Монголын кино урлагт нэгэн шинэ өнгө төрхийг бий болгон, үзэгч олны төдийгүй уран бүтээлчдийн талархлыг хүлээсэн шилдэг бүтээлүүдээ дэлгэцэнд гаргаж буй “Хувьсал” продакшныг У.Уранчмэг гавъяатгүйгээр төсөөлөх аргагүй биз ээ. Улсын драмын эрдмийн театрын өмнө барьдаг шилдэг жүжигчдийн нэг гэгдэж явсан тэрбээр өнгөрсөн хугацаанд тайз дэлгэцийн олон сайхан дүрээрээ хэн хүний сэтгэлд хоногшиж, эчнээ танил болсон нэгэн.
Тэгвэл өдгөө өөрийн найруулсан “Атганд үлдсэн эрдэнэ” нэртэй дөрөв дэх киногоо үзэгч түмэндээ хүргээд байгаа эрхэм гавъяат маань дэлгэцийн урлагт яалт ч үгүй шинэ солонго татуулан гарч ирсэн гэдэгтэй маргах хүн үгүй болов уу. Зөвхөн жүжиглэх авьяасаар бус найруулагчийн торгон мэдрэмж, харах өнцөг, уран сайхны илэрхийлэл зэргээрээ өнөө цагт эрхгүй ялгарч яваа МУГЖ У.Уранчимэг нэгэнтээ “Кино гэдэг бие даасан маш том, хүчтэй урлаг. Тэр дотроо маш олон задаргаатай. Инээдмийн кино хийдэг найруулагч байхад над шиг илүү драмын төрөлд өөрийгөө сорихсон гэсэн хүсэлтэй найруулагч бас байна. Тэгэхээр хүн бүрийн харах өнцөг янз бүр байдаг. Найруулагч хүний мэдрэмж бол кино бүтэхэд хамгийн түрүүнд тавигддаг” хэмээн ярьсан удаатай.
Монголын кино урлагт “У.Уранчимэгийн” гэх тодотголтой уран бүтээлүүд мэргэжлийн хэмжээний өндөр чанар, шилдэг технологиор цахиур хагалан гарч ирэх бүрт үзэгчдийн дунд хүлээлт үүсч, ёстой л жинхэнэ утгаараа байлдан дагуулдаг гэхэд болохоор. Ихэнх уран бүтээлчдийн барьж авдаг улиг болсон дурлалын гурвалжин, шог хошин үзэгдэл, хөнгөн инээдийг чухалчлах бус өнөөгийн нийгэмд тулгамдаж буй томоохон асуудал, нүднээс далд бугшсан эмзэг сэдвүүдийг ил гаргахаар зорьсон түүний сонголт ч бас содон.
“Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”, “Тооцоогүй тоглоом”, “Атганд үлдсэн эрдэнэ” зэрэг дөрвөн ч киногоороо тэрбээр ямархуу чадварлаг найруулагч гэдгээ энэ хугацаанд тодорхой харуулсан биз ээ. Гэвч өөрийн гэсэн өвөрмөц шийдэл, оновчтой сонголт, сонирхолтой алхмуудаараа хэдийнэ хүмүүст хүлээн зөвшөөрөгдөж, тэр тусмаа эмэгтэй найруулагч гэдэг утгаараа олны талархал бахархлыг төрүүлж яваа эрхэм гавъяат маань “Найруулагч” хэмээх эрхэм алдраар овоглуулахаас харин ч бүр эмээдэг гэсэн шүү. Учир нь, түүний хувьд “Найруулагч гэдэг бол маш агуу том зүйл” хэмээн ихэд хүндэтгэлтэй ханддаг болохоор тэр. Ямартай ч, орчин цагийн дэлгэцийн урлагт “У.Уранчимэгийн” гэх тодхон тамгатай бүтээлүүд ар араасаа гарч үзэгч түмнийг байлдан дагуулж эхэллээ.



Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна