхой байна.МАН, АН болон бусад намууд сошиал медиад олон мянган дагагчтай пэйж хуудсууд худалдан авч, эсрэг намынхаа лидерүүдийг элэглэж, доромжлох ажлаа аль хэдийнэ эхэлчихсэн. Тэд твиттерт коллеги, компанийн хэмжээнд зохион байгуулагдсан хувь жиргээчидтэй наймаа тохирч, эсвэл олон дагагчтай аккаунтыг худалдах авах зэргээр сонгуульдаа бэлтгэж эхэлсэн нь нууц юм ердөө биш” гэжээ.

 

“Тулаан” эхлээгүй байхад хүний ор хөнжилд орж, өрсөлдөгчийнхөө амьдралаар ном зохиол бичиж, “Гэгээн муза”-д өрсөлдөхүйц кино найруулан тавьж байгаа улсаас өөр юу ч гарч ирж болзошгүй. Энийг л сонгогчид хатуу ойлгож, сонголтоо хийнэ гэж найдъя.

 

Одоо дөрөв, таван зуун нэр дэвшигч нумаа татчихаад, сумаа тавихад бэлэн  хүлээж суугааг мартаж болохгүй. Сошиал дайн, сонгууль хоёр болдгоороо болно, сонгох эрхээ ард түмэн харин ухаан зарцуулж эдлэх ёстой юм. Нөгөөтэйгүүр, улстөрчдийн сонгуулийн гол тактик болгоод байгаа сошиал медиа нь сонгогчдын итгэлийн  хэмжүүр, боловсролын шалгуур биш гэдгийг ойлгуулаад өгчихөд ч гэмгүй.

 

Уншигч танд баяр хүргэе. Та Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдэд санал өгч, сонголт хийх бүрэн эрхээ эдлэхэд бэлэн болжээ.

 

Эх сурвалж:News.mn