Сайн байна уу. Тантай уулзсандаа баяртай байна. Бэртсэн гэж сонссон, бие нь сайнуу?
Хаанаас мэдэв ээ. Мэдээлэл хурдан тарах юмаа /инээв/. Хүний амьдрал янз бүрийн зүйлээр дүүрэн. Би ямарч асуудлыг эерэгээр хүлээж авдаг. Сайн ч , муу ч бүх зүйлдээ хайртай. Бэртсэн ч би тэр далимд асар их зүйл уншиж, анхаарлаа сарниулахгүй илтгэлдээ төвлөрч үр бүтээлтэй өнгөрүүлсэн.
Гэхдээ Ж. Цолмон хатагтай өнөөх л хэвээрээ инээмсэглэж, өсгийтэй гуталаа өмсөөд намын ажилдаа оролцоод л явж байна. Бусдыг хүндэлж байгаагийн нэг илрэл байх?
Улс төрч, удирдагч хүн будгаар будагдахгүй, ямар нэг зүйлд автагдахгүй, аль нэг тийш хазайхгүй байх ёстой. Миний бие муу байна гээд ажлаасаа татгалзаж болох л байсан. Хүмүүс ч ийм болчихоод яаж явах юм, чөлөө ав гэсэн л дээ. Гэхдээ би хэнээс чөлөө авна гэж? Надад ялангуяа өөрөөсөө чөлөө авах эрх байхгүй. Хүмүүс их амархан харж байх шиг байна л даа. Өвдвөл чөлөө авчихна, болохгүй бол тасалчихна гэсэн ийм л хандлага улсын хөгжлөөс чангааж байна. Дээрээ даргатай байсан ч би тэгж хэлж чадахгүй. Би үхээгүй л бол надад юу ч тохиолдсон нь сонин биш. Тэрийг туулж юу ч болоогүй мэт зохицуулах ёстой. Яг бэртсэн үед эмэгтэйчүүдийн байгууллагынхантайгаа хөдөө явж байсан учраас би машиндаа хэвтээгээрээ шахам явсан. Машин донслоход өвчин намдаах эм, тариагаар аргалж байлаа. Гэхдээ энэ миний чухал асуудал биш шүү дээ. Тиймээс хүн амласандаа, зорьсондоо байвал сэтгэл санаа тайван, ямарч өвчин зовлонг давж чаддаг. Тийм л учраас би биеийн өвчинг тэсэж чаддаг.
Бас нэг таагүй мэдээ чих дэлссэн нь хоёр охин тань ЭМЯ-ны урд зам хөндлөн гарахдаа машинд мөргүүлсэн гэсэн энэ үнэн үү?
Тийм зүйл болсон. Миний хоёр охин багаасаа гадаадад амьдарсан болохоор их болгоомжтой. Гарцгүй газраар зам гарна гэж байхгүй. Бүр тэмдэг, тэмдэглэгээтэй хэсгээр гарч явахад тэднийг мөргөсөн байсан. Хөл нь хугарч, нуруу нь гэмтээд, толгойгоороо урд шилийг нь цохьсон. Миний хоёр амин сүнс шүү дээ. Охин хүүхдийн эрүүл мэндэд дараа нь яаж нөлөөлөхийг мэдэхгүй. Гэхдээ би энэ бүгдийг хүлээж авсан. Миний хамгийн их гомдсон зүйл юу гэхээр монголчууд цөөхүүлээ байж яасан муухай болчихсон, яаж бие биенээ асар муухайгаар доромжилдог юм бэ? Бусдын хэрэг тэдэнд ямар хамаатай юм бол. Би өөрийнхөө ажлыг хийж бардаггүй. Надад яг үнэнийг хэлэхэд цай ууж, бие засах ч зав олддоггүй учраас бусдын хэргийг сонирхдоггүй. Би бүх хүнийг эрүүл саруул, энх тунх байгаасай л гэж хүсдэг. Хэн нэгнээс буруу хайж, шийтгэх зэмлэх гэсэнгүй. Сэтгэл минь зөв, хийж байгаа үйл минь ариун байхад миний хоёр хүүхдэд ямарч муу юм болохгүй гэж боддог. Өөрөө сайхан сэтгэлтэй бол өмнө чинь бул хар чулуу байсан ч “зайлчихдаг” нь амьдралын үнэн. Тэр хүмүүсийг эсвэл намайг муухай харагдуулах гэж бичих ямар шаардлагатай юм. Эсвэл цалинтай муулж мөнгө авдаг юмуу. “Хайран машин”, “тэр хоёр юм нь яасан үхдэггүй юм бэ”, “ Цолмонгоор машиныг нь төлүүл” гэж ч байх шиг. Аймшигтай юм бичсэнийг хүн надад хэлсэн. Гол нь байцаасан цагдаа нар хүний нууцад халдаж, эрх мэдлээ ашиглан мэдээлэл цацах эрхгүй шүү дээ.
Та эмч юм чинь охидынхоо эмчилгээнд анхаарсан биздээ. Ингэхэд охид чинь ямар мэргэжлээр сурч байна. Магадгүй аав шигээ дипломатч хүн болох уу, ээж эмээ шигээ анагаахын хүн болохоор шийдсэн үү. Та ер нь охиддоо үлгэрлэж юуг захидаг вэ?
