Жолоочийн зөрчлийг оноог хасч эхэллээ

Admin
Өчигдөр 17 цаг 11 минут

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан жолоочийн зөрчлийн оноог өнөөдрөөс тооцож эхэллээ. Зарин жолоочийн камерт бичигдсэн зөрчлөөс оноо хасах журмыг ЗЦГ-ын программ хангамж болон техникийн асуудлаас шалтгаалан хэсэг хугацаагаар хойшлуулжээ. Өөрөөр хэлбэл, камераар бус замын цагдаагийн төхөөрөмжөөр оноог хасч эхэлсэн байна.

Энэхүү журамд жолооч бүрт 10 оноотой байх бөгөөд жолоочийн гаргасан  бүх зөрчлөөс оноо хасахгүй зөвхөн доорх зөрчилд оноо хасахаар тусгагджээ.

Нэг оноо хасах зөрчил

  • Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоог шилжүүлсэн жолооч /Торгууль 192,000/
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолооч /Торгууль 48,000, 19,200/
  • Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй жолооч /Торгууль 9,600/
  • Замын хөдөлгөөнд оролцохдоо зорчигчид хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглүүлээгүй жолооч /Торгууль 9, 600/
  • Гэрлэн дохио болон цагдаагийн алба хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон жолооч /Торгууль 19,200/
  • Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн жолооч /Торгууль 19,200/
  • Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн жолооч /Торгууль 96,000, 192,000/

Хоёр оноо хасах зөрчил

  • Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч /Торгууль 192,000/
  • Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн этгээдэд жолоог шилжүүлсэн жолооч /Торгууль 96,000/
  • Улсын бүртгэлийн дугааргүй, тогтоосон хугацаанд дугаараа аваагүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон жолооч /Торгууль 96,000/
  • Зам тээврийн осолд холбогдсон жолооч ЗХД-д заасан үүргээ биелүүлээгүй жолооч /Торгууль 96,000/
  • Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн жолооч /Торгууль 19,200/
  • Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн жолооч /Торгууль 19,200/  
  • Давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолооч /Торгууль 9,600/
  • Механикжсан ТХ-ийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолооч /Торгууль 48,000/

Гурван оноо хасах зөрчил

Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн жолооч /Торгууль 48,000/
ТХ-ийн тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой, хууль тогтоомж зөрчсөн жолооч /Торгууль 96,000/  

Тав оноо хасах зөрчил

Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг зөрчсөнөөс зам тээврийн осол үйлдсэн болох нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд буруутай жолоочоос хасна. /Торгуулийн хэмжээ ЗХД-ийн ямар заалт зөрчиж осол гаргаснаас хамаарна.

Жолооч удаа дараа дүрэм зөрчин, 10 оноогоо хасуулаад дуусвал жолоочийн жолоодох эрхийг хасахаар журамд тусгагдсан байна. Харин хасуулсан