“Атганд үлдсэн эрдэнэ” өнөөдөр нээлтээ хийнэ


“Хувьсал” продакшны дөрөв дэх дэлгэцийн уран бүтээл болох “Атганд үлдсэн эрдэнэ” кино өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Киноны  уран бүтээлчид АНУ-ын Холливуудын “E” фильмтэй хамтран дэлгэцийн шинэ бүтээлээ бүтээж,  дуу шуум, эвлүүлэг гээд бүгдийг Холливудын стандартаар хийсэн гэдгийг онцолон байгаа.

 

Түүнчлэн киног бүтээхэд бүтэн нэг жилийн хугацаа зарцуулсан бөгөөд эвлүүлэг, дуу шуумын ажлыг дөрвөн сарын хугацаанд АНУ-д хийжээ.Орчин үеийн бүх дэвшилтэт техникийг ашиглан бүтээсэн уг уран бүтээл нь олон улсын кино театруудаар гарах стандартуудыг хангасан тул киног дэлхийн зах зээлд гаргахаар ярилцаж байгаа аж. Мөн уг кинонд ажилласан гадны уран бүтээлчид Монголын уран бүтээлчдийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээг сайшаасан бөгөөд гадаад зах зээлд гарах бүрэн боломжтой гэжээ.Энэхүү киноны зураг авалтыг Монгол орны үзэсгэлэнт байгалиар 7000 км аялж авсан бөгөөд Говь-Алтай, Сүхбаатар, Төв аймгийн нутаг дэвсгэрт  хийжээ.

 

Киноны  ерөнхий найруулагчаар Гавьяат жүжигчин, продюсер У.Уранчимэг ажилласан бол,  гол дүрд  Ардын жүжигчин Д.Цэрэндагва, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин А.Ганчимэг, жүжигчин Б.Шинэбаяр нар тогложээ.“Атганд үлдсэн эрдэнэ” энэ сарын 5-ны өдөр буюу өнөөдөр “Хүннү молл” кино театрт 16:00 цагт нээлтээ хийх гэж байна.Киноны үйл явдлын хувьд Монголын  жирийн нэг айлын ахуйг харуулна хэмээн ерөнхий найруулагч У.Уранчимэг онцолсон юм.