Т.Аюурсайхан Үүл баатрыг “буулгаж” авчээ


ШӨХТГ-ын дарга асан Т.Аюурсайхан өнгөрөгч дөрөвдүгээр Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг эрх мэдлээ давуулсан ашигласан гэх үндэслэлээр шүүхэд өгсөн юм. Тодруулбал, НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны зургадугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоол, түүний хавсралтаар батлагдсан "Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам"-ыг тус тус илт хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон учир Нийслэлийн Засаг дарга болон НИТХ-ын тэргүүлэгчийг шүүхэд өгөх үндэслэл болжээ. Энэ талаар Т.Аюурсайхан өнөөдөр, "Хотын дарга Э.Бат-Үүлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр яллаа.
ЦЕГ-ын даргын эрхийг булаан авч, машин ачих төлбөрийг хууль бусаар тогтоолгож 9230 жолоочийг 647 сая төгрөгөөр хохироосон 2013 оны А/769 захирамжийг нь шүүхээс хууль бус гэж үзлээ.
Эрх мэдэлтнүүд хууль, журам баталж, ард иргэдийг даган мөрдөхийг шаарддаг. Зөрчсөн иргэдээ торгох, шийтгэх, эрх хураах, эрх чөлөөг хасч хорих зэргээр залхаан шийтгэдэг. Гэтэл эрх мэдэлтнүүд өөрсдөө хууль, журмыг чөлөөтэй зөрчиж байна. Үүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээхгүй байгаатай хэзээ ч эвлэрэхгүй" хэмээн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлсэн байна.