С.Ганбаатар: МАНАН-д орсноос үхсэн нь дээр


УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Түүнийг АН-д элсэх гэж байна гэсэн мэдээлэл гадуур гарах болсонтой холбогдуулан өнөөдрийн мэдээллийг хийж байгаа ажээ.

 

Тэрбээр "Өнгөрсөн өдрүүдэд намайг том намуудад, аль нэг бүлэглэлд орж байгаа гэх мэдээлэл их явлаа. Энэ талаар мэдээлэл өгөх гэж өнөөдрийн хэвлэлийн хурлыг зарласан юм. Би үүндМАНАН-д орсон дор бол үхсэн нь дээр гэж хэлмээр байна.  

 

МАН, АН-д С.Ганбаатар хэрэгтэй биш. С.Ганбаатарт итгэж байгаа олон түмний итгэл, найдвар хэрэгтэй байж болох юм. МАН, АН-д олон шударга УИХ-ын гишүүд байдаг. Гэхдээ МАНАН-гийн оройд байгаа хэдэн луйварчин Монгол орныг минь маш хүнд байдалд оруулж, тусгаар тогтнол, газар нутгийг минь зарж байгаа. Хов хонзон хоёроор дүүрчихсэн МАНАН-гийн толгой группэд орно гэдэг сүнсээ худалдсантай адил асуудал болох байх. 

МАН, АН-ыг би эсэргүүцээгүй. Зөвхөн оройд нь байгаа хэдэн луйварчны талаар ч ярьж байгаа юм" гэлээ. 

Дээрх мэдээллийг хийсний дараа С.Ганбаатар гишүүн сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

-Та сонгуулиар бие дааж нэр дэвших үү?

 

-Сонгуулиар МАНАН-гийн эсрэг, ард түмний төлөө зүтгэдэг ямар ч хүчинтэй эвсэж, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байна. 

 

-Улс төрийн хүчнүүдийн зүгээс таныг намдаа элсээч гэсэн санал ирж байгаа юу? 

 

-Надад итгэж, тодорхой яриа хөөрөө хийсэн асуудлыг ярих нь ёс зүйгүй асуудал. 

 

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг таныг “Босоо Ганбаа хэвтээд өглөө” гэж байсан. Та үүнд ямар хариулт өгөх вэ. Таны тэмцэл яагаад зогсонги байдалд орчихов оо?

 

-Өнөөдрийг хүртэл би хувь хүний тухай ярьж байгаагүй. Гэхдээ асуусан учраас хариулъя. Улс төрчийг босоо байх уу хэвтээ байх уу гэдгийг Дубайн гэрээгээр ард түмнээ, газар нутгаа худалдсан урвагч Ерөнхий сайд шийддэггүй юм. 

Ч.Сайханбилэг, С.Ганбаатар хоёрын хэн нь босоо вэ гэдэг удахгүй тодорхой болно.Ч.Сайханбилэгийг Дархан-Уул аймагт ирж надтай өрсөлдөөч ээ гэж урьж байна. 

 

-Хөдөлмөрийн Үндэсний Намаас та бүр мөсөн гарчихсан юм уу?

 

-ХҮН-ыг хөл дээр босгож, шинэ залуу хүмүүсийг улс төрд оруулна гэж би хичээж зүтгэсэн. 76 дотроос хэн нэг нь шинэ хүмүүст туслахгүй бол 18-хан хоногийн дотор шинэ хүн гарна гэдэг хэцүү.

Би ХҮН-ыг удирдаж, сонгуульд оролцуулъя гэдэг хүсэлтээ тавьсан. Гэтэл Найдалаа нь билүү хэдэн залуу хүмүүсийн хатгаасаар ч юм уу “Би дарга болно” гэж барьцалдсан. Ингээд УДШ дээр намайг хоёр удаа бүртгээгүй. Тийм болохоор би ХҮН-ын жирийн гишүүнээр байгаа.