Монголын улстөр, байж болох дээд хэмжээндээ бохиртож, авлига хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг ард олны тэвчээрийг барж, эрх мэдэл, эд баялагт улстөрийн сонгуулийн аргаар эзэн суудаг хуйвалдаан, тохиролцоонд уур хилэн нь бадарсан ард олны тэмцэл 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа оволзож, таван сайхан залуугийн амийг авч одсоноор нэг удаа намжиж байсан билээ.
Монгол Улс дөрөвхөн жилийн дотор “Чингис”, “Самурай” хэмээх хоёр бондыг дэлхийн зах зээл дээрээс босгож 2.1 тэрбум ам.долларын гадаад өр нэмж тавьснаа 2017 оноос төлж эхлэх гэж байгаа. Үндсэндээ өнөөдөр Монгол Улсын нийт гадаад өр 21 тэрбум ам.долларт хүрсэн нь иргэн бүр нь 14 орчим сая төгрөгийн өртэй гэсэн үг билээ.
Одоогоор Хөгжлийн банкаар дамжуулан зарцуулалт хийсэн хоёр тэрбум 80 сая ам.долларын зээлийн өр буй болчихсон байгаа. Мөн 30 тэрбум иенийн зээлийг ч орхиж болохгүй. Тодруулбал, Хөгжлийн банкны зээлсэн 580 сая ам.долларыг 5.75 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай зээлсэн бөгөөд 2017 оны гуравдугаар сард эргэн төлөх ёстой.
Харин “Чингис бонд”-ын үндсэн өрөөс 2018 оны нэгдүгээр сард эхний 500 сая ам.долларын зээлийн өрийгтөлж эхлэнэ. Үлдсэн нэг тэрбумынх нь 2022 оны арванхоёрдугаар сард төлөгдөх учиртай. Үүний дараа “Самурай бонд”- төлөлт орж ирэх бөгөөд 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөхөөр гэрээ хийсэн байдаг.
Үндсэндээ С.Баяр, С.Баярцогт, Сү.Батболд нарын үндэс суурийг нь тавьсан одоогоор Монгол Улсыг 6.2 тэрбум ам.долларын өрөнд оруулчихаад байгаа Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай байгуулсан гэрээ 2039 онд дуусна. Гэтэл Монгол Улс 2037 он хүртэл Оюутолгойгоос ямар ч ашиг хүртэхгүй, зөвхөн 34 хувьдаа ногдох өрийг төлөх маягаар яваад дуусах нөхцөл бүрдчихсэн байгаа. Гэтэл Монголын ард түмний өмч болсон одоогоор тогтоогдсон нөөц нь 1800 тонн алтны нөөцтэй Оюутолгойн ордыг Рио Тинтод 20 мянган хувьсагчаар худалдсан С.Баяр, С.Баярцогт нар оффшор бүсэд зарим нь гурав, дөрвөн данс эзэмшээд тарвалзаж хэвтэнэ.

Тухайлбал Оюутолгойн гэрээг Рио Тинтотой байгуулах үед буюу 2009 оны 10 дугаар сарын 10-нд Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа С.Баяр “Оюутолгой төслөөс Монголын талд ногдох үр өгөөжийг нэрлэсэн үнэ цэнээр 57 хувьд хүргэхээр тохиролцоонд хүрлээ” хэмээн Монголчуудыг шилний цаанаас чихэр долоолгон тохуурхаж байж. Харин бодит үнэн нь өнөөдөр Монгол Улсын Засгийн газар Оюутолгойд эзэмшдэг 34 хувь нь өнгөрсөн тавдугаар сарын 7-нд ажил нь эхэлсэн далд уурхайн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын ажилд шаардагдах 4.4 тэрбум ам.долларыг дэлхийн зах дээрээс босгосон Рио Тинтогийн зээлийг төлөлцөх байдлаар санхүүжүүлэгдээд явж байгаа билээ.
Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Оюутолгойн гэрээнд 34 хувийг нь Монголын төр эзэмших гээд үүнийхээ хөрөнгийг бүрдүүлэхийн тулд өр тавьсан. Үүний оронд манай орд газар бол маш үнэтэй гэдэг утгаараа 34 хувьд тооцогдох хөрөнгийг гаргахгүйгээр шийдэж болох байсан. Энэ талаар Оюутолгойн асуудлаар Монголыг хариуцсан захирал нь “Монгол Улс өрөө төлж дууссаныхаа дараа ашгаа хуваана шүү дээ” гэж хэлсэн. Гэтэл Монгол Улс өрөө төлтөл есөн жил анхны хөрөнгө оруулалтаа нөхөж байна гээд ашиггүй ажиллавал юу ч биш болно. Дараа нь ахиад л тухайн үеийн хөрөнгө оруулалтынхаа өрийг төлнө гээд ажиллана. Энэ хооронд гадныхан Оюутолгойн нөөцийн гол хэсгийг сорчилж ашиглаад дуусчихна. Тэр шавхруун дээр нь Монгол Улс үлдэх нь байна. Ийм учраас л Оюутолгойн гэрээ Монголд ямар ч ашиггүй болсон” гэж чухам үнэнийг нь хэлчихсэн. Гэтэл Монголчуудыг 20 мянган хувьсагчаар хуурч, Рио Тинтогийн эздээс асар их хээл хахууль авч баяжсан С.Баяр АНУ-д үл хөдлөх хөрөнгийн наймаа хийгээд хэвтэж байна. Түүгээр ч зогсохгүй 1977 онд төрсөн түүний том охин Баярын Нандин, дунд охин 1981 онд төрсөн Баярын Бадамханд нар “Панамын материалууд” хэмээх оффшор бүсэд данстай эрхмүүдийн дунд нэр нь байршсан нь Оюутолгойн луйврын гэрээний хаялга гэдэг нь хэнд ч тодорхой зүйл билээ.
С.Баяр 2007 оны 11 дүгээр сарын 22-нд Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар томилогдож 2009 оны 10 дугаар сарын 28 хүртэл буюу яг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдах хүртэл Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажилласан байдаг. Тэгвэл тэрээр АНУ-ын Вашингтон муж улсад худалдаж авсан тансаг харш нь 3.853.000 ам.долларын үнэтэй гэдгийг тэнд амьдрадаг Монголчууд анх түрүүн мэдээлсэн билээ. Түүний Монгол төгрөгөөр өнөөдрийн ханшаар найман тэрбум орчим хэлбэлзэх тансаг харш худалдан авч, цэцэрлэгт хүрээлэндээ зүлгээ услаад зогсож байсан үе нь Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурснаас хойш ойролцоогоор найман сарын дараа юм. Мөн С.Баяр 2007 оны 11 дүгээр сарын 29-нд Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт 895,000 ам.доллараар худалдан авсан орон сууцаа 1,195,000 ам.доллараар үнэлсэн тухай ч тэндхийн Монголчууд анх түрүүн мэдээлж байсан. Тэрээр 2008 онд үл хөдлөх хөрөнгийн татвар гэж 16,000 доллар төлж, сард 4950 доллараар түрээсэлсэн тухайд ч УИХ-ын гишүүн Г.Уянга мэдэгдэж байсан.

Мэдээж Монгол Улсад ямар ч ашиггүй Оюутолгойн гэрээний ард С.Баяр, С.Баярцогт нар зогсож, эхний ээлжинд тэд улстөрийн болон Эрүүгийн хариуцлага хүлээх учиртай. Энэ талаар ч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхлан дуугарсныг эрх баригч АН-ын болон УИХ-ын дарга З.Энхболд ажил хэрэг болгож, С.Баярцогтыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн нь Монголын улстөр хажуунаасаа халж, цэвэршиж эхлэхийн дохио болов.
Одоо З.Энхболд даргын энэхүү эх оронч шийдвэрийг Монголын улстөрийг хамгийн олон жил булингартуулан бохирлосон МАН-ын удирдлагууд дагаж сонгуулийн Ерөнхий менежерээр С.Баярыг бус өөр нэр цэвэр нэгнийг сонгох, оффшор бүсэд төрсөн дүү Ц.Сэргэлэнгийнх нь нэр Виржиний арлуудад бүртгэлтэй “Joy Key Develoment Limited” компанид 2011 оны нэгдүгээр сарыг хүртэлх хугацаанд хувьцаа эзэмшиж байснаар дурдагдсан нь үнэн бол нийслэлийн МАН-ын хороон дарга “Газрын алба”-ны тодотголтой Ц.Сандуйтай ч хариуцлага ярих учиртай. Мөн МАН-аас Дорноговь аймагт нэр дэвшихээр болоод байгаа “Дорнын говь” компанийн захирал Б.Дэлгэрсайханыг ч "Wisdom International Holdings" гэх компанийн нэрээр оффшор бүсэд бүртгэлтэй байсных нь төлөө УИХ-д нэр дэвшин өрсөлдөх бус хууль хяналтын байгууллагаар нягтлан шалгаж, оффшор бүсэд данс нээх хэмжээний хөрөнгө мөнгийг ямар арга замаар олж авсныг нь нарийвчлан тогтоох ёстой.
.jpg)
Түүнээс гадна Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар 2009 оны 10 дугаар сараас 2012 оны наймдугаар сар хүртэл ажиллаж байсан Сү.Батболдын оффшор дансны асуудлыг ч нарийвчлан тогтоож, эх үүсвэрийг нь нягтлах учиртай. Монголын улстөрд сайн муугаар өөрийн орон зайгаа эзэлсэн АН, МАН, МАХН-ынхан оффшор дансанд нэр нь бичигдсэн эрхмүүдээ хууль хяналтын байгууллагад тоо ёсоор нь шилжүүлж, хулгайлагдан далайн чинадад гарсан Монголын баялгийг буцаан авч ирж байх ёстой газар нь байршуулж чадвал Монголын улстөр багагүй цэвэршиж, ард олны итгэл сэргэхсэн билээ.

MONGOLCOM.MN
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна