Б.Гарамгайбаатар: Зарчмын шаардлага тавьсан хүнийг огцор гэж байгаа нь МАН-ынхны увайгүй үйлдэл


УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын дарга З.Энхболдыг албан тушаалаасаа сайн дураараа татгалзахыг шаардсан. Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр болон УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдэгдэл хийсэн юм. Тэрээр “Энэ шаардлагыг уншаад үзэхээр ямар ч үндэслэл алга байна. Уг шаардлагад УИХ-ын дарга нь нам, эвслийн бүлгийн бүрэн эрхэд хүндэтгэлтэй хандаж, асуудлыг эв эеэр шийдвэрлүүлэх уур амьсгал бүрдүүлэх үүрэгтэй. Гэтэл та УИХ-ын гишүүдийг олонхи, цөөнхиөр нь ялгаварлан гадуурхаж, бүлгийн гишүүдийн завсарлага авах үг хэлэх эрхийг хаах, санаачилсан хуулийн төслүүдийг нь хэлэлцүүлэгт оруулахгүй байх, гаргасан санал, хэлсэн үгтэй нь холбогдуулан гишүүдийг дайрч доромжлох, мушгин гуйвуулж болчимгүй үйлдэл гаргаж байна гэжээ.

УИХ-ын дарга дөрөв дэх жилдээ энэ ажлыг хийж байгаа. Анх УИХ байгуулагдах үеийн нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа. УИХ-ыг хуралдуулаад, УИХ-ын даргыг сонгох үйл ажиллагаа явуулах гэж байхад Ардын намынхан хуралд орохгүйгээр өөрсдийнхөө намын хурлыг хийгээд, УИХ-ыг бүрдүүлэх арга хэмжээг зориудаар тасалдуулж байсан. Тийм учраас УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хуулийн дагуу бид УИХ-ын даргын сонгуульт ажлыг албан ёсоор хийсэн.

Хэрвээ үүнийг хууль бус гэж үзэж байгаа бол Цэц юм уу, аль нэг байгууллагад хандаагүй өдийг хүрсэн. Яг сонгууль дөхөөд УИХ дуусах шатандаа орсон үед энэ асуудлыг тавьж байгаа нь утга учиргүй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, олонхи цөөнхийг ялгасан асуудлыг УИХ-ын дарга гаргахгүй. Яагаад гэвэл УИХ-ын дарга УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хуулийн дэг журмаараа харьцаж байгаа.

Түүнээс өөрийнхөө үзэмжээр олонх, цөөнхийг ялгаж гадуурхсан ямар ч асуудал байхгүй. УИХ-ын гишүүд тухайн хэлэлцэж байгаа асуудлаар асуулт асууж, хариулт авдаг дэг журамтай. Хаа хамаагүй зүйлийг хамж шимээд яриад байдаг гишүүд зөндөө байдаг. Хэлэлцэж байгаа асуудал руу нь оруулах гэсэн, хурлаа зөв удирдах гэснийг нь ингэж үгүйсгэж болохгүй. Зарчмын шаардлага тавьсан хүнийг огцор гэж шаардаж байгаа нь МАН-ынхны увайгүй үйлдэл.

Өргөн барьж байгаа хуулийн төслүүдийг хэлэлцүүлдэггүй гэсэн юм яриад байна. Өргөн баригдсан бол дарааллын журмаар хэлэлцэгдээд явна. Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлуудыг долоо хоногоор оруулдаг. Оруулж байгаа хувилбар нь УИХ-ын Тамгын газраас хэлэлцэх асуудлуудыг багцаж оруулдаг. УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах бүрэн эрхтэй.

УИХ-ын дарга хурал зарласан бол гишүүд хуралдаа суух үүрэгтэй. Гүтгэлгийн шинжтэй асуудлуудыг шаардах хуудсан дээрээ бичсэн байна. Үндэслэлээ тайлбарлах ёстой. Гэтэл ямар ч баримтгүйгээр зөвхөн УИХ-ын даргыг огцруулахыг шаардаж ийм бичиг өгсөн нь зүгээр л улс төр явж байна. Ингэж шаардах бичиг өгсний төлөө УИХ-ын дарга огцрохгүй. Энэ бол цэвэр улс төрийн тоглолт. АН өөрийн намын дотоод асуудлыг өөрсдөө шийддэг болохоос МАН-ын заавраар асуудлыг шийднэ гэж байхгүй” гэв.

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-АН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаан болно гэсэн мэдээлэл байна. Ямар асуудал хэлэлцэх вэ?

Б.Гарамгайбаатар: -АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдах гэж байгаа. Энэ нь нуугаад байх асуудал биш. Намын ҮЗХ-ны бэлтгэл ажилтай холбогдуулан мөн Сонгуулийн ерөнхий хороо, Аудитын Ерөнхий газарт намын мөрийн хөтөлбөрөө өгөх гэж байгаатай холбогдуулаад бүлэг хуралдъя гэдэг шийдвэр гаргасан. Өөр бусад асуудлуудыг бүлгийн ээлжит бус хурлаар хэлэлцэнэ.


Л.Эрхэмбаяр: -Сонгуулийн тухай хуульд зааснаар дөрөвдүгээр сарын 20-нд Үндэсний Аудитын газарт бүх улс төрийн нам мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байх ёстой. Тиймээс энэ сарын 16-нд Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж, мөрийн хөтөлбөрөө батална. 

 

medee.mn