Оффшор дансны эздийн тайлбар


Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг бүрэн эхээр нь урьд шөнө /2016.05.10/ Улаанбаатарын цагаар 03.00 цагт зарлан нийтэлжээ.

Олон улсын сэтгүүлчдийн консорциумаас нийт 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нотолгоо бүхий 11.5 сая нууц баримтыг дэлгэв. Уг материалд Монгол Улсын нэр дээр 49 иргэн, компанийн оффшор дансны мэдээлэл багтсан юм. Монголоор овоглосон эдгээр хүмүүсийн дунд нэртэй улстөрч, бизнесменүүд, спортынхон багтжээ.

Энэхүү мэдээлэл үүрийн таван жингээр мэдээллийн сайтуудад орж, монголчууд цөмөөрөө үүрээ эвдүүлсэн шоргоолж адил бужигнаж эхлэв. Нэр нь оффшорт багтсан хүмүүс ээлж дараалан хэвлэлийн хурал зарлаж, тайлбар хийж байгаа бол сошиал ертөнцийн мэдээний акулууд оффшор дансны эздийг сайн муугаар дуудах болов. Оффшор дансны эзэд ямар тайлбар хийснийг багцлан уншигчдадаа хүргэе.


Б.ЧУЛУУДАЙ: ОФФШОРТ БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИ ДАНС Ч ҮГҮЙ, МӨНГӨ Ч ҮГҮЙ 

Оффшор бүсэд бүртгэлтэй нь илэрсэн, Монголын иргэн 48 хүний нэг Б.Чулуудайтай утсаар холбогдож, “Стратежик майнинг” компанийн талаар тодруулав.

-“Стратежик майнинг” ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ? Одоо ажиллаж байгаа юу?

-Гадаадад хамт суралцаж байсан Сингапурын иргэн найз маань санал тавьсан. Энэ компани 2011 онд байгуулагдсан. 2013 онд хаагдсан компани. Хүн бүр л уул уурхайд хөрөнгө оруулалт гэж хошуурч байхад хийхийг зорьсон бизнес. Тэгээд бүтээгүй. Би хөрөнгө оруулалтын чиглэлээр хэсэг хугацаанд ажилласан, бага ч гэсэн туршлагатай. Гэхдээ энэ компани хөрөнгө оруулалт татаж чадаагүй учраас данс нээлгэж ч чадалгүй хаагдсан.

-Гол нь аавтай чинь холбож улс төржүүлж эхлээд байна

-Аавыг хотын дарга болохоос өмнө 2011 онд байгуулагдсан компани шүү дээ. Үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад хаагдчихсан.  Данс нээгээгүй учраас нэг ч долларын гүйлгээ хийгдээгүй. Ер нь энэ далимд хэлэхэд би хар багаасаа л иргэний эрхээ эдлэж чадахгүй байнга хардлагад өртөж, гүтгүүлж дайруулж ирлээ. Улстөрчийн хүү болсон минь буруутай бололтой. Оффшор бүст компани бүртгүүлэх нь аль ч хуулиар хориглоогүй, бизнесийн хэвийн л горим шүү дээ. Улс төрч хүн данс нээвэл хардагдах л байх.  Гэхдээ тэр компани данс нээж ч амжилгүй хаагдсан гэдгийг ахин тодруулж хэлье. Оффшор данстай байх, оффшорт бүртгэлтэй компани байх хоёр нь тэс өмнөө ойлголтууд шүү. Энийг зориуд хутгаад, улс төржүүлэх сонирхолтой бүлэг байгаа. Тэд ийм мэдээг их олзуурхан шүүрч цацаж байгаа гэж харж байна.

-Тэр хүснэгтийг харж байхад таны нэр дээрх Виржинийн арлуудад бүртгэлтэй “Стратежик майнинг”-ийн ард defaulted  гэсэн тайлбар байсан. Тэр ямар учиртай юм бэ?

Аавыг хотын дарга болохоос өмнө 2011 онд байгуулагдсан компани шүү дээ. Үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад хаагдчихсан.  Данс нээгээгүй учраас нэг ч долларын гүйлгээ хийгдээгүй. Ер нь энэ далимд хэлэхэд би хар багаасаа л иргэний эрхээ эдлэж чадахгүй байнга хардлагад өртөж, гүтгүүлж дайруулж ирлээ. Улстөрчийн хүү болсон минь буруутай бололтой. Оффшор бүст компани бүртгүүлэх нь аль ч хуулиар хориглоогүй, бизнесийн хэвийн л горим шүү дээ. Улс төрч хүн данс нээвэл хардагдах л байх.  Гэхдээ тэр компани данс нээж ч амжилгүй хаагдсан гэдгийг ахин тодруулж хэлье.

-Үйл ажиллагаа явуулалгүй хаагдсан гэсэн тайлбар. Ерөөсөө данс нээгээгүй, дансгүй учраас мөнгө ч орж гараагүй. Уг нь оффшор бол төрийн албан тушаалтан биш иргэн Чулуудай нарын хувьд чөлөөтэй бүс. Бүртгүүлэх маш амархан. Сингапурын хуулийн зөвлөгөө өгөх компани хариуцаад албан ёсоор хууль номын дагуу л бүртгэгдсэн. Ахин хэлэхэд би одоогоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа ямар ч хуулийг зөрчилгүй энэ компанийг бүртгүүлсэн. Компани бүртгэгдсэн ч данс нээгээгүй, мөнгөгүй. Би тун удахгүй данс нээгээгүй, гүйлгээ хийгээгүй гэсэн тодорхойлолтыг авах болно.

-Таны нэр дээр байсан “Грандлайн” компани Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд оролцож, 5 тэрбумыг авсан гэдэг мэдээлэл улс төрийн нэг хөзөр болчихоод байна. Түүнтэй энэ мэдээг холбож эхэлсэн.

-“Грандлайн” компани 1 дүгээрт иргэдийн 70 хувийн буюу олонхийн саналаар сонгогдсон. Иргэд өөрсдөө шийдсэн. 2-рт “Грандлайн” компаний дансанд 5 тэрбум төгрөг төсөл хэрэгжүүлэгч консорциумын толгой  компаний дансаар орж ирсэн өдөртөө дэд бүтцийн компаниудад шилжсэн. Нэг ч төгрөг үлдээгүй. Мөнгө санхүүгийн баримтаар энэ бүхэн нотлогдоно. 3-рт, өнгөрсөн жил “Бэрэн” компанид тэр бүх ажлыг хүлээлгэн өгсөн. Хангай хотхон гээд хамгийн үлгэр жишээ хотхоныг барьж босгосон компани. Би улс төрийн хэрүүл, хов живээс залхаж төслөөс татгалзсан. 4-рт, төслөөс хохирсон нэг ч иргэн байхгүй. Газраа чөлөөлсөн 20 гаруй айл байрандаа орсон. Үлдсэн нь шинэ сууцаа хүлээгээд түрээсийн байранд байгаа. Удахгүй шинэ байрандаа орно. 


С.БАТБОЛД: ХУУЛИЙНХНААР ШАЛГУУЛНА

Оффшор дансанд нэр нь холбогдсон УИХ-ын гишүүн Сү.Батболд, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нар өнөөдөр /2016.05.10/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Сү.Батболд ”Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн дагуу улстөрчид бизнесийн үйл ажиллагаанд шууд оролцохгүй. Гэхдээ хөрөнгө оруулагч байж болно. Хувьцаа худалдан авч хөрөнгө оруулах эрх нь нээлттэй. Миний хувьд энэ ажил хуулийн хүрээнд явагдсан. Оффшор компанитай холбоотой асуудал яригдлаа. Хөрөнгө оруулалт хийсэн “Бату майнинг” компани Монгол Улсад бүртгэлтэй, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж ирсэн компани. Хоёрдугаарт, энэ компанид бид орохдоо ямар нэгэн байдлаар нууцаар ороогүй. Улстөрчид хувьцаа эзэмшиж болно гэсэн хуулийн хүрээнд асуудал өрнөсөн. Нуух хаах шалтгаан байхгүй учир өөрийн нэрээр энэ ажиллагаанд оролцсон. Үүний дараа ямар хэмжээний хувь эзэмшиж байсан бэ асуудал хөндөгдөнө. “Бату майнинг” компанийн 11,9 хувийн хувьцааг миний бие 2003 онд худалдаж авсан. Сү.Батболд гэдэг хүний хувьд 18 мянга 771 ам.доллартой тэнцэх хэмжээний хувьцаа худалдаж авсан байдаг. Тухайн үеийн ханшаар бол 21 сая төгрөг. Энэ мөнгө хаанаас гарсан бэ гэвэл 2004 оны нэгдүгээр сарын 5-ны Капитрон банкны хувийн данснаас шилжсэн. Энэ хувийг авахдаа ямар нэг ойлгомжгүй эх үүсвэр татсан асуудал байхгүй гэсэн үг.

Дараа нь 2005 онд “Бату майнинг” компанийн үйл ажиллагаа ойлгомжгүй болсон учир хувьцаагаа өртөгөөр нь зарж, тус компаниас гарсан. Гуравдугаарт, Авлигатай тэмцэх газарт мэдүүлдэг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ энэ тухай тусгасан уу гэсэн асуудал яригдаж таарна. Хөрөнгө орлогоо мэдүүлэх хууль 2007 оноос мөрдөж эхэлсэн учир энэ тухай мэдүүлэх шаардлага үүсээгүй байсан. Харин 2007 оны хөрөнгө орогын мэдүүлэгтээ би бүх эзэмшиж ирсэн, тухайлбал, 1992 оноос байгуулсан “Алтай холдинг”, “Алтай трейдинг” компанийн талаарх хөрөнгө орлогоо мэдүүлсэн. Хувьцаа худалдаж аваад буцааж зараад номоор нь эх үүсвэрээ гаргасан энгийн л нэг бизнесийн үйл ажиллагаа. Түүнээс оффшор компани өөрөө байгуулаад данс эзэмшээд байгаа асуудал байхгүй. Оффшор компани, оффшор компанийн данс Д.Цогтбаатар бид хоёрын нэр дээр байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Эл асуудлаар хууль хүчний байгууллагад хандаж, Сү.Батболд, Д.Цогтбаатар нар хууль зөрчсөн эсэхийг шалгуулна” гэв.

Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар “Оффшор данс байхгүй. Би Австралид төгссөн. Австрали найзууд надад хөрөнгө оруулалттай компанид ажиллах саналыг тухайн үедээ тавьж байлаа. Ер нь гадаадын хөрөнгө оруулалттай компанийн 80 гаруй хувь нь оффшор компаниудаас орж ирдэг. Гаднын хөрөнгө оруулалтыг наашаа татахад эхлээд оффшортоо хийдэг. 2003 онд ямар ч гадаадын хөрөнгө оруулалт орж ирдэггүй байсан. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтыг татахыг зорьсон. Оюутолгой компанийн толгой компани нь Нидерландад бүртгэлтэй оффшор компани байдаг. Миний зүгээс 11 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд 2005 онд гарсан. Тухайн үед Хөрөнгө орлогы мэдүүлэг мэдүүлдэггүй байсан. Хөрөнгө орлогын мэдүүлгийг 2007 оноос мэдүүлдэг болсон. Харин би уг мэдүүлэгт өөрт байгаа хувьцаагаа нэгд нэгэнгүй мэдүүлдэг. Өөр ямар ч зүй бус зүйл байхгүй” гэлээ.

Дараа нь тэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Оффшорын бүртгэлд Сүхбаатарын Бат-Очир гэдэг нэр яваад байна. Таны дүү юм уу. Үүнд тайлбар хийгээч?

Сү.Батболд: -Манай ах. Өглөө утастдаж асуусан. Ах “Би шалгая, ижил төстэй нэр байх нь уу” гэсэн. Бизнесийн үйл ажиллагаа хийсэн бол шалгуулах нь зүйтэй. Манай ах сүүлийн 25 жил шахам бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа. Бизнесмэн хүн бизнесээ хийгээд явж байгаа нь хууль ёсны асуудал. Улстөрчийн ах гээд нэр холбогдох учраас наад мэдээллээ шалга. Хоёрдугаарт, хууль хяналтын байгууллагад очоод хууль зөрчсөн бизнесийн үйл ажиллагаа, мөнгө татвартай холбоотой асуудал байвал энэ бүгдээ шалгуулах ёстой. Энийгээ олон нийтэд нээлттэй мэдээлж өгөөрэй” гэж хэлсэн байгаа. Энэ бүгдээр хариулт авна гэж бодож байна.

-18 мянган ам.доллараар хувьцаагаа зараад гарсан гэж та хэллээ. “Байту майнинг” компани Монголд бүртгэлтэй компани гэхээр, олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн манай редакцид өгсөн мэдээллээр ”Би Би ай” компанид баримт гэрчилгээ нь байна. 2003 онд хийсэн таны гүйлгээгээр хувьцааны дүн нь 4.923.216 ширхэг байгаа. 2003 оны арваннэгдүгээр сарын 21-нд компани байгуулагдахад таны эзэмшил дээр байж байгаад дараа нь 2005 оны арванхоёрдугаар сарын 1-нд шилжүүлсэн байх юм. 4.923.216 ширхэг нэгж хувьцааг хэдэн төгрөгөөр борлуулсан бол?

-Хувьцааны тухайд 11.9 хувьтай тэнцэх буюу 21.905.757 төгрөгийг хувьцааны үнэнд анх 2004 оны нэгдүгээр сарын 5-нд Капитрон банкнаас шилжүүлсэн. 11.9 хувь нь эхэлж байгаа компанийн хувь бөгөөд хувьцаандаа шилжүүлэхдээ 1 цент хүрэхгүй хувиар үнэлсэн. Энэ бүхэн баримтад байгаа. Тодорхой байгууллагад энэ баримтаа өгч шалгуулах болно.

-“Бату майнинг” компанийн толгой компанийн танилцуулгад Д.Цогтбаатар таны нэр байна. Энэ компани оффшор компани мөн гэж санхүүгийн хөндлөнгийн эксперти хэлээд байгаа. Төлөөлөн удирдах зөвлөлд нь 2003 оны арваннэгдүгээр сарын 21-нд байж байгаад  2005 оны зургадугаар сарын 30-нд өргөдлөө өгөөд ажлаа өгсөн гэж ойлгож болох уу?

Д.Цогбаатар: Австралийн тал хөрөнгө оруулагчдаа тавьтал хөрөнгө оруулсан хүн бид ямар ч цалин авдаггүй. Энд бүртгүүлээд байж байгаач ээ гэсэн, дараа нь Австралийн захирал ирээд тавигдсан. Өөрөөр хэлбэл, Монголын талын хөрөнгө оруулагч нь энд тодорхой хэмжээнд байгаа гэдгээ харуулах ёстой гэж ярьж байсан. Та бүхэнд бүх бичиг баримт байгаа юм чинь цалин, тэтгэмж байсан уу гэдгийг нягтлаад шалгах боломж байгаа.

-2015 оны дөрөвдүгээр сарын 27-нд 2008 оны терроризмын эсрэг санхүүгийн кодын дагуу ОХУ-ын иргэн Олег Дерпаско гэдэг хүн өөрийнхөө баялгийг мэдээлсэн байна. Мэдээлэхдээ “Бату майнинг” компани Монгол Улсад нүүрсний бизнес явуулах зорилготой, үндсэн үйл ажиллагаа нь Монголд явагддаг, 1968 оны нэгдүгээр сарын 2-нд төрсөн хүн бүрэн эзэмшдэг гэсэн мэдээлэл байна. Олег Дерпаскотой бизнесийн харилцаанд орж байсан уу?

Сү.Батболд: 2003 онд дээрх хувьцааг хууль ёсны дагуу аваад 2005 онд зараад гарсан. Тэрнээс хойш болсон үйл явдлууд гэж үзэж байна. Яагаад гэвэл бид бага хувь эзэмшиж байсан. ОХУ-ын компанитай арилжаа наймаа хийгдсэн асуудал нь сүүлд болсон асуудал юм уу, 2015 он гэхээр. Би ингэж ойлгож байна.

Д.Цогтбаатар: Би бас яг адил. 2005 онд гарчихсан учраас. Оросууд нь тийм болгосон юм уу тэрийг бол мэдэхгүй.

-Улстөрч нь оффшор бүсэд данс эзэмшдэг, хувьцаа эзэмшдэгийг хуулиар хориглоогүй байгаа. Зарим нэг гишүүн үүнийг хориглох ёстой гэж байгаа. Та бүхэн ямар байр суурьтай байна вэ?

Сү.Батболд: Мөнгө нь хууль ёсны, хувийн хэвшлийн, бизнесийн улстөрчид нь тэр компанид нь хувьцаа эзэмшдэг байгаад олон улсад мөрдөгддөг жишиг, Монгол Улсад мөрдөгддөг хуулийн дагуу хувьцаа худалдаж авах үйл ажиллагаа нь хуулийн дагуу, энийгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ зөв тайлагнаад эх үүсвэр орлогоо зөв нээлттэй хийгээд явах нь зах зээлийн харилцааны асудуал гэж үздэг. Механик аргаар зогсооно гэдэг нь бидний барьж байгаа тогтолцоонд хэр нийцтэй вэ гэдгийг бодох л ёстой.

Д.Цогтбаатар: Хүмүүс өөрийнхөө мөнгөөр Монголын хөрөнгийн бирж дээрээс “Сүү” хувьцаат компанийн хувьцааг ханш нь өсөх нь гээд худалдаад авч байгаа.  Шударга ёсоор орсон мөнгөөрөө хувьцаа авах бол чи улстөрч учраас энэ хувьцааг худалдаж авч болохгүй гэвэл буруу. Хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ энийгээ бүгдийг нь мэдүүлсэн бол тэр хүний л асуудал. Тэрийг аль ч улсын хуулинд хорихгүй байх. Хөрөнгө оруулалт хийнэ гэдэг баруунд бол таксины жолооч, сургуулийн багш хувьцааг жижиг, жижгээр аваад зарж байгаа. Баруунд бол хувьцаагаа зарж байгаа компани хамгийн ил тод байгаа.

-Таны хувьцаа худалдан авсан мөнгөний эх үүсвэр нь юу байсан бэ. Тухайн үед та төрийн албан хаагч байсан?

-Тийм ээ, би төрийн албан хаагч байсан. Гэхдээ би 1998 оноос хуулийн компанитай явж ирсэн. 11 сая төгрөг гаргаад хөрөнгө оруулалт хийх боломж байсан.


Д.БАТБАЯР: НАДАД ОФФШОР ДАНС БИЙ

Панамын оффшор дансны дуулиант мэдээлэл дунд кёкүшюзан Д.Батбаярын нэр багтсан байна. Тиймээс ямар учраас оффшор данс нээх болсон талаар товчхон тодруулга авлаа.

-Таныг оффшор данстай гэх мэдээлэл цацагдлаа. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Оффшор данс гэдэг нь өөр оронд данстай иргэнийг хэлнэ гэж би бодож байна. Тэр утгаараа надад 3,4 оффшор данс байдаг. Үүнийг нуугаад байх зүйлгүй. Би 25 жилийн өмнө Японд барилдаж байхдаа цалингийн данс, Эрүүл мэндийн даатгалтай холбоотой данс, өөрийн хувийн амьдралд зориулж данс нээж байсан юм. Эдгээр дансыг зодог тайлснаас хойш 10 гаруй жил ашиглахгүй байгаа. Тодруулбал мөнгө байхгүй хоосон данснууд юм. Японоос өөр оронд бол данс нээгээгүй.  Ер нь мөнгөө нууж байгаа хүмүүс арлуудын оронд данс нээж мөнгөө нуудаг гэж ойлгосон. Түүнийг сонсоод би жигшиж байсан. Гэтэл өнөөдөр намайг оруулчихсан байгаа учраас тэдгээр хүмүүсийн зарим нэгийг гүтгэж байж гэдгийг ойлголоо. Надад мөнгөө нуух шаардлага байхгүй. Би төрөөс төрсөн тэрбумтан биш. Би өөрийн хөдөлмөр, хөлсөөр Монгол Улсын нэрийг гаргаж барилдаж олсон хэдэн төгрөг надад бий. Тэр мөнгөө Монголд оруулж ирээд бизнес хийж байгаа нь үнэн.

-Тэгэхээр танд оффшор данс бий гэсэн үг юм байна, тийм үү?

-Тийм гэж ойлгож болно. Гэхдээ тэр данс нь Японд байдаг. Идэвхигүй болчихсон данс юм. Нөгөө талаас МАН-аас хүн оруулчихсан учраас Ардчилсан намаас бас нэг оруулчихья гээд намайг оруулчихсан байж болох юм. Өөрөөр хэлбэл зохион байгуулалттайгаар оруулсан юм болов уу гэж хардаж байна. Хоёрдугаарт Д.Батбаяр гэж өөр хүн байдаг, түүнтэй намайг андуурч байгаа юм болов уу гэж би хардаж байна.

-Та татвараа хэр сайн төлдөг вэ?

-Би  татвараас нуугдаад байх бизнес хийдэггүй. Эрүүл мэнд спортын чиглэлээр ажил хөдөлмөр эрхэлж байна. Кёкүшюзан гэдэг сан байгуулаад буяны ажиллагаа явуулж байна. Гэхдээ тийм их биш ч гэсэн өөрийн хэмжээндээ татвараа төлөөд явж байгаа жирийн нэг иргэн хүн.

Надад данс нээгээд түүндээ мөнгө нуугаад байх шаардлага байхгүй. 1990 оны эхэн үед Японд данс нээсэн нь үнэн. Одоогоос 10 гаруй жилийн өмнөөс ашиглаагүй гэлээ.

 

ЭХ СУРВАЛЖ; NEWS.MN