Охид маань аав ээжийгээ зовоодоггүй, яаж байна гэж асуухаар “зүгээрээ” л гэдэг. Багаасаа ийм зантай байсан л даа. Бүр “хүмүүс ийм шинэ загварын утас барьж байна” гэхээр “яах юм бэ ээжээ” гэдэг. Манай том охин монголдоо хоёр ч дээд сургуулийг улаан дипломтой төгссөн. Монголчууд international school гэж мэддэггүй байхад Тайландын international school –ийг төгссөн. Deli-гийн British school-д сурч байсан. Сингапурын охидын топ St. Margaret сургуулийг төгссөн. Багаасаа мундаг боловсорсон болохоор дээд мэргэжлээ монголдоо эзэмш гэхэд уриалгахан хүлээж авсан. Угаас хүн юм суръя гэвэл хаана ч, багшгүй сурна шүү дээ. “Улаанбаатар Эрдэм-Оюу” сургуулийн гадаад харилцааны ангийг хоёр жилийн хугацаанд улаан дипломтой төгссөн. Бүр “танай охинд заах хичээл олдохгүй байна. Төгсгөж болохуу” гэж асууж байлаа. Дараа нь охин маань таны мэргэжлийг өвлөнө гээд АШУҮИС-д элсэж, улаан дипломтой төгссөн. Тэр үед би их гайхсан. Нэг өдөр сургуулиас нь утасдаад “танай охин Маралгуа улаан дипломтой төгсөх гээд байна яах вэ?” гэж байна. “Хүүхэд сайн сурвал авч болно биздээ гэхэд” улаан диплом олгож болохгүй байна, таныг өглөө гээд хэл ам гарна шүү дээ гэсэн. Надаас болж миний охин, аливаа хүн хэлмэгдэж болохгүй биздээ. Шударга байх ёстой. “Хэрвээ тийм юм байдаг, хүний эрхийг боогдуулаад үнэнч шударгаар дүгнэж болдоггүй, хүний амьдралыг хамаагүй шийдчихдэг юм бол тэгэхгүй юу даа” гээд тасалсан. Охин минь яах ч аргагүй бүх шалгалтаа 100% өгсөн. Хүн хөдөлмөрөө үнэлүүлэх ёстой. Тэгээд улаан диплом гардахаас өөр аргагүй биз дээ. Диплом гардахдаа төгсөгч охид хэдэн янзын маш гоё даашинз өмсдөг юм билээ. Тэгэхэд охин маань “яах юм бэ ээжээ, ганцхан цаг болох юм чинь таны дээлнээс өмсчихье “ гээд гурван ч сургуулиа төгсөхдөө миний дээлийг өмсч байлаа. Аавыгаа дуурайсан ч юм уу, ерөөсөө л бодь сэтгэлгээтэй охидтой хүн дээ, би. Том охин маань мастераа төгсөнгүүтээ “Үндэсний хөгжлийн стратеги” сэдвээр доктор хамгаалахаар Тайваньд сурч байгаа. Би охиддоо “үргэлж өөртөө итгэлтэй, аз жаргалтай л байх ёстой шүү. Ээжид нь энэ маш чухал” гэж хэлдэг.
Аав ээж хоёр минь
Та дипломат ёсыг хар багаасаа сурсан болохоор ямар ч айлчлалд алдаа гаргадаггүй байх. Магадгүй танай гэр бүлд хэвшсэн дүрэм байдаг уу, З.Жадамба хэмээх айлд ямар ёс жаяг баримталдаг вэ?
Миний аав НҮБ-ын зүүн өмнөд азийн бүсийн ДЭМБ-ын дэд захирлаар ажиллаж байсан хүн. Манайх ерөнхийдөө хатуу, эцгийн эрхт ёс ноёлсон гэр бүл. Манай ээж нярай хүүхдийн эмч, Монголын “Сарангуа ээж” нарын нэг. Ээж маань хичнээн мэргэжилдээ чадварлаг ч үр хүүхдийнхээ төлөө эхийн хайр, ханийн халамжаар дутаахгүй сайхан гэр бүлийг цогцлоохын төлөө карьерыг хойш нь тавьсан хүн. Гэр бүл ямар байдаг, нэгнээ хэрхэн хүндэтгэдэг, ямар жаягийг дагах ёстой, ямар үедээ нэгнээ дэмжиж, хэзээ эрхээ эдлэх гээд бүгдийг үйлдлээрээ заасан. Аавын гутал, хувцас, цаг, бөгжийг нэг л газар тавина. Хэрвээ цагийг нь жаахан хазгай тавибал аав мартчихдаг. Яг л бүх юм байрандаа байх ёстой учраас тийм зантай болчихсон. Ер нь эмэгтэй хүн ханиа яаж өөрийнхөөрөө сургана, амьдралын турш тийм л байдаг юм билээ. Манай гэр бүлд эрчүүд нь юу ч хийдэггүй. Аав оюуны хөдөлмөрөө л сайн хийнэ, түшиг тулгуур болж, шаардлагатай тохиолдолд шийдвэр гаргана, жижиг зүйлд ч мэдрэмжтэй ханддаг. Өглөө сэрэхэд л ээж бидний гутлыг жимбийтэл тослоод тэгшхэн тавьсан байдаг. Ийм л гэр бүлд өссөн. Ширээ засалтаас авахуулаад зочдыг хэрхэн хүлээж авах, хооллох ёстойг амьдарлаараа үлгэрлэсэн. Тиймээс би аливаа уулзалт яриа хэлцэл, зөвшилцөлд ямар ч мэргэжлийн сургууль төгссөн хүнээс илүү. Би ЭМЯ-ны гадаад харилцааг нүүр бардам авч явж байсан. Өөрийгөө магтаж байгаа юм биш л дээ. Манай гадаад харилцаа ГХЯ-ныхтай дүйцэхүйц байсан шүү.
