П.Шинжээравдан: Монгол ажилчдыг зоддог хятадыг цагдаад хүлээлгэж өглөө


“UB TREED” хэмээх цагаач хятад иргэдийн байгуулсан компанид ажиллаж буй  100 гаруй монгол ажилчин дөрвөн сарынхаа цалинг аваагүй, байнгын дарамт зодууртай байдаг болсон талаараа “Босоо хөх монгол” ТББ-д хандаж, тусламж гуйжээ. Юу болсон талаар тус ТББ-ын тэргүүн П.Шинжээравдантай ярилцлаа.

-МОНГОЛ АЖИЛЧДЫГ АЛНА ГЭЖ СҮХ БАРЬЖ ХӨӨСӨН БАЙНА- 

-Яг юу болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-“UB TREED” гэх барилгын компанийг үүсгэн байгуулагчид нь дандаа цагаач хятадууд байдаг юм байна. Дөрөв, тав хоногийн өмнө нэг залуу бидэнтэй холбогдоод энэ талаар мэдээлэл өгсөн. Тэр компанид бригадаараа ороод ажилласан юм байна. Гэтэл одоо хүртэл цалин мөнгөө аваагүй, өнөөх хятадууд нь заазуур, сүхээр далайн хөөж “Та нарыг шууд ална. Цагдаа шүүхээр заргалдаад ч нэмэргүй шүү” гэсээр өдийг хүрснийг хэлсэн. Ингээд бид яах ч учраа олохгүй, та бүхнээс тусламж гуйж хандаж байна гэсэн л дээ.

-Та бүхнийг очиход тухайн хятад иргэд ямар байдалтай хүлээж авсан бэ?

-Бид “Ноён” уулын асуудлаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажилтай явж байгаад саяхан хотод ирсэн. Юу болсныг тодруулахаар өчигдөр газар дээр нь очлоо. Улмаар удирдлагууд нь гэх цагаач хятад иргэдтэй нь уулзаж, цалин мөнгийг нь өгнө энэ тэр гэхээр нь ярилцаж, тохиролцоод салсан. Гэтэл биднийг явсны дараа “Эд нар чинь ямар учиртай хүмүүс юм” гэж дахин дарамталсан байгаа юм. Цаагуураа бас л нэг хууль хүчний танил талтай юм шиг байна. Олон жил Монголд ажиллаж амьдарсан цагаач иргэд бүх зүйлийг мөнгөөр шийддэг болсон байна шүү дээ.

-Монгол ажилчид цалингаа авахаар болсон уу?

-Юун цалин мөнгийг нь өгөх манатай. Өчигдөр орой монгол ажилчид руу сүх барьж хөөж, ална тална гэж бөөн юм болсон байна. Өмнө нь бас нэг монгол залууг ална гэж хөөж тууж, өнөөх залуу нь гар хөлөө зүсүүлж байж арайхийж салсан гэж байгаа. Бас нэг ах хүүг толгой руу нь банз, паркетаар зоддог байсан гэж ярьж байсан. Их дээрэлхүү хужаа байна лээ. Өмнө нь бас засал чимэглэл хийдэг хоёр эмэгтэй ажилчныг зодож нүдсэн гэж байна. Тэр барилгынх нь орлогч дарга гэж н.Баяртхүү гэж хятадын цагаач бол байнга зоддог. Нэг удаа зодохоор нь цагдаа дуудсан гэнэ. Гэтэл цагдаа нь ирээд хятадынх нь талд ороод “Та нар дуугүй мөрөөрөө бай. Тэгэхгүй бол та нар өөрсдөө ороогдоно” гэж дарамталсан байгаа юм. Ер нь хуулийнхныг атгачихсан гэж эрдээд, байнгын ийм үйлдэл гаргадаг газар юм байна. Монгол ажилчид маань бүр үгээ хэллээ. “Бид эх орондоо байж Эрээнд байгаагаас л дор нөхцөлд ажиллаж, амьдарч байна” гэж ярьцгааж байсан.

-ХОЁР ХОНОГИЙН ДОТОР ЦАЛИНГ НЬ ӨГНӨ ГЭЖ АМАЛСАН- 

-Одоо энэ хүмүүст ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Бид өнөөдөр дахиж очоод цагдаа дуудаад хамтдаа юу болсныг дахин газар дээр нь харлаа. Биднийг очиход сүх барьж давхисан өнөөх хятадыг нуучихсан байна. Гэтэл баригдаж буй барилгынхаа хамгийн дээд давхартаа гарчихсан байхыг нь олж, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчдад хүлээлгэж өглөө. Монгол эхнэртэйгээ хамт нуугдаад байж байсан байна. Одоо тэр нөхрийг цагдаагийн хэлтэст түр саатуулсан байгаа. Хоёр хоногийн дотор энэ ажилчдын цалинг тавьж, хохиролгүй болгоно гэж амлалт өгсөн.

-Хэдэн ажилчин хэчнээн төгрөгийн цалингаа аваагүй байгаа юм бол?

-Нийтдээ 100 гаруй ажилчин 200 гаруй сая төгрөгийн цалин авах ёстой юм байна. Ажилчид болон манай төрийн бус байгууллагынхан юу болсон талаар цагдаагийн байгууллагад очиж тайлбар өглөө. Цагаан сараас хойш цалин мөнгөгүй, автобусанд суух ч мөнгөгүй гээд ярьцгааж байна. Зарим нь алхаж ирдэг гэж байгаа юм. Өмнө нь зөндөө өөр ажилчид ажиллаж байгаад мөнгө цаасыг нь өгөхгүй болохоор хаяад явчихдаг юм байна. Тэрэнд нь амташсан хятадууд эд нар дахиад хаяад явна биз гэж л аашилсан бололтой юм. Энэ мэт Хятад, Солонгосын цагаач иргэд манайд “эзэн” суучихаад монголчуудыг дээрэлхэж, зодож нүддэг асуудал олон байдаг. Энэ бол наад захын жишээ.

-Энэ хятадууд Монголд ирээд хэр удаж байгааг мэдсэн үү?

-Сайн мэдэхгүй байна. Ер нь ирэн очин байдаг юм шиг байгаа юм. Эндээ монгол эхнэр, хоёр гурван хүүхэдтэй. Энэ сарын 16-нд визний хугацаа нь дуусах гэж байгаа гэсэн. Ирэн очин визээ сунгуулаад явдаг бололтой юм.

Б.ЦЭЛМЭГ

 

Эх Сурвалж; Medee.mn