“Босоо” Ганбаа Хөдөлмөрийн Үндэсний намыг элгээр нь хэвтүүлчихлээ” гэсэн яриа, жиргээ сошиалаар нэг хэсэг явсан. Түүнийг Ардчилсан намд элсэх гэж байгаа гэсэн мэдээлэл гарч байсан ч өөрөө үүнийг үгүйсгэсэн. Гэхдээ энэ ч оргүй биш, ортой гэдгийг эх сурвалжууд хэлж байсан. С.Ганбаатар АН-д элсэх тухай ярьж, ямар саналтай байгаагаа ч хэлсэн аж.
Гэхдээ тэдний дунд үл ойлголцол үүссэн үү, АН түүний саналыг хүлээж аваагүй юу гэнэтхэн л АН, МАН алинд нь ч элсэхгүй гэсэн “сүржин” мэдэгдлийг хийсэн билээ. Харин бусад нам, эвслийн бүлгүүдтэй хамтарч ажиллах боломжтой гэсэн юм.
Түүнд МАХН гэсэн нэг хувилбар бий. Та МАХН-д элсэх үү гэсэн асуултад “Би ярьсан яриагаа дэлгэмээргүй байна” гэсэн товчхон хариулт өгсөн. Тэгэхээр энэ талаар яригдсан байх магадлал өндөр. Хэрэв тийм биш бол нуух шаардлагагүй байсан байх. С.Ганбаатар МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын дарга байхад нь Эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан аж. Н.Энхбаяртай эртнээс гайгүй харилцаатай байсан түүний хувьд МАХН-аас сонгуульд нэр дэвшиж магадгүй гэсэн таамаг бий.