Б. Чулуудай оффшор дансныхаа талаар албан ёсны тайлбар хийлээ


Өнөөдрийн сошиалын гол сэдэв оффшор данстай иргэдийн мэдээлэл байна. Уг мэдээлэлд С.Баярын охид болон Улаанбаатар хотын захирагчийн хүү Б.Чулуудай зэрэг 48 хүний нэр "цохиж" яваа. Тэгвэл Б.Чулуудай оффшор дансныхаа талаар албан ёсны тайлбар хийлээ.

 

Тэрбээр "Оффшорт бүртгэлтэй гээд байгаа "Стратежик майнинг”  компанийг Сингапурын иргэн найзынхаа хамт 2011 онд байгуулж, 2013 онд хаасан. Тухайн үед хүн бүр л уул уурхайд хөрөнгө оруулалт гэж хошуурч байхад хийхийг зорьсон бизнес. Тэгээд бүтээгүй.

 

Өөрөөр хэлбэл, миний аавыг хотын дарга болохоос өмнө 2011 онд байгуулагдсан компани шүү дээ. Үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад хаагдчихсан.  Данс нээгээгүй учраас нэг ч долларын гүйлгээ хийгдээгүй. Ер нь энэ далимд хэлэхэд би хар багаасаа л иргэний эрхээ эдлэж чадахгүй байнга хардлагад өртөж, гүтгүүлж дайруулж ирлээ. Улс төрчийн хүү болсон минь буруутай бололтой.

 

Оффшор бүст компани бүртгүүлэх нь аль ч хуулиар хориглоогүй, бизнесийн хэвийн л горим шүү дээ. Улс төрч хүн данс нээвэл хардагдах л байх.  Гэхдээ тэр компани данс нээж ч амжилгүй хаагдсан гэдгийг ахин тодруулж хэлье. Оффшор данстай байх, оффшорт бүртгэлтэй компани байх хоёр нь тэс өмнөө ойлголтууд шүү. Энийг зориуд хутгаад, улс төржүүлэх сонирхолтой бүлэг байгаа. Тэд ийм мэдээг их олзуурхан шүүрч цацаж байгаа гэж харж байна" гэжээ.

 

Ямартаа ч, миний бизнест аав маань огт хамаагүй гэж ярьдаг Үүл баатрын хүүгийн нэр дээрх тус дансаар 2011-2013 онуудад мөнгөний гүйлгээ огт хийгдэж байгаагүй гэдгийг онцолсон юм.