Таны багад гэр чинь таван үйлчлэгчтэй, цүнх барьж явдаг хүн ч тустай байсан гэдэг. Бараг л Монголчууд доллар барьж үзээгүй байхад, Энэтхэгт баян ядуу амьдарлын заагийг ч үзсэн гэдэг?
Тэр үед Монгол социалист орон байсан бол бид капиталист нийгэмд амьдарч байсан. Энд хүн бүр жигд, хөдөлмөрлөснийхөө хэрээр цалин авдаг байсан. Тэр үед аав маань өндөр алба хашиж байлаа. Гуравдагч оронд үйлчлэгчтэй байх энгийн үзэгдэл байхгүй юу. Элчингийн ажилчдыг бодвол ОУ-ын байгууллагад ажилладаг учраас том байранд амьдарч байсан. Цэцэрлэгчин, тогооч, угаагчтай байсан л даа. Гэрт байгаа үйлчлэгч манай дүү бид 3-ыг сургуулиас авдаг болохоор цүнх барих гэх мэт асуудал байсан ч би буруу хүмүүжиж цамаан болоогүй. Тэгэх тусам юм ойлгож, хүндэлж, шуналгүй өсөж төлөвшсөн шүү.
Нээрэн таныг “Жигүүр гранд”-ын Д.Баттөртэй хамаатан гэдэг. Энэ тухай ургийн баяр тэмдэглэхдээ мэдсэн юм уу. Хамаатнуудаа олсон түүхээ сонирхуулаач?
Манай гэр бүл Монголд нэг их байдаггүй, бидний ажил ч дуусдаггүй. Энэ тухай өглөөхөн л бодож байлаа. Ер нь оюуны хөдөлмөр хийнэ гэдэг асар их цаг, энерги, нерв авдаг ч үнэлэмж нь тэр дороо гардаггүй. Нэгэнт үүнд бүхнээ зориулсан юм чинь хүмүүстэй уулзах ч завгүй гүйдэг. Ерөнхийдөө хамаатан гэдгээ мэддэг байсан. Би хэнэггүй болохоороо л ургийн баяраараа л үнэн бодит гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Баттөр Бат-Өлзий ах 2 манай ээжийн тал учраас бид яах аргагүй ураг төрлийн холбоотой. Тэр олон өнчин хүүхдүүд өнөөдөр Монголын эдийн засгийг авч явах хэмжээнд хүрч, асар олон ажлын байр бий болгон, тэргүүлэх зэргийн компани болно гэдэг гайхамшигтай. Үнэхээр сайхан хөдөлмөрч хүмүүс учраас би тэднийг чин сэтгэлээсээ хайрлаж хүндэтгэдэг. Эрүүл мэндийн салбарын хүн биш ч ямар сайхан эмнэлэг байгуулсныг хүмүүс мэдэж байгаа. “Би заавал хүүхдүүдийн төлөө юм хийнэ. Хэн нэгэн гадны баян, шашны хүмүүс ирээд миний Монголын бяцхан үрсийг өвчнийг нь эмчилнэ гээд гараас нь хөтлөөд эх орноос нь аваад явахыг харж чадахгүй, таслан зогсооно. Бид өөрсдөө бяцхан үрсийнхээ эрүүл мэндийг хариуцдаг болно” гэсэн нь гайхамшигтай санагдсан. “Макс”-ынхантай ч бид мөн хамаатан шүү дээ. Бүр багаасаа л нэгнээ мэддэг байсан. Тухайн үед сэхээтэн, ажилтан гэж ялгардаг байхад манай Цэрэн эгч гуталчин байсан. Урт хугацаанд гутал засдаг болохоор бид бүгдээрээ л гутлаа янзлуулдаг байсан. Тийм гэр бүл зах зээлийн тогтолцоонд шилжихэд уйгагүй хөдөлмөрлөсөөр ийм том группийг бий болгож дэлхийн брэндүүдийг оруулж ирж байна. Манай ургийн баяр сүртэй, нижгэр болсон.
Хань Очийн хамт 1986 он
Таны нөхөр мундаг боловсролтой хүн. “Цолмонгийн нөхөр” гэж эхнэрээрээ тодотгуулах эвгүй байдаг болов уу. Ер нь манайхан эмэгтэйчүүдийг төрийн том алба хашихаар ард нь үлдэх эрчүүдийг сул дорой харагдуулж, заавал хормой хоттой холбож ярьдаг нь байх ёстой зүйл мэт болж?
