Амиа алдсан цэргүүдтэй холбоотой асуудлыг хаалттай хэлэлцэв


Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311-р ангид алба хаасан цэргүүд зодуур, дарамт шахалтаас үүдэн удаа дараа амиа алдаж байгаа асуудлаар өнгөрсөн оны 11-р сард УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс Хилийн цэргийн 0311-р ангид алба хааж байгаа албан хаагчдаас ирсэн санал, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжавд асуулга тавьсан юм. 

Тэгвэл уг асуулгын хариуг УИХ-ын 2016.05.06-ны өдрийн үдээс хойших хуралдаанаар сонсохоор төлөвлөсөн ч Хууль зүйн сайд Д.Дорлигжав асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх саналтай байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, УИХ-ын гишүүний асуулгын хариунд дурдагдах баримтууд Төрийн нууцийн тухай хууль болоод Засгийн газрын нууц тогтоолд хамаарч буйгаас гадна хэлэлцүүлгийн үеэр хувь хүний нууцтай холбоотой асуудал яригдах учир хаалттай горимоор хэлэлцэх шаардлагатай хэмээн тайлбарласан. Ингээд хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн юм.

Нэгэнт хаалттай хэлэлцсэн учир асуудлыг хэрхэн шийдэж, зөрчлийг яаж арилгасан нь тодорхойгүй хэвээр байна. 

 

Асуулгатай холбоотой үйл явдлыг эргэн сөхвөл...

Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311-р ангид алба хааж байсан цэргүүд амиа алдсан, өвчтэй болсон асуудал өнгөрсөн оны 11 сард сөхөгдөж, ХХЕГ-аас "Цэргийн дэглэм гэдэг зүйл одоо аль цэргийн анги дээр байхгүй болсон. Цэргүүд гэртээ байгаа юм шиг байдаг. Баруунтурууны хилийн цэргийн 0311 дүгээр анги дээр нэг л цэрэг өөрийгөө боомилсон. Бусад нь залуус урхаг өвчний улмаас гэртээ нас барсан байгаа" гэх тайлбар хийж байсан.

Уг мэдээлэлтэй холбогдуулан цэргүүдийн ар гэрийнхэн тус цэргийн ангид алба хааж байгаа цэргүүд зодуур дарамтнаас болж өвчтэй болох, цаашлаад амиа алдаж байгаа талаар мэдээлэл хийн, улмаар холбогдох албан тушаалтнуудад хандсан байдаг.

Тодруулбал, Хилийн цэргийн 0311-р ангид 2013 оноос хойш хоёр жилийн хугацаанд Хөвсгөл аймгийн Ренчинлхүлмбэ сумаас цэргийн албанд татагдаж, алба хааж байсан 5 цэрэг зодуур, дарамтнаас болж амиа алдаж, 5 цэрэг өвчтэй байгаа талаар мэдээлсэн юм. Эцэг, эхчүүдийн тухайн үед хийсэн мэдээллээр амиа алдсан цэргүүдийн нэг нь зодуурын шархаа бүрэн эмчилж чадахгүй байсаар бохир оруулж амиа алдсан бол, нөгөө нь зодуурыг тэвчилгүй боомилж нас баржээ. Мөн нэг нь тархиндаа гэмтэл авч эмчлүүлж байгаад амиа алдсан байна. Харин нөгөө нь хөгжлиийн бэрхшээлтэй ээжтэйгээ хамт амьдарч байсан хүү цэрэгт ирээд  боомилсон асуудлыг таг нууж, дараад өнгөрч байсан гэдэг.

Ар гэрийнхэн нь ХХЕГ-т удаа дараа санал, хүсэлт тавьсан ч хариу өгөлгүй өнгөрөөдөг, түүнээс гадна эцэг, эхчүүдийн гомдлын дагуу УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ХХЕГ-т нэг удаа, Хуульзүйн яаманд гурван удаа албан бичиг явуулсан ч мөн л хариу өгөлгүй таг чиг болсон гэдгийг Гишүүн өөрөө хэлж байсан.

Ц.Даваасүрэн гишүүнээс Хууль зүйн сайд Д.Дорлигжавд хүргүүлсэн асуулга