Н.Энхбаярт “боломж” олгох хуулиас давсан ТОГТООЛ


МАН-д эвсэж сонгуульд оролцох санал эхэлж тавьсан мөртлөө  эцсийн байдлаар баталгаажих мөчид МАХН гэнэт "мурьсан". Энэ нь Н.Энхбаярын намыг АН-ын сэдэж олсон мэргэн арганд уураглагдаж, ирэх сонгуулиар МАН-ын саналыг хуваах хорчин байх дүрд хувирахад хүргээд буй.

 

АН-ын зүгээс өршөөлийн хуулийн хэрэгжилтийг сайржуулах цаашлаад хууль сахиулах тухай хуулиудыг эргэн харах замаар Н.Энхбаяр гарц бий болгохоор ажиллаж байна. Ингэснээр Н.Энхбаярын төрд ажиллах эрх нээлттэй болж, ирэх сонгуульд өрсөлдөх боломжтой.

 

Тодруулбал, “Ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2015 оны  долдугаар сарын 2-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхээр ял шийтгэгдэж, үндсэн ялыг эдэлсэн, өршөөл уучлалд хамрагдсан хүний ялтайд тооцох хугацааг ямар гэмт хэрэгт холбогдсоноос үл хамааран уг хуулийн наймдугаар зүйлийн 6.1-д заасны дагуу өршөөн хэтрүүлсэн тул хувийн хэрэгт нь ял шийтгэлгүйд тооцох тухай" тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороо хэлэлцсэн. 

Хэлэлцүүлэг ерөнхийдөө чимээгүйхэн өнгөрч, мэдээллийг шуудхан тараачихаагүй. Тиймээс энэ асуудал өнгөрсөн долоо хоногт дуулиан тариагүй гэж болно. Мэдээж, АН-ынхан Н.Энхбаярт ийм сайхан боломж нээж өгөхөөр амласан тул тэр Солонгосоос яаран ирж, МАН, МАХН-ын нэгдэлд  завсарлага авахуулсан гэх. 

 

Чуулганаар уг тогтоолын төсөл улаан гэрлээр батлагдах боломжтой. АН-ын 35 гишүүн дээр МАХН-ын 8 гишүүн эерэг кноп дарна. Энэ тохиолдолд МАН-ынхан юу хийж чадах билээ. Уг нь АТГ-аас Н.Энхбаярыг 2017 оны наймдугаар сар хүртэл төрийн албанд ажиллах боломжгүй гэж мэдэгдсэн.

 

Нөгөө талаас Н.Энхбаяр Эрүүгийн хуулийн 150.3 болон 263.2 зүйл ангиудаар яллах тогтоол уншуулж байсан хүн. Өршөөлийн хуулиар эл заалтууд ерөнхийлөгчийн хоригт өртөж, ганц 150:3 Х.Тэмүүжин гишүүний тайлбар, ятгалгаар сугарч үлдсэн. Ингэснээр байгууллагаас мөнгө завшсан хэргээр хоригдож байсан олон нягтлангууд суллагдсан билээ. Харин 262 хоригоор өршөөлийн хуулиас хасагдсан. Тэгэхээр Хуульзүйн байнгын хорооны чуулганд орлуулж ирэх тогтоол хуулиас давах эрхзүйн орчин бий юу гэдэг бас бодох асуудал юм. 

Ямартай энэ долоо хоногт уг тогтоолын төсөл чуулганаар хэлэлцэгдэхгүй боло ирэх долоо хоногт орж ирэх нь тодорхой. Энэ сарын 30-наас өмнө Н.Энхбаяр бүрэн өршөөгдсөнөөр сонгуульд нэр дэвших бүртгэлд орох боломжтой юм. 

 

Эх сурвалж: www.TODAY.mn