Эмэгтэй гишүүд ”ууртай” байна


УИХ-аас өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсанаар эмэгтэйчүүдийн квот буураад байгаа юм. Энэ талаар УИХ дахь эмэгтэй гишүүдийн байр суурийг сонирхлоо.

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: -Монгол Улс өмнө нь Сонгуулийн тухай хуульд нэлээд ахицтай алхмууд хийж байсан бол энэ удаад маш том ухралт хийлээ. Энэ ухралт нь улс орны хөгжилд том нөлөө үзүүлнэ. Өмнө нь гишүүд тухайн тойргийнхоо хөгжил цэцэглэлтийн төлөө ажилладаг байсан бол одоо гурав, дөрөвхөн хорооноос сонгогдсон УИХ-ын гишүүдтэй болох гэж байна. Эмэгтэйчүүдийн квотыг багасгасан шалтгааныг асуухаар өмнөх 30 хувь бол холимог тогтолцоон дээр зөвшөөрч байсан. Одоогийн 76 жижиг дээр энэ квотыг буулгаж байна гэсэн хариулт өгсөн. Эмэгтэйчүүд цөөхүүлээ болохоор яах аргагүй хүчин мөхөстлөө. Энэ бол хэдхэн эмэгтэй гишүүний асуудал биш. Монгол Улсын нийт хүн амын 51 хувийн эмэгтэйчүүд эзэлдэг. 20-30 жил хуримтлагдсан асуудлыг эмэгтэй гишүүд шийдвэрлэсэн шүү дээ. Тухайлбал, хүүхдийн эрхийн асуудал, хүүхэд хамгаалал, гэр бүлийн асуудал, гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг шийдсэн.

 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: -А.Бакей гишүүн энэ асуудал дээр “Эмэгтэйчүүд та нар 50 хүртэл хувийг ч эзэлж болно шүү дээ” гэж байсан. Тэр бол бодит зүйл биш л дээ.  Үндсэн хуулийн цэц гэнэт ийм шийдвэр гаргаж, сонгууль дөхсөн цаг үед буруу гэж үзэж байгаа. Пропорциональ системийг авч байсан явдал нь улс төрийн намууд бэхжихэд хэрэгтэй, эмэгтэй улс төрчдийг орж ирэх боломжийг дэмжиж өгсөн том шийдвэр байсан. Энэ бол ардчиллын үнэт зүйл. Нөгөө талаас төлөөллийн ардчиллыг бий болгосон хамгийн зөв шийдвэр байсан. Эмэгтэйчүүд улс төрд ороход мөнгөтэй, мөнгөгүй янз бүрийн тохиолдол байна. Пропорциональ байснаараа арай илүү боломж олгож байсан. Одоо бол хаагдсан. Өнөөгийн эрх мэдэл давамгайлж байгаа улс төрийн тогоон дотор эмэгтэй хүн орж ирнэ гэдэг амар биш. Нам болгоноос ойролцоогоор 15-20 эмэгтэй дэвшинэ. Тэд гараад ирж чадвал Монголын парламентын 30 хувь нь эмэгтэйчүүд болно. Хэрвээ тэгвэл Монголын төрд эмэгтэйчүүдийн дуу хоолойг гаргах боломжтой болно.

 

УИХ-ын гишүүн Р.Бурмаа: -Анх Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотын 30 хувь байхаар оруулсан. Үүнээсээ ухарч байгаад харамсаж байна. Эмэгтэй гишүүд Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн санал хураалтад эсрэг санал өгсөн. 76 жижиг мажоритар тойргийг савалдаг, сонгогчдын өгсөн санал ихээхэн хэмжээгээр гээгддэг гэдгийг Олон улсын сонгуулийн байгууллагын дүгнэлтэд иш татсан байдаг.

 

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахдаа эмэгтэйчүүдийн 30 хувийг 20 хувь болгочихлоо. Яг энэ өөрчөлтийг хийх ажлын хэсэгт эмэгтэй гишүүдээс оруулаагүй. 30 хувь гэдэг бол 23 орчим эмэгтэйг нэр дэвшүүлэх ёстой гэсэн үг юм. Эрчүүд бол 76 байтугай олон хүн нэр дэвшихээр өрсөлдөж байдаг. Тэдний зүгээс нэр дэвших гээд байгаа тэр олон эмэгтэй чинь хаана байна гэдэг асуулт тавьдаг. Уг нь бол нэр дэвших сонирхолтой эмэгтэйчүүд аль ч намд байдаг. Эмэгтэйчүүдэд байдаг гол асуудал бол мөнгө. Тиймээс бид сонгуулийн хуульд харьцангуй бага мөнгөөр нэр дэвшиж болох хуулийн заалтуудыг оруулаад явж байсан. Харамсалтай нь өнөөдөр үүнийг эрчүүд олонхиороо унагаалаа.