Б.Батзориг: МАН-тай шүүх дээр уулзъя


"Hero Entertainment"-ийн эргэн тойронд үүсээд буй асуудлын дагуу тус студийн ерөнхий редактор Б.Батзоригтой холбогдож зарим зүйлийг тодрууллаа.

 

-“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин “Хэдхэн хоногийн өмнө, том бүлэглэл гэж хоосон зүйл байсныг Монголын цагдаагийн газар тогтоолоо” гэж мэдэгдсэн. Та нарт цагдаа, прокуророос ямар нэг бүлэглэл цаана нь алга гэдэг албан ёсны хариу өгсөн үү?

 

-Бидэнд албан ёсны мэдээлэл өгөөгүй. Ямар ч хэргийг Цагдаагаас шалгаж үзээд, прокурорт шилжүүлдэг шүү дээ. Хэрвээ прокуророос ямар нэг шийдвэр гаргасан бол эхлээд хохирогчид танилцуулдаг. Гэтэл бидэнд танилцуулаагүй. Харин прокуророос албаны мэдээлэл хийсэн гэдэг мэдээ нэр бүхий мэдээллийн сайтад тавигдсан байсан. Бид тус сайтаас хаанаас ийм мэдээлэл авсан талаар тодруулахад бидэнд эх сурвалжаа хэлэхгүй гэсэн. Гэтэл прокурор нь “Бид ийм мэдээлэл хийгээгүй, өгөөгүй” гэсэн хариуг хэлээд байгаа юм.

 

-Прокуророос албан ёсны шийдвэр гаргаж та нарт мэдэгдээгүй гэж ойлголоо?

 

-Тийм. Прокурортой очиж уулзахад танилцуулах боломжгүй, байхгүй гэх мэт тайлбарууд хэлсэн. Ингээд үйл явдлыг дэс дараатай хөөж үзвэл тухайн сайт худал мэдээлэл тараасан байлаа гэхэд урьдаас ийм нөхцөл байдал бий болно гэдгийг мэдэж мэдээллэсэн байгаа юм. Албаны мэдээлэлгүй байж шүү дээ. Хэрвээ прокурор мэдээллэсэн бол хохирогчид танилцуулалгүйгээр олон нийтэд мэдээллэсэн болж таарна. Жирийн нэг мэдээллийн сайт прокурорын өмнөөс мэдээлэл хийсэн мэтээр бичдэг, өөрсдөө мэдээндээ бүр дүгнэлт хийж байгаа нь үүний цаана улс төрийн эрх мэдэлтэн байна гэж хардахад хүрч байна.

 

-Прокуророос энэ талаараа албан бичиг явуулж, тайлбар өгсөн үү?

 

-Өчигдөр прокуророос 11:10 цагт албан мэдэгдэл ирсэн. Дугтуйн дээрх он сарыг нь харвал 4 сарын 25 гэсэн байгаа юм. Гэтэл албан мэдэгдлээ бөглөхдөө 4 сарын 21 гэж он сараа тэмдэглэсэн байсан. Энэ нь логикийн алдаатай. Учир нь бид 4 сарын 22-нд прокурорт очиход ямар нэг тогтоол, шийдвэр гараагүй гэж хэлж байсан. Ингээд үзэхээр яалт ч үгүй нарийн зохион байгуулалттай байна гэж хардахаас аргагүй юм.

 

-Жүжигчин Амараагийн бичлэгийг МАН захиалсан, захиалаагүй гэдэг асуудал мөн яригдаад эхэллээ?

 

-Амараагийн бичлэгийг МАН-ын захиалгаар манай студи хийсэн. МАН-тай гэрээ хийж, мөнгө хөлсөө тохиролцоод, тэр рекламыг хийсэн байгаа. Хэрвээ үгүйсгээд байгаа бол МАН-тай шүүх дээр уулзахаас яах вэ.