Үзэн ядалт, өшөө хорслын сүүдрийг ч арилгаж чадах цэвэр ариухан сэтгэл, гэгээн хайраар сүлэлдсэн сувдан дуслууд бүсгүйн сорви тогтож халтартсан булбарай хацрыг даган урсахад Хангай зүрхэндээ уйлах мэт чимээгүй мэгшинэ... Хүслээр заяадаггүй хүмүүний орчлонд эхийнхээ сэтгэлийг амирлуулж, үгэнд мэслэгдсэн эцгийнхээ элгийг “дэвтээж” яваа Тайван эцэст нь буг чөтгөр мэт адлуулах юм гэж хэн мэдэх билээ. Эрчүүд оройд нь гарч хийморио сэргээж, эмс хүүхнүүд бэлээр нь гороолон хүслээ шивнэдэг “Алтан овоо”-гоо холоос ч болтугай харж, золгүй тавиландаа сэтгэл гутарч суудаг түүний хувьд хүрхрээт ус, хад асгаар хучигдсан харанхуй агуй хамгийн сайхан орчин мэт санагдана. Насаар эгчмэд хэдий ч царай зүс, нуруу туруу сайтай Ягаанцэцэгтэй ойр дотно байж, өөрийн чадлаар туслахыг хичээдэг тэрбээр үе үехэн түрэмгий залуусын халдлагад өртөх нь бий. Нутгийн сайхан залуу гэгддэг Хангайд бол тэр ёстой л гарын чилээ гаргахгүй, атигар нэрэндээ таарсан азгүй амьтан гэж байгаа. Нүд унагасан бүсгүйнх нь дэргэдээс сүүдэр мэт салахгүй дагаж яваа өчүүхэн муу атигарыг боломж гарвал шоглож орхиод доог тохуу хийх нь харин ч бүр зугаатай шүү. Гэхдээ бөхийн дэвжээнд толхилцсон хатуу зантай эцгүүдийнхээ өс хонзонг өвөртөлсөн Тайван, Хангай хоёрын хувь заяа ямархан сэжмээр холбогдож, хүсэл хяслын хүлээсэнд зовж шаналахыг тэдний хэн нь ч төсөөлөхгүй яваа.
Бяр чадал нь хэдийнэ харьсан ч яхир хатуу зангаар ядарсан эхнэрийнхээ үйл тамыг үзэхээс буцдаггүй Цэвээн цагтаа улсын арслан цолтой сайхан эр байж. Гэвч тэр цаг үеэс өнөөг хүртэл бөхийн дэвжээ, нутгийн хөрсөн дээрээ “мөнхийн өрсөлдөгч” гэмээр шөргөөцөлдөж ирсэн аймгийн заан Балжирт муугаа үзүүлэхгүйн тулд хэрхэн зүтгэж, бас хэр их өөрчлөгдсөнөө өөрөө ч үл мэдэх. Хэдэн тагш нэрмэл татчихаад өөрийгөө ихэд тоон, гаанс нэрж суугаа өвгөжөөр зантай эрх хүү нь шавилхан биедээ баймгүй хэлэмгий доломгой, шаггүй сэргэлэн зантай тул мань эр хэний ч өмнө сэтгэл өег сууна. Харин сүүлийн үест мөнөөхөн өст Балжир зааны ганц хүү Хангайтай нударга зөрүүлэх нь олширч, бүр эмнэг морь сургаж уралдах дээрээ тулсан гэдгийг дуулаад хатуу эцэг яаж зүгээр суухав. Хэдэр ёдор хийсэн хэнэггүй үрдээ сургамжилж, хажуугаар нь хөөрхий хэлгүй эхийн нулимсыг ч бас үзээд амжсан түүний амьдрал багахан үгийн балгаар хэрхэн орвонгоороо эргэж буйг энэ үед эргэцүүлэх ухаан даанч байсангүй.
Харц унагам ханагар сайхан залуугийн энгэрт эрхэлж, эхнэр нь болохыг туйлаас хүсч мөрөөдөж явсан Ягаанцэцэг тийм ч удаан догдолж гүйсэнгүй. Залуусын зүрхийг гижигддэг ялдамхан ааш, гэнэн хонгор зүсний цаана нуугдан буй хар хорын сэтгэл Хангайг нь булаасан “буг чөтгөр”-тэй уулзах үед хамгийн тодоор илэрнэ. Гунигт тавилангийнхаа золиос болсон хөөрхий найзыгаа зовлон руу нь түлхэж, хайр сэтгэлээ аварч үлдэх гэсэн түүний энэ оролдлогыг буруутгах арга алга. Эцэс сүүлд нь айл амьтны элэг доог болсон тэр нэгэн золгүй хүү, бас хайртай Хангайг нь өөртөө татсан үзэсгэлэнт хүүхний хувь заяа хүссэнээр нь эргэх болов уу, бүү мэд. Хүний амьдралын утга учрыг ухаарч, хувь тавилангийнхаа эзэн нь байхыг хүссэн хөөрхийлөлтэй нэгэнд чухам ямар сонголт үлдэх бол...
Тийм ээ, энэ мэт олон сонирхолтой асуулт хийгээд оньсого мэт таавар дүүрэн өрнөх “Атганд үлдсэн эрдэнэ” киноноос уншигчид маань хариултаа олох биз ээ. Энэ сарын 5-нд буюу өнгөрөгч бямба гарагт “Хувьсал” продакшныхан дэлгэцийн дөрөв дэх уран бүтээл болох “Атганд үлдсэн эрдэнэ” киноныхоо нээлтийг албан ёсоор хийлээ. Техник технологийн чанар, жүжигчдийн уран чадвар зэргээрээ өндөр түвшинд тооцогдож буй “Атганд үлдсэн эрдэнэ” дуу, дүрсний хувьд Холливудын хэмжээнд бүтээгдсэн анхны Монгол кино гэдгээрээ ихээхэн онцлогтой бүтээл юм. Тухайлбал, уг киногоо бүтээхэд бүтэн нэг жилийн хугацааг зарцуулсан уран бүтээлчид маань АНУ-ын “Е” фильмтэй хамтран дуу, дүрсний эвлүүлэг дээрээ дөрвөн сарын турш ажиллажээ. Мөн орчин үеийн бүхий л дэвшилтэт техникийг ашиглан бүтээсэн энэхүү кино нь олон улсын кинотеатруудаар гарах өндөр шаардлагыг хангаж байгаа тул дэлхийн зах зээлд гаргахаар төлөвлөсөн гэдгээ “Хувьсал” продакшныхан нуусангүй.
“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” нэртэй анхны бүтээлээрээ монголын кино урлагт тэсрэлт хийж, үзэгчдээ “Зүрхээр наадагч” болон “Тооцоогүй тоглоом”-оор байлдан дагуулж чадсан авьяаслаг уран бүтээлчид маань энэ удаад “Атганд үлдсэн эрдэнэ”-ээ ийнхүү дэлгэлээ. “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, түүний дүү “Хатариш” С.Амарбаясгалант, МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг мөн ардын урлагийн “Домог”, “Хөсөгтөн”, “Glissando” хамтлаг зэрэг рок поп болон нийтийн дуучид, ардын язгуур урлагийн хамтлагууд оролцсон нээлтийн арга хэмжээ тэр чигтээ тоглолт болж хувирчээ. “Хүннү молл”-ын төв талбайд өрнөсөн урлагийн тоглолтыг үзэхээр олон хүн цугларсан төдийгүй уран бүтээлчдийг урьсан улаан хивсний ёслолын үеэр үзвэрийн танхимын үүд пиг дүүрэн байлаа. Хуран чуулсан олны дунд урлаг соёл, улс төр, бизнес, спортын салбарын алдартнууд ч цөөнгүй харагдсан бөгөөд хэн хүнээс илүүтэй сэтгэл нь догдолж, киногоо үзэхээр тэвчээртэй нь аргагүй хүлээж зогсоно лээ.