Оч өөрөө мундаг, бодь хүн. Бид хоёр 10-р ангидаа хамт сурдаг байсан. Авьяастай, онц сурдаг, өндөр, мундаг сагсчин, футболчин, гитар гоё дардаг, эвлэлийн үүрийн дарга байсан. Москвагийн ОУ-ын харилцааг төгсөөд атташегаас эхлээд консулын газрын дэд захирал, МУ-д НҮБ-ын дүрвэгсдийн дэд комиссариат байгуулахад Оч л тэнцэж, дөрвөн жил төлөөлөгчөөр ажилласан. С.Баяр ерөнхий сайд болох үедээ “сайн хүнийг зөвлөхөө болгомоор байна” гэхэд С.Батболд дарга “сайн хүнээ өгье дөө, Очийг явуулъя” гэж байсан юм билээ. “Оч гэж хэн бэ” гэхэд “ЭМЯ-ны дэд сайд Ж.Цолмонгийн нөхөр шүү дээ” гэж анх мэдсэн гэдэг. Ер нь бидэн шиг гэр бүлийн 2 олон жил төрийн өндөр алба зэрэг хашсан тохиолдол ховор байдаг юм билээ. Нэг нь С.Баярыг сайд байх үед гадаад бодлогын зөвлөхөөр нь ажилласан, нөгөө нь ЭМЯ-ны дэд сайдын албан тушаалыг гурван засгийн үед таван жил хашсан байдаг. Би бага охиноо 30-тайдаа төрүүлж, борви бохис хийхгүй байсан ч миний амьдарлын энерги, зав цагийн маш бага хувийг эзэлж байсан. Өчүүхэн зүйл л хийж байгаа мэт. Надад асар их энерги байсан учраас үлдсэнээ зарцуулах ёстой биз дээ. Тэгээд л нийгэм, бусдын төлөө тэмцэхээр улс төрд орохоор шийдсэн. Надад намд танил тал байгаагүй. ШУА, нүүдлийн соёл иргэншлийн судлах ОУ-ын хүрээлэнд Монголын шедевр болсон эрдэмтэд, ОУ-ын Монголч эрдэмтэдтэй ажилласан найман жил надад маш их ухаарал мэдлэг өгч, муу муухайгаас ангид байлгасан. Цонхныхоо хөшгийг ч нээхгүй найман жил ажиллахдаа зөвхөн ном сурч, эрдэмтэдтэй харьцаж байсан.
Мэдээж улс төр атаа жөтөө ихтэй ертөнц. Хамгийн тод илрэл нь та экс ерөнхий сайдтай холбогдсон үе байх. Тэр ярианаас та яаж ухаалгаар гарав?
Тухайн үед үнэхээр лайтай байсан. Хүн огт болоогүй зүйлдээ эмзэглэдэггүй, бардам байдаг юм байна. Гэхдээ энэ яриа надад их лай авчирсан. Надад асар их энерги, амьдрал, мэргэжлийн туршлага байна, улс надад өчнөөн хөрөнгө оруулалт хийсэн юм чинь эргүүлээд ашиглах ёстой биз дээ. Би өнөөдрөөс илүү түвшинд амжилтанд хүрэх боломж байсан ч энэ яриа намайг арагш татсан гэж боддог. Би хэдийгээр тоохгүй байсан ч миний карьерыг хойш нь татсан байх. С.Баяр манай намын дарга, ерөнхий сайд, засгийн газрын тэргүүн байсны хувьд хэнд итгэх үү, хэнд ямар үүрэг өгөх үү гэдгээ шийддэг. Гэтэл тэрнээс болж Цолмон чадвартай ч дахиад өнөө яриа гарах гэж бодсон гэж би боддог. Би хичээгээд ч намайг хойш нь татах явдал тохиолдсон болохоор хэлж байна л даа. Л.Гүндалай гишүүн байхдаа ч үүнийг ярьдаг байсан. Намайг ялахын тулд янз бүрийн юм ярьсан. Өөрөө дараа нь “Цолмоон би олон улс төрчтэй муудалцсан. Харин өөртэй чинь муудалцаад ёстой өөдөлсөнгүй” гэж уучлалт гуйсан. Улс төрд цагаа тулахаар эр, эмийн ялгаа гэж байдаггүй шүү дээ. Эмэгтэй хүн биш өрсөлдөгч талаас хардаг. Би ч угаасаа эр, эм шиг ярих юм уу, эр эр шиг эсвэл эм эм шиг ярих юмуу гээд асуучихдаг. Бүгд л гар бариад эр хүн шиг яръя гэдэг. Энэ яриа манай намын нарийн бичгийн дарга Т.Гантулгаас болсон юм билээ. “Би нэг юман дээр яриа ямар хурдан тардгийг мэдсэн” гэдэг юм байна. Хэдэн жилийн өмнө Д.Одбаяр гишүүн “Цолмон хэний хүн юм бэ, хаанаас гарч ирсэн юм” гэж асуухад нөгөөх нь амьхандаа намайг дөвийлгөж мундаг гэж ойлгуулах гээд “манай том лидерийн хүн” гэсэн юм билээ. Нэг үзэл бодолтой, нэг багийн хүн л гэх гэсэн санаатай байсан юм шиг байгаа юм. Харин нөгөөх нь шууд утгаар нь ойлгоод тэр яриа тарсан гэсэн. Хожимдсон ч надад үнэнийг хэлсэн найздаа баярладаг.
Нэгэнтээ С.Баяр “Монголд эрх чөлөөтэй байх хэцүү. Сайхан Х.Хулантайгаа хөтлөлцөөд явах боломжгүй” гэж ярьсан байдаг. Харин та АНУ-д байхдаа нөхөртөө эрхэлж, хоёр биенээ хангалттай халамжилсан биз дээ?
