С.ЛАМБАА: УЛААНБУРХАН ӨВЧНӨӨР НАС БАРСАН ХҮҮХДҮҮДИЙН 70 ХУВЬ НЬ АРХАГ СУУРЬ, ХАВСАРСАН ӨВЧТЭЙ БАЙСАН


Нийгмийн сэдэв бол яах аргагүй Улаанбурхан өвчний дэгдэлт болчихоод байна. Энэ өвчний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн бүгд бичиж, анхааруулж, төр засаг, эрх баригч, эрүүл мэндийн салбарын удирлагуудад хатуухан сануулж, чичилсэний эцэст анхааралдаа авч дуугарч эхэллээ. Өнөөдөр гэхэд 14 цагт хэвлэлийнхэнд эрүүл мэндийн салбарын удирдлагууд мэдээлэл хийлээ.

 

Тодруулбал, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг орлож байгаа С.Ламбаа, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, тус төвийн Сэхээн амьдруулах тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр, НЭМГ-ын дарга Ш.Энхбат нар оролцож,Улаанбурхан өвчний дэгдэлт ямар байгаа талаар мөн өнөөдрийн байдлаар хэчнээн хүн өвчилж, эмчлүүлж байна, хэдэн хүүхэд уг өвчний вирусээр нас барсан талаар тодорхой мэдээлэл өглөө.

 

С.Ламбаа “Өнөөдөр олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслээр 5 хүртэлх насны 918 хүүхэд нас барсан мэтээр ташаа мэдээлэл их тарж байна.

 

Энэ оны эхний гуравдугаар сард 5 хүртэлх насны 491 хүүхэд эндэсний дотор 1 хүртэлх насны хүүхэд 427 байгаа юм. Өмнөх онтой харьцуулахад 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 120 хүүхдээр нэмэгдсэн байна. Мөн он гарсаар улсын хэмжээнд нийт 16270 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 3347 нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Улсын хэмжээнд 39734 хүүхэд өвчилснөөс 39675 хүүхэд буюу 99,8 хувь нь эдгэрсэн байна. Эхний гурван сарын байдлаар 59 хүүхэд эндэж нас баралтын түвшин 0,3 хувь байна. Тиймээс манай улсад энэ өвчний эндэгдлийн хувь 0,3 хувьтай байна гэж ойлгож болно. Эндсэн хүүхдүүдийн 76,2 хувь нь 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдүүд, эдгээр хүүхдүүдийн 50,8 хувь нь лаборторийн шинжлэгээгээр батлагдсан.

 

Нийт эндсэн хүүхдүүдийн 70 хувь нь архаг суурь, хавсарсан өвчтэй, тухайлбал тураал, цус багадалт, рахит, диатез, төрөлхийн дархлаа дутагдал, уруул тагнай сэтэрхий, эвэрхий, уналт таталт, төрөлхийн гаж хөгжил, цусны хорт хавдар зэрэг архаг суурь өвчтнй байна. Эдгээрийн 96,8 хувь нь уушгины хатгалгаа, 3,2хувь ларингитаар хүндэрсэн байна. ХӨСҮТ-ийн ачаалал дийлдэхгүй байгаа. Би тус төвд удаа дараа очиж ажилласан, нөхцөл байдалтай танилцсан. Ямар байгаа талаар сайн мэдэж байгаа” гэв.

 

ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр “Энэ өвчин хүндрэх нөхцөл шалтгаан юу байна вэ гэхээр өвчин үүсгэгчийн өвөрмөц байдал нөлөөлж байна. Вирусийн өвчлөл өвөрмөц байна гэхээр богино хугацаанд хүүхдүүд маш хүнд хэлбэрийн уушгины эмгэгээр хүндэрч байна. Уушгинд нь ямар ч эмгэг байхгүй рентгин зургаа барьж дүүргийнхээ эмнэлгээр өвчний шинж тэмдэггүй явж байгаад, маргааш нь манайд ирэхдээ улаанбурхан өвчнөөр өвчилсөн байдалтай ирдэг. ХӨСҮТ-д амьсгалын аппарат нь байхгүй байгаа.

