Үеэл дүүгээ “Хөргөгчинд байсан шар айраг уулаа” хэмээн хөнөөжээ


Л-Д ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААСАН БАЙНА-

 

Өнгөрөгч долоо хоногийн Пүрэв гариг буюу дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр иргэн Л-д холбогдох хүн амины хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэлээ.

 

Хэргийг тодруулбал, өнгөрөгч 2015 оны 11-р сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11-р хороонд хүн амины хэрэг гарсан байна. Шүүгдэгч Л нь оройн 21 цагийн орчимд гэрийнхээ үүдний амбаарт өөрийн үеэл дүү болох С-ыг хөргөгчинд байсан шар айраг авч уулаа хэмээн маргалдаж, цээжин тус газар нь гурван удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн байна.

 

Уг хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт шалгаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс сэжигтэн Л-ыг танхайн сэдлээр, онц харгис хэрцгий аргаар бусдыг санаатай алсан гэм буруутайд тооцож, 16 жилийн хорих ял оноосон байдаг. Гэвч шүүгдэгч Л анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй хэмээн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.

 

Уг гомдолд, иргэн Л нь гэртээ ирээд үеэл дүүгээ айлд амьдарч байж хүний юм дураараа авлаа хэмээн шаардлага тавихад босч ирээд цохиж авсан. Сандрахдаа ширээн дээр байсан хутгийг шүүрч аваад амбаарт гарахад араас С гарч ирсэн, нэг мэдэхэд хутгалсан байсан. Хэрэг нэг минутын дотор л болсон. Тэгэхэд дүүгээ хутгалсан гэдгээ мэдсэн гэжээ. Тиймээс хохирогчийн буруутай үйлдлээс болж цочролд орж санамсаргүй байдлаар үйлдсэн тул онц хэрцгий аргыг урьдчилан төлөвлөөгүй хэмээжээ. Түүнчлэн анхан шатны шүүхээс ял оноохдоо хуулийг үндэслэлгүйгээр буруу хэрэглэсэн гэжээ.

 

Дээрх гомдлыг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүлээн авч, хэлэлцээд, анхан шатны шүүхээс Л-д оноосон 16 жилийн хорих ялыг хүчингүй болгож, холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Хэрэгт Сүхбаатар дүүргийн прокурорын газраас нэмэлт мөрдөн байцаалт явуулах ба мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Л-ыг гадуур байцаахаар болсон байна.