Намын жагсаалтгүй болохыг дэмжлээ


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ. Хэлэлцэж  буй асуудлын хүрээнд УИХ-ын гишүүдийн зүгээс саналаа хэлсэн юм. 

 

С.Дэмбэрэл: Энэ бол их ойлгомжтой асуудал. Энэ асуудлыг бид шийдэх байх. Бид дөрвөн жил болчихоод огт шийдээгүй асуудлууд байна. Энэ дөрвөн жилд татварын шинэчлэл хийнэ гэж хоёр нам амалсан. Одоо хүртэл хийсэнгүй. Яагаад вэ. Энэ дөрвөн жилд бизнесийг орчныг сайжруулъя гэсэн. Зарим хууль нь таг болсон, сонгогч дээрээ очоод юу гэж хэлэх үү. Хүмүүсийн амьдралд илүү ойр, амьдрал, ажиллах орчныг сайжруулах, орлогыг нэмэгдүүлж, тогтвортой болгох хуулиуд байгаад байна. Хоёр намын бүлгээс энэ хуулиудыг батлахыг хүсч байна.

 

Р.Гончигдорж: Үндсэн хууль зөрчиж орж ирсэн асуудлыг УИХ-аар хэлэлцэхгүй буцаах хэрэгтэй. Ардчилсан нийгмийн хамгийн гол зүйл бол тодорхой хугацаатай, тодорхой хуулиараа сонгууль болдог. Энэ өнөөдөр зөрчигдөж байна. Маргаашаас нэр дэвшигчдийг бүртгэх ёстой. Ардчилсан нийгэм дэх ардчилсан сонгуулийг цаг хугацаандаа явахыг хойшлуулж байна. 6 сарын дотор Сонгуулийн хуулийг өөрчлөхгүй байх суурь зарчмыг хөндөж байгаа нь хүний улс төрийн эрхийг зөрчихөд хүргэж байна. Жагсаалтыг хасахтай холбогдуулж, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авчихсан юм биш үү гэсэн мэссэжийг чулуудаж байгаа. 

 

Б.Гарамгайбаатар: УИХ-д сонгогдсон гишүүдийн хэлж буй үгийг сонсоод үнэхээр гутарч байна. Би жагсаалтаар биш тойргоос сонгогдсон хүн. ҮХЦ-ийн дээд суудлын шийдвэр эцсийнх байдаг. Гэтэл дээд суудлынхаа шийдвэрийг дунд суудал нь үгүйсгэлээ. МАН 90 гаруй жил Монгол орныг удирдсан. Гэтэл Ираны шашны лидертэй адил шийдвэрийг захиалж гаргууллаа. Монгол Улсын парламент, намууд төлөвшөөгүй байна. Би МАН-ыг үнэхээр төлөвшсөн нам гэж ойлгож байсан чинь хамгийн төлөвшөөгүй нь байж. Энэ бол улсынхаа ирээдүй, хойч үеэ бодсон шийдвэр биш. МАН 2016 онд яаж олонх болох вэ гэсэн ганц бодолтой байна.

 

Ё.Отгонбаяр: МАН захиалж шийдвэр гаргуулсан гэдгийг нь нотло л доо. Битгий ийм юм ярьж байгаач.

 

С.Одонтуяа: ҮХЦ-д итгэх итгэл алдарч байна. Тиймээс хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй. Сонгуулийн хуульд 2012 онд холимог тогтолцоог оруулж ирсэн нь дэвшил болсон. Гэхдээ үүгээр далимдуулж, орон нутгийн ИТХ-д ёс суртахуунгүй, ажлын туршлагагүй хүмүүс орж ирсэн тал байгаа. Парламентын засаглалтай 60 гаруй улс холимог тогтолцоотой байдаг. Монгол Улс харин үүнээс ухрах гэж байна. 2012 оны сонуулиар 11 эмэгтэй гишүүн УИХ-д оржирснээр гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хангах чиглэлээр олонхууль батлуулсан . Хэрэв квотыг устгах юм бол бид эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалахын тулд тэмцэх болно гэдгээ албан ёсоор мэдэгдье. Одоо байгаа холимог систем дэвшилттэй. Үүнийг МАН олонх байхдаа хамгийн сайн нь гээд баталсан. Хэдийгээр УИХ сайн хууль батлаж байгаа ч хэрэгжилтэд завхрал байна Өнгөрсөн сонгуулиар жагсаалтаар ямар ч улс төрийн хүмүүжил, ёс суртахуунгүй хүмүүс орж ирснээс болж нэр хүнд нь унасан. Өнгөрсөн сонгуулиар УИХ-д орж ирсэн 11 эмэгтэй гишүүн бүх байнгын хороонд хуулийн манаач хийсэн.

 

Ш.Түвдэндорж: ҮХЦ-ийг буруутгах нэг хэцүү буруутгахгүй байх нэг хэцүү. Тэд хуулиа сахиад ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй бгаа. ҮХЦ-ийн гаргасан шийдвэр амьдрал дээр зөрчилддөг. Сүүлийн 1 жилд ҮХЦ-тэй холбоотой шуугиан их гарч байна. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах шаардлага ҮХЦ-ээс буцаж буй олон хууль дээр харагдаж байгаа юм. Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийн төлөө явмаар байна. Тэр жагсаалтын гишүүн, энэ нь тойргоос сонгогдсон гээд байх хэрэггүй. ҮХЦ нэр хүндээ өсгөхийн тулд нийгмийн захиалгаар ийм шийдвэр гаргасан гэж би үзэж байгаа.

 

Г.Уянга: Нэр дэвшигчид тодрох хугацаа аль хэдийнэ болчихоод байхад одоог хүртэл ямар системээр сонгуулиа явуулахаа ч шийдээгүй байна. 76 жижиг тойрог болох хувилбар руу явж байгаа гэж би сонсоод байна. Бид Цэцийн дүгнэлтийг хүлээж авчихаад яаж цаашаа явах вэ гэдгээ ярих хэрэгтэй. Жижиг тойрог болоход юу болдог вэ, яадаг вэ гэдгийг бид сайн мэднэ шүү дээ. Нийгмийн ийм уур амьсгал дунд 76 жижигсгэсэн тойргоор нь явна гэдэг 7 сарын 1 болохгүй гэх үндэслэлгүй юм.

 

Санал хураалтаар УИХ-ын гишүүдийн олонхи нь Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан намын жагсаалт нь Үндсэн хууль зөрчсөн гэх шийдвэрийг дэмжлээ. Ингэснээр Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөх юм. Энэ нь 76 жижиг тойргоор явах уу, томсгосон 26 тойргоор явах уу гэдгийг шийдвэрлэх юм.