Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдөх үү?


УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил нар өнгөрсөн баасан гаригт буюу тавдугаар сарын 6-нд УИХ дахь Ардчилсан намын бүлэгт орох хүсэлтээ гаргажээ.

2012 оны УИХ-ын сонгуульд МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс намын нэрсийн жагсаалтаар нэр дэвшин УИХ-д орж ирсэн тэд 2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөх болж байна.

МҮАН-ын дарга М.Энхсайхан “Энэ удаагийн УИХ-ын сонгуульд МҮАН бие даан оролцохгүй, Ардчилсан намыг дэмжиж оролцох шийдвэрт хүрсэн” гэсэн тайлбарыг өмнө өгч байсан. Гэхдээ Сонгуулийн тухай хуульд зааснаар Ардчилсан намыг дэмжих нэрээр МҮАН-аас УИХ-ын сонгуульд өрсөлдөх боломжгүй тул УИХ-ын гишүүн М.Сономпил, Н.Батцэрэг нар намаа солихоос аргагүй болов уу. Эс бөгөөс Н.Энхбаяраас гишүүд нь зугатаасан шиг М.Энхсайханаас мөн гишүүд нь явж эхлэв үү гэх таамаг дэвшүүлэхэд хүргээд байна.

Улс төрийн хүрээнд өрнөх “жиргээгээр” өнгөрсөн оны сүүлээс эхлэн МҮАН-ын даргыг өөрчилж, оронд нь сайд Н.Батцэрэгийг сонгох сонирхол гадна талд байсан ч чадаагүй. Иймээс МҮАН-ын нэрээр сайд болон бүлгийн дарга хийсэн гишүүдийг нь Ардчилсан намд элсүүлэх замаар М.Энхсайханыг ганцаардуулах, цаашлаад Ардчилсан нам Засгийн газрыг дангаар шахам бүрдүүлэх тактикт шилжлээ гэж хардагсад ч байна.

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар өрх тусгаарлан, МАН-д элссэнээр чадамжгүй болж албан ёсоор татан буугдсан. Улмаар М.Сономпил, Н.Батцэрэг нар Ардчилсан намын бүлэгт шилжсэнээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг 37 гишүүнтэй болж, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар дөрөв л МАХН-ын гишүүний үүрэг гүйцэтгэх болж буй.

Засгийн газар нь Ерөнхий сайдыг оролцуулснаар 19 гишүүнтэй, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг татан буугдсан ч сайд нар нь Засгийн газрын 50 хувийг бүрдүүлэхгүй учраас чадамжид нөлөөлөхгүй. Гэхдээ сайд З.Баянсэлэнгэ, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар нарыг Засгийн газраас явуулж, оронд нь Иргэний зориг ногоон намынхныг оруулж ирэх замаар Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж мэдэх тухай яриа байна.