Би амьдралдаа хайртай. Тийм болохоор дахиад 25-тай болоосой, залуу байсан бол гэж боддоггүй. Миний амьдралд өнөөдрийн төрх, өнгө үзэмж, мэдлэг боловсрол, амьдарлын туршлага асар үнэтэй. Үүнийг бий болгохын тулд өдөр шөнөгүй хөдөлмөрлөсөн болохоор тэр. Нөгөөтэйгүүр хялбар амьдарсан хүн эргээд тэр үедээ очих юмсан гэж боддог байх. Цаг хугацаа явах тусам би ухаантай, өгөөмөр болж амьдрал минь улам гоё болсон. Бид хагассайн өдөр болгон охидтойгоо, Baby, BJ/ноход/-тойгоо дэлгүүр орж хүнсээ цуглуулж, гадуур явсаар орой харьдаг байсан. Маргааш нь хоолоо хийгээд кино үзэх жишээтэй. Сонгуульт ажлаасаа болоод тэдэнтэйгээ дэлгүүр ч орохоо байсан шүү. “Эрүүл мэндийн салбар нь ийм байхад энэ дэлгүүр хэсээд байхдаа яадаг юм” гэж ярих нь тодорхой учраас өөрийгөө цэнэж, шаардлагатай юманд л оролцсооор ирсэн. Харин Америкт хэсэг байхад үнэхээр гоё байлаа. Дуртай цагтаа босно. Нохойнууд өглөө эрт босдог бол манай хоёр Baby намайг сэртэл унтана шүү дээ. Тэгээд л халуун ванндаа орно, номоо бичнэ. Үнэхээр гоё гэр бүлийн дулаан уур амьсгал, нервгүй жилүүд өнгөрлөө.
Дүү Ж.Жамулын хамт
Эгч дүү өндөр албан тушаалтнууд гэхээр та дүү Ж.Жамултайгаа бичигддэг. Магадгүй дүүгээ өдий зэрэгт хүргэхэд эгчийн гавьяа их байсан биз. Тод үлдсэн хөгжилтэй үеэсээ дурсаач ?
Би дүү Пүүжээтэйгээ насны зөрүү багатай учраас байнга зодолддог байсан. Гэхдээ хэзээ ч намайг дийлж байгаагүй. Ер нь намайг 10-р ангид байхад хөвгүүд шар барилдаанаар дийлдэггүй байсан. Байнга зодолдож ноцолдоно. Тэгсэн нэг өдөр хаалга тогшсон чинь манай ангийн хүү чи миний чихнээс цус гаргачихлаа гэчихсэн зогсож байсан . Миний дүү Пүүжээ хэдий ахгүй ч ямарч ахаас илүү үүрэг гүйцэтгэж намайг сайн эр болгосон гэдэг юм. Түүнийг хөвгүүдтэй зодолдоход ч бүлдэг рүү өшиглөхнүй, нүдрүү зохихгүй, тархи руу зохихгүй шүү гэж хажуунаас нь тохиролцох жишээтэй. Хэн нь миний дүү байх нь хамаагүй. Багаасаа хүн ялгаварладаггүй шударга л ханддаг байсан. Манай Пүүжээ ч надтай илүү ойр хүн хайж эхнэрээ сонгох гэж удсан байх. Эхнэр Бямба нь охин дүү шиг минь дотно байдаг. Харин Жамул багадаа тоглодоггүй ном л уншдаг хүүхэд байсан. Номыг хөнлөн уншдаг багийн сод ухаантай хүүхэд байсан. АНУ-д ажиллах эрхтэй H-1B1 визийг авсан анхны монгол болсон учраас элчин сайд өөрөө гардуулж өгч байсан. Манай Жамул Wallstreet-д брокер, Канадын “Рэдмон Рэншоу” компанид хөрөнгө оруулалтын захирлаар олон жил ажилласан. Ерөнхий сайд Сү.Батболдыг айлчлахад монголын түүхэнд байгаагүй хөрөнгө оруулагч нарыг дэлхийн өнцөг булан бүрээс нэг танхимд цуглуулсан. Хүмүүс бүр энд 10 тэрбум доллар цуглуулсан байна ш дээ гэж ярьж байсан. Нью-Йоркын хамгийн үнэтэй “The Four Season” ресторанд хүний 1000 долларын хоолтой том хүлээн авалт зохион байгуулж ерөнхий сайдыг Ж Соростой уулзуулан тэр олон тэрбумтнуудыг монгол руу хөрөнгө оруулалт хийх хүсэл эрмэлзэлтэй болгосон. 3 хоногийн дараа Ерөнхий сайдыг Канадад айлчлахад дахин ийм хүлээн авалт байгуулсан. Одоо Mogul Ven-ture компаниа удирдаж байгаа. Сүүлд уул уурхайн талаар ном гаргасан.
Ном гэснээс та бас Чингис хаан ба орчин үе номыг англи хэл рүү хөрвүүлсэн юм билээ?
Тэр бол нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэнд байхдаа гаргасан хамтарсан бүтээл би өөрийнхөө амьдралаар ном бичиж байна, тэд нар маань удахгүй дуусна. Би амьдралаа бичих хэмжээний мундаг хүн биш л дээ гэхдээ амьдралаа хэнээс ч илүү мэднэ шүү дээ. Социализмын үед жирийн сэхээтэн айлд төрсөн охин яаж нийгмийн нугачаа, системийн өөрчлөлтөнд өсч, хөгжин өнөөдрийг хүрсэн гэдгээс гадна хүмүүс ямар мэдээллийг аль өнцгөөс яаж олж хардаг байсан. Тэр нь залуу хүүхдэд яаж нөлөөлсөн тэр үед монголын амьдрал ямар байсан, ургамлын тос хэдэн төгрөгний үнэтэй байсан гээд миний амьдралаас илүү монголд улсын хөгжил дэлхийн түүхийг олж мэдэх юм. Миний ном хронологийн автобиографийн төрөлд ордог юм билээ. Ийм жанраар бичигдсэн ном дэлхийд ховор, монголд бүр байдаггүй. Жил жилээр бичигдэж байгаа онцлогтой, одоо 3-н жилийг бичих дутуу байна.
Та нөхцөл байдалдаа тохируулж хувцаслаж чаддаг, эсвэл зөвлөгчтэй юу. Нууц биш бол таны шкафыг хэр их даашинз эзэлдэг вэ?
