АНУ-ын Элчин сайдын яам Анкарад халдлага болно гэж анхааруулж байжээ


Туркийн нийслэл Анкара хотод дахин хүчтэй дэлбэрэлт болсон. Дэлбэрэлтийн улмаас 35 хүн амиа алдаж, 125 хүн шархадсан юм. Тэгвэл энэ халдлага болох гэж байгааг Турк дэх АНУ-ын Элчин сайдын яам энэ сарын 11-нд урьдчилан сануулж байжээ. Туркийн Дотоод хэргийн яам болон Улсын Дээд шүүхийн ойролцоо болсон халдлагыг хэт даврагчид юмуу Курдийн ажилчны намын дэмжигчид үйлдсэн байх магадлалтай гэж цагдаагийн байгууллага үзэж байгаа аж. Халдлагын дараа Туркийн эрх баригчид иргэдийн Твиттер болон Фэйсбүүк хуудас руугаа нэвтрэх эрхийг нь түр хязгаарлаж, буруу ташаа мэдээлэл цацахаас урьдчилан сэргийлжээ.

 

Сүүлийн зургаан сарын дотор Туркийн нийслэл Анкара болон Истанбул хотод дараалсан халдлага хэд хэдэн удаа гарлаа. Зөвхөн Анкара хотод цуврал халдлага гурван удаа гараад байна. Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хэлэхдээ “Бүс нутгийн тогтворгүй байдлын улмаас Турк улсад террорист халдлага байнга гарах боллоо. Энэ бүхэн бидний зоригийн мохоохгүй. Бид терроризмтэй тэмцэх тэмцлээ үргэлжлүүлэх болно” гэлээ.