 

Өнөөдөр амьсгалын аппаратанд орох ёстой байтал орж чадалгүй эндлээ. Эсвэл эрчимт эмчилгээний тасагт хүүхдээ оруулж хэвтүүлэх заалттай байтал ор байхгүй оруулаагүй, буцаасан гэх мэдээлэл гадуур гараад байна. Бид халуун сэдэв дээр ажиллаж байгаа хүмүүсийн хувьд зохимол аппарат байхгүй, хүрэлцээгүй улмаас хүүхэд эндсэн гэх асуудал гараагүй ээ. Сувилагч эмч нарын хариуцлагагүй байдлаас болж амиа алдсан тохиолдол гараагүй. Бидний хүчин чадал хүрэхгүй байна, давагдашгүй хүчин зүйл байдаг юмаа. Гэхдээ бид цаг алдахгүй ачаалал ихтэй хамтаараа, багаараа ажиллаж байна. Өнөөдөр манай сэхээний тасагт 22 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Өчигдөр гурван хүүхэд эндсэн гэдэг асуудал гараагүй. Харин энэ сарын 13-нд хоёр хүүхэд эндсэн асуудал гарсан” гэв.

 

Улаанбурхан өвчний дэгдэлтэй холбогдуулан Засгийн газраас ямар арга хэмжээ авав.

 

-Засгийн газрын тогтоолын дагуу 2015 оны тавдугаар сард 6 сартайгаас 6 хүртэлх насны 370 гаруй мянган хүүхдийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар дархлаажуулсан.

 

-ЗГ-ын 159 дүгээр тогтоолоор 3 дугаар шатны нэмэлт дархлаажуулалтад шаардлагатай 948,300,000 төгрөгийг шийдвэрлүүлж, 627 500 хүн/тун вакцин дагалдах хэрэгслийг НҮБ-ын Хүүхдийн санд захиалсан.

 

-Салбар хариуцсан яамнаас холбогдох байгууллагуудад албан даалгавар, хариу арга хэмжээний төлөвлөгөө, мэргэжил арга зүйн зөвлөмжийг тухай бүр нь хүргүүлэн ажиллаж байна.

 

-ХӨСҮТ-д шаардлагатай 350 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг худалдаж авах гэрээ хийсэн.

 

-Голомтын дархлаажуулалтад 50,000 гаруй хүнийг хамруулсан.

 

-Өвчлөл өндөр байгаа Увс, Сэлэнгэ, Орхон, Ховд, Хэнтий, Өмнөговь, Дорнод аймгуудад дэмжин туслах баг ажиллажээ.

 

-Нийслэлийн эмнэлгүүдэд 500 гаруй эмч мэргэжилтнийг сургалтад хамруулсан, сургалт сурчилгааг өргөн хүрээтэй зохион байгуулж байна.

0-8 сартай хүүхдийг уг өвчнөөр өвчлүүлэхгүй байхын тулд эцэг эхчүүд юу анхаарах вэ?

 

-Эцэг эхчүүд дархлаатай байх, бага насны хүүхдээ гадуур дотуур олон хүний хөлийн газраар авч явахгүй байх, мөн нярай хүүхдээ нэг нас хүртэл дан хөхөөр хооллох, хөхний сүү дархлаа сайн дэмждэг аж. Ариун цэвэр сахих, аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглүүлэх, хэрвээ уг өвчний шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй, Өрхийн эмнэлэгтээ хандаж үзүүлэх, зөвлөгөө авах ёстой ажээ.

 

Өвчний шинж тэмдэг яаж илрэх вэ?

 

-Өндөр тунгаар халуурах, завжин дотор улаан юм туурах, чихний араар болон хацрын шанаанаас эхлэн улаан юм туурч, доошоо их бие рүүгээ орох, нимгэн хальсаар эхэлж туурах, мөн хоолонд дургүй болж хөлрөх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.