Надад албаны хувцас их байдаг юм билээ. Ажлаа өгсөний дараа энгийн үед өмсөх жинс ч байхгүй байсан. Ойролцоогоор 50, 60 аад костьюм цугларсан байна лээ. Яг үнэнийг хэлэхэд би сүүлийн 8-н жил нэг ч костьюм худалдаж аваагүй. Ихэнх нь классик загвартай болохоор мода нь хоцрогдоггүй, би өөрөө ч таргалж турдаггүй болохоор шинээр авах шаардлагагүй. Өнгөрсөн 3-н жилд жинсийг биед их амар хувцас гэдгийг мэдэрлээ. Би өөрөө өөртөө л таалагдах дуртай учраас зөвлөгчгүй. Бусдад таалагдах дургүй харин тоогдох дуртай. Цолмонгоор үүнийг хийлгэе гэж тоолгох дуртай гэхүү дээ. Өөрийгөө толинд хараад гоё байвал тэр өдөртөө өөдрөг байдаг. Хүмүүс дээл төдийлөн өмсдөггүй байхад 1997 онд бага охиноо төрүүлээд дээл өмсч эхэлсэн. Надад зохидог болохоор өнгө өнгийн олон дээлтэй. Энэ өмссөн маань 6-н жилийн өмнө хийлгэсэн дээл. Хамгийн гайхамшигтай нь монгол хүнд үнэхээр ээлтэй хувцас. Байгальдаа дасан зохицон уялдаатай амьдрахад монгол хүнд гол үүрэг гүйцэтгэж ирсэн. Салхинаас хамгаална, биед ээлтэй, элчтэй, хөдөлгөөн хорьдоггүй, бүх юмны хаалт болчихдог. Хэрвээ биеийн галбир гаргахыг хүсвэл гаргаж болно, хөнжил, заримдаа гарын алчуур болчихдог/инээв/. Хөдөөгүүр явахдаа хормойдоо гараа арчих үе байна. Аргал, мод түлээ таарвал хормойлчихно, хэрэгцээтэй бол тоосго ч хормойлно. Дээл маш бат бөх ямарч торноос илүү 15-20 кг даадаг шүү дээ, халууцуулахгүй, дааруулахгүй, эрүүл мэндэд ээлтэй. Гэхдээ би хачиртай дээл биш энгийн тэрлэг өмсөх дуртай. Гадуур нь хүрэм өмсдөг.
Та бас нилээд ширүүн нөхөр байна лээ шүү. Жолоочоо хаяад хөдөө хээр 1000 гаруй км ганцаараа давхисан гэдэг. Эмэгтэй хүн битгий хэл эрчүүд ч ганцаараа хээр давхина гэдэг эвгүй.Тухайн үед юу бодогдож байв ?
Би юунаас айх юм. Заавал очих ёстой газар байсан болохоор өөр арга байгаагүй. Тэнд тарваган дахал гарсан байсан. Маршрут өөрчлөгдөж өчнөөн цаг алдагдах болсон учир жолооч маань миний өмнөөс сэтгэлээр унаж нутгийн хүмүүстэй уучихсан гэж тайлбарласан. Тэгээд машинаа өөрөө барьж жолоочоосоо зам асуугаад явж байтал 150 км буруу замаар явсан байсан. Бартаатай зам байсан болохоор 3-н цаг алдсан гэж бодохоор уур хүрч “Чи ер нь буу. Цагаасаа өмнө шархдсан цэргийг зам дээр бууддаг цэргийн дарга нь би. Том зорилготой, бусдын төлөө явж байна. Эр хүн юм бол амьд очоорой” гээд ганцаараа цааш явсан юм. 10 гаруй хоногийн дараа хотод уулзахдаа бид хоёр биенээ инээгээд л угтсан “чи тэгсэн, би ингэсэн” ч гэлтгүй хамтарч ажилласан.
Залуу гэр бүл
Та үе үе олны өмнө гарахдаа нилээд нүнжигтэй хувцасласан харагддаг. Нэгэн цагт алтан хавчаар зүүгээд наадамлаж явахдаа манай дуранд өртөж билээ. Тэр хавчаарын түүхийг сонирхъё?
Тэр маш үнэтэй сувдтай, цэвэр 24 кратын алтан хавчаар л даа, сувд нь 15000 долларын үнэтэй. Миний япон багшийн эхнэрт үе залгамжилсан, сувдны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг найз нь бэлэглэсэн юм билээ. Харин эхнэр нь надад өөрөө гардуулж “би үр хүүхэддээ өгөх юмаа өгсөн, нас минь ч дээр боллоо. Чи их ирээдүйтэй бүсгүй, үүнийг хадгалж яваарай. Нэг ч гэсэн зүйлээ итгэсэн хүндээ дурсгамаар байна” гээд надад өгсөн. Тэрийг би хааяа л зүүдэг.
Таны насны эмэгтэйд энэ байтугай цуглуулга байгаа байх. Сонин содон гоёл бий юу ?
Багаасаа л ээж, аавынхаа буянд үнэт эдлэл хэрэглэж байсан. Хүмүүс алмаз, бриллантыг төдийлөн мэддэггүй байхад 10 –н наснаасаа л зүүж эхэлсэн. Би бүр 12 настайгаасаа өндөр өсгийт өмсөж эхэлсэн. Намайг өсгийтэй гуталгүйгээр төсөөлдөггүй. Би өөрөө ч мөн адил үнэ цэнэтэй чамин гоёлууд их байдаг ч гоё зүйл хэрэглэх сонирхолгүй болчихож. Ер нь 35 нас хүртэлээ их гоёдог байлаа. Энэ ээмэгээ 3-н жил зүүлээ гэж шүүмжлүүлсэн ш дээ. Сая “солонгосын ээж улс төрч” гэж ард түмэндээ өргөмжлөгдсөн, парламентад 3-н удаа сонгогдсон Ким Ён Жун ирсэн шүү дээ. Түүнийг харахад гартаа бөгжгүй, чихэндээ ээмэггүй байгаа юм. Өөрийнхөө үүрэг, зорилгийг асар ухамсарласан хүн. Гэхдээ хүн бүрт өөр л дөө. Зарим мундаг улс төрч эмэгтэйчүүд төрөл бүрээр гоёсон байдаг.
Та бас гутал, цүнхэнд нилээд ач холбогдол өгдөг шиг санагдсан. Яг одоогоор хичнээн өндөр өсгийт байна. Хамгийн үнэтэй нь хэдэн төгрөг зарж байв?
Би гутланд дуртай, хайртай. Өнгө өнгийн 150-иад туфль бий. Хамгийн үнэтэй гутал гэвэл ойролцоогоор 3800 долларын LV, Channel-ын гутал байна. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд тухайн үеийн сэтгэлийн таашаал юм даа. Тэрнээс биш нэг их хэрэгтэй эд биш. Эргээд бодоход утгагүй санагдаж байна. Одоо бол тийм үнэтэй юманд мөнгөө зарцуулахгүй. Нээрэн миний гутлын өсгий яаж ч өмссөн ерөөсөө элэгддэггүй, дэлгүүрээс авсан шигээ цоо шинэ байдаг. Би жингээ өөр рүүгээ татаж явдаг. Энэ бас туранхай байлгах ач холбогдолтой. Өөрийгөө өргөж явж байна гэсэн үг шүү дээ. Манай бүсгүйчүүд пал хийтэл алхаад хамаг жингээрээ гишгэдэг. Тэгэхээр өсгий элэгдэлгүй яахав. Монголын нэрт эрдэмтэн. Акдемич Х.Сампилдэндэв гуай “энэ Цолмон шувуу байсан бол тогоруу байх байсан” гэдэг байлаа. Тогоруу намс намс гэж алхдаг шүү дээ. Татах хүч багатай газрыг сонгож явж байгаа нь тэр юм билээ. Тиймээс намайг тогоруу шувуутай зүйрлэдэг байсан.
МУАЖ Г.Мягмарнарангийн хамт
Та наснаасаа илүү толиотой харагддаг. Халуун ваннд хэвтэж алжаалаа тайлдаг гэсэн шигээ уншигч бүсгүйчүүдэд сонирхуулах өөр нууц жор байгаа юм биш биз?
Ер нь эмэгтэй хүнийг гоё байлгах нь гэр бүлийн уур амьсгалаас шалтгаалдаг юм билээ. Хань, үр хүүхэд нь байгаагаар нь хайрладаг, хүлээн зөвшөөрдөг, ямарч болзолгүйгээр хайрлаж ойлгодог байвал эмэгтэй хүн стрессгүй, тайван байдаг. Ер нь эмэгтэй хүн стресстэхээрээ жин нэмэгддэг юм шиг. Мөн стресстэхээрэээ өөрийн эрхгүй янз бүрийн юм иддэг гэсэн судалгаа байдаг. Тиймээс стрессээс ангид байх хэрэгтэй. Мэдээж сайн чанарын бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Би 27 нас хүртэлээ нүүрэндээ тос, пудр түрхдэггүй байсан. Түүнээс хойш маш сайн чанарын бүтээгдэхүүн хэрэглэж эхэлсэн. Нэг бүтээгдэхүүнийг 3-4 жил хэрэглээд солих хэрэгтэй. Мөн өглөө бүр 500-н грамм зөгийн балтай ус уудаг нь эмээгээс улбаатай л даа. Миний эмээ 86 настай байхдаа үс нь хав хар буржгар, бүхий л насандаа 48 кг жинтэй байсан юм билээ. Тэр үед заримдаа зөгийн бал олдохгүй ёотон хэрэглэдэг байсан гэдэг. Бага зэргийн халуун усанд балаа найруулаад ус нэмээд бүлээнээр нь нэг хэмжээтэй залгилдаг. Амны хөндий, ходоод гэдсийг цэвэрлэдэг сайн талтай. Мөн өдөр бүр халуун ваннд орох нь нэг төрлийн бясалгал болдог. Маргаашийн ажилаа төлөвлөж, төсөөлөх боломж олгодог. Манай гэрийнхэн хичнээн оройтсон ч халуун ванн бэлдчихдэг.
Ваннд хэвтэхдээ өдөр бүр 20 минут бурханы маань уншдаг. Нэг ёсондоо өөрийгөө тусгаарлаж, төвлөрүүлж сайн сайхныг боддог.
Сонирхолтой жор байна. Ингэхэд та толины өмнө хэр удаан эргэлддэг вэ. Өвөрмөц make up хийдэг юм шигээ.
Цагаан энгэсэг, бор тень таны имиж болоо юу ?
Би нэг зүйлдээ л үнэнч байдаг хүн юм билээ. Өөрчлөгддөггүй, хичнээн гоё байсан ч өөр зүйлд дурлаж, урвадаггүй. Нэг зүйл таалагдсан бол түүндээ л дуртай. Маш олон жил ингэж будаж байна./инээв/ Хүмүүс давхраагаа буддаг байтал чи яагаад зовхио буддаг юм гэдэг. Тэр нь миний л сонголт, онцлог юм билээ. Заримдаа миний нүд дөрөв, таван давхраатай болчихдог болохоор будвал хэт том нүдтэй харагддаг. Хааяа нэг болох гэж хуруугаараа янзална шдээ./инээв/Миний будалт их амархан. Суурь болгож ганц хоёр зүйл түрхээд нүдээ будчихна. Урууландаа энгийн будаг түрхэхээр үс наалдчихдаг болохоор харандаагаар буддаг. Арилдаггүй амар байдаг юм. /инээв/
Та эрүү, нүүрний эмнэлэг олон жил удирдаж байгаагийнх, гоо сайхны мэс заслын сайн, муу талыг хамгийн сайн мэдэж байгаа. Хүмүүс танд өөрийгөө даатгуулахаар ирдэг үү?
Миний мэргэжил эрүү, нүүрний гажиг засал. Тиймээс ямарч мэс ажилбаргүйгээр хүч өгч, хатуу зөөлөн эдийн хэлбэрийг өөрчилдөг, бага насны хүүхдийг би ямарч түвшинд эмчилж царайлаг болгож чадна. Хичнээн шаамий, муруй байсан ч надаар эмчлүүлж зөв төрхтэй болсон хүүхэд зөндөөн байгаа. Насанд хүрсэнч төрх өөрчлөгдөх боломжтой. Би гажиг заслыг бусад эмчилгээтэй хослуулан цогц эмчилгээ хийхийг зорьдог. Би хамгийн анх имплант, яс шилжүүлэн суулгах хагалгааг мөн анхны үс шилжүүлэн суулгах ажилбар, хиймэл чихийг багш нартайгаа хамтран хийсэн. Дэлхийд хэрэглэгддэг бүх төрлийн шажиг заслын технологи хэрэглэж, эмчилгээ хийж байгаа.
Та өөртөө нэг ч мэс хүргээгүй гэж баттай хэлж чадахуу?
Би чихээ гурав цоолсноос өөр мэс хүргээгүй.
Шаардлагатай бол та хэдэн насандаа нүүрэндээ мэс хүргэнэ гэж боддог вэ?
50 дөхсөн тохиолдолд эмэгтэй хүн нүүрний арьсаа татуулах юмуу мэс ажилбар хийлгэж болно гэж боддог. Түүнээс нааш бол хэрэггүй. Мэдрэлийн эсийг гэмтээж, арьсны бүрэн бүтэн байдлыг алдагдуулдаг. Ерөнхийдөө гоо сайхандаа анхаарахдаа аль болох стрессээс ангид бай л гэж зөвлөх байна. Үнэхээр уурлаж байвал чихээ бөглөчих. Мөн нар, салхинаас өөрийгөө сайн хамгаалах хэрэгтэй.
Таны хобби юу вэ. Бараг 5000 гаруй кинотой гэж байсан. Бүгдийг нь үзсэнүү. Эсвэл зүгээр сонирхдог юмуу?
Хамгийн сонирхолтой нь ихэнхийг нь үзчихсэн. /инээв/ Mанай Оч кино сонгоод бидэнд үзүүлэх дуртай. Юу ихийг цуглуулсанаа хобби гэдэг биздээ. Тэгэхээр манайд 3 өрөө дүүрэн кино байгаа. Өөр гэвэл гуталны цуглуулга маань юмдаа. Гаж загвартай гутланд дургүй, төвийг сахьсан хийцтэй, өндөр өсгийтэй байвал зүгээр.
Гэр бүлийн хамт 2015 он
Гэрийнхээ аль хэсэгт хамгийн дуртай вэ. Тохижилтондоо их анхаарсан байх?
Залуудаа гэрээ цэвэрлэчихээд том өрөөндөө цэцэг тавиад суух дуртай байсан. Цав цагаан урт ширхэгтэй хивсэндээ дуртай байлаа. Өдөр бүр уйгагүй угаадаг байсан болохоор тэр хэвээрээ олон жил болсон. Дөнгөж ажилд орчихоод цагаан мөртлөө дугуй дүрстэй хивсэнцэртэй болсон. Түүнийгээ хар болгохгүй гээд Оч бид хоёр цэнхэр өнгийн дугуй дүрс дээр нь гишгэдэг байлаа./инээв/ Харин одоо бол хамгийн дуртай хэсэг маань ванн, унтлагын өрөө болоод байна.
Бага насаа Энэтхэгт өнгөрөөсөн болохоор йога хийдэг үү?
Би бикрам йога хийж байсан. Тэр нь 80-н градусын халуунд 90-н минутын йогийн дасгал хийх. Оч бид хоёр НьЮ-Йоркт байхдаа явдаг байсан. Монголд харамсалтай нь бикрам йога байдаггүй. Тийм төв нээх юмсан гэж боддог.
Нээрэн та нохойноос гадна яст мэлхий тэжээдэг гэлүү?
Тийм. Манайх хоёр яст мэлхийтэй. Ээж маань яст мэлхийг маань маш хариуцлагатайгаар харж байгаа. Өнөөдөр хүртэл яасныг нь тайлагнаж байна лээ./инээв/ Манайд ирсэн хүн Жулия гэдэг яст мэлхийн дээр маань удаан суугаад бүтээгээд алчихсан. Бүтэхдээ толгойгоо гаргачихсан байсан учраас хатаагаад одоо сервантандаа хадгалдаг.
Ярилцсан баярлалаа.
“Соронз” сэтгүүл
2015.12.25
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