Дуучин Номин завгүй явна


Дуучин Р.Номин-Эрдэнэ саяхан хэвлэлийн бага хурал хийн уран бүтээлдээ шаргуу орж байгаагаа дуулгасан. Тэрээр энэ удаад хүүхдийн уран бүтээлийн цомог гаргахаар зэхснээ дуулган тэрхүү цомгийнхоо анхны уран бүтээл “Бяцхан зүрх” дууныхаа клипний нээлтийг хийсэн юм.Дуучин Номин 2015 онд хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэх зорилгоор “Бяцхан зүрх” ТББ-ыг санаачлан байгуулжээ. “Бяцхан зүрх” ТББ-ын анхны ажил нь БСШУЯ-тай хамтран “Хүүхэд бүхэн жаргалтай байг” сэдвийн хүрээнд 20 гаруй хүүхдийн дуу бүтээхээр ажилдаа орсон бөгөөд “Бяцхан зүрх” цомгоо тун удахгүй гаргах гэж байгаа юм.

 

“Бяцхан зүрх” цомгийг бүтээх болсон зорилгоо “Дуу хөгжим нь хүний зүрх сэтгэлд хүрэх хүчтэй, өргөн цар хүрээтэй далд зэмсэг гэдэг утгаар хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийг хөндсөн уран бүтээл туурвиж олны хүртээл болгох замаар хүүхдийн эрхийн асуудлыг нийгмийн бүх давхаргад хүргэх боломжтой, хоёрт, гэр бүлийн ариун хайр, үнэ цэнийг тунхагласан, жавхлант ирээдүйг дүрслэн харуулсан уран бүтээл туурвих замаар амьдралын нугачаанд дарагдсан эмэгтэйчүүд, гэр бүлүүдийг урамшуулан зоригжуулж тэдний сэтгэлзүй, амьдралын хэв маягт нөлөөлөх, гуравт, хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийг хамгаалахад чиглэсэн үүсэл санаачлага, хамтын ажиллагааг дэмжих, өөрийн биеэр үлгэрлэн оролцох замаар тэдний төлөөх бодитой хөдөлгөөн, өөрчлөлтийн давлагааг давалгаалуулах” хэмээн тайлбарласан.Шинэ цомгийн ажил гээд тун ч завгүй яваа тэрээр ийнхүү манай дуранд өртлөө.