Аав ээжийнхээ чихийг халууцуулж байсан


Хүүхэд нас гэдэг хүний амьдралын хамгийн жаргалтай үе байдаг . Аав ээждээ эрхэлнэ, хааяа дэггүйтээд зэмлүүлнэ гээд л аль эс тохиолдохыг тэр гэхэв.  Үүний адил дуучин Э.Оюумаагийн хүүхэд нас дурсамж дурдатгалаар дүүрэн байдаг юм. Тэрээр хүүхэд байхын л дуулж, хуурддаг янз бүрийн соёл урлагийн арга хэмжээнд байнга ордог “сэнтэг” охин явжээ. Багадаа жижигхэн биетэй,  их хөдөлгөөнтэй,  эмэгтэй хүүхэд гэхэд сахилгагүй талдаа хүүхэд байж. Бас болоогүй л охидын “толгойлогч” гэж байгаа.

 

Тэгвэл дуучин бүсгүй хүүхэд насныхаа ийм нэгэн хөгжилтэй түүхийг хуваалцсан юм. "Манай нутагт “Оросын хог” гэж нэг их хог байдаг байжээ. Тэгэхэд би тав, зургаадугаар ангид байсан байхаа. Тэгсэн нэг өдөр том ах нар нөгөө хог руу яваад унадаг дугуйны төмөр, дугуй энэ тэр гээд баахан юм авчраад эвлүүлсэн гээд уначихсан явж байна. Миний муухай хор хөдлөөд л. Тэгээд  шууд л хичээлээ таслаад “охидынхоо бүлгийг” дагуулаад хог руу очдог юм байна. 

 

Харин тэнд очоод дугуйны төмөр биш орос цэргийн бүдүүн бүс баахныг олж аваад харьтал биднийг “хичээл таслаад алга болчихсон” гээд багш эцэг эхчүүд бөөн сүр дуулиан болчихсон угтсан. Эхлээд сандралдаж байсан хүмүүс чинь биднийг харангуутаа л хаачаад ирэв, хэн санаачилсан гээд уурлана биз дээ. Тэгээд би санаачилсан гэдгээрээ сайхан “жавтий” хүртээд өнгөрсөн юмдаг.  Энэ мэтчилэн их сахилгагүйтэж ээж аавынхаа чихийг халууцуулж л явлаа" гэж сонирхууллаа.

 

PHOTONEWS.MN