Авьяас чадвар, гоо үзэсгэлэн, хөдөлмөрч чанарын нэгдэл хэмээн үзэгч олондоо хүндлэгдэж яваа жүжигчин бүсгүйчүүд маань энэ үдэш үнэхээр гайхалтай сайхан харагдсан шүү. Хөөрхий гэмгүй үрдээ золгүй амьдрал “бэлэглэсэн” хэлгүй эхийн дүрийг сэтгэл шимширтэл гаргасан МУГЖ У.Уранчимэг, инээд эгдүү хоёрыг зэрэг хүргээд амждаг нутгийн сайхан бүсгүй Ягаанцэцэгийн дүрд чадмаг хувирсан СТА Д.Ганцэцэг, үзэсгэлэнтэй төрхөө мартаж орхиод “атигар” хочтой өрөвдмөөр залуугийн дүрээр үзэгчдээ уйлуулж нэг үзээд, ухаарал хайрлан аргадсан СТА А.Ганчимэгийг үзэгчид халуун алга ташилтаар угтан авлаа. Орчин цагийн охид залуустаа Монгол ахуй, үндэсний өв соёлоо таниулах гэж зорьсон эрхэм уран бүтээлчдийн гоёл зүүсгэл ч энэхүү утга санааг нь бүрэн илэрхийлсэн нь илт. Тухайлбал, киноны зохиолыг бичиж найруулсан МУГЖ У.Уранчимэг үндэсний хэв маягийг илтгэсэн орчин үеийн загвартай хар торгон хослолоор гоёсон бөгөөд “Мишээл Амазонка” салонынхон урлаж өгчээ. СТА, жүжигчин Д.Ганцэцэгийн цэнхэр өнгөтэй чамин өмсгөл хийгээд СТА А.Ганчимэгийн цасан цагаан хүрэм бүхий загварлаг хувцсыг “Алтан утас” салоны уран гартнууд бүтээсэн гэнэ.
МУГЖ У.Уранчимэгийн хар Энэхүү киноны ноён нуруу, утга санааны гол цөм нь болж өгсөн Ардын жүжигчин П.Цэрэндагва гуай “Үгэнд мэслэгдсэн хүн ямархуу болдгийг хараарай” гэсэн амлалтаа харин ч нэг бардамхан биелүүлэхээр ирсэн. Хүүхнүүдийн хүслэнт залуу болсон Хангайн дүрд тун ч чадварлаг тоглосон УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаярыг үзэгч фэнүүд нь “Аав” киногоор нь, басхүү орчин цагийн Ромьео гэдгээр нь сайн мэдэх болов уу. Мэдээж хэрэг, тус кинонд тоглосон бусад жүжигчид болон найруулагч, продюссер, зураглаач, нүүр хувиргагч, хөгжмийн зохиолч зэрэг олон уран бүтээлч улаан хивснээ уригдсан. Мөн энэ үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр монголын кино урлагийг дэмжих тал дээр түлхүү анхааран ажиллаж буйгаа дуулгаад “Атганд үлдсэн эрдэнэ” киноны зураглаачаар ажилласан Ц.Хүрэлбаатар, эвлүүлэгч болон найруулагчаар ажилласан А.Гантулга нарыг “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан юм.
Багагүй хугацааны турш үзэгчдийн дунд хүлээлт үүсгэсэн “Атганд үлдсэн эрдэнэ” киноны эргэн тойронд болсон үйл явдлуудаас цухас дурьдсан минь энэ. Үргэлж шинийг эрэлхийлж, өөрсдийн ур чадвараа ахиулах хэмжээнд хүртэл шаргуу ажиллахыг эрмэлзэж явдаг “Хувьсал” продакшны уран бүтээлчид ийн дөрөв дэх киногоо үзэгчдэд хүргэж эхэллээ. Танхим дүүрэн цуурайтах алга ташилт, баярлаж талархсан үзэгчдийн сэтгэгдэл, урам хайрласан урлагийн “акул”-уудаасаа та бүхэн минь ямар ДҮН авснаа төвөггүйхэн мэдсэн биз ээ. Ай даа, ахиад үзэхээс ч уйдамгүй “Атганд үлдсэн эрдэнэ” минь... “Амьдрал, хувь тавилангаа хүн атгаад төрдөг юм гэнэ лээ. Түүнийг хэн ч өөрчилж чадахгүй” хэмээн өгүүлэх энэхүү гайхалтай киногоор дамжуулан хүмүүний сэтгэлийн утсыг хөндөж, уярал ухаарал хайрласанд баярлалаа, “Хувьсал”-ынхаан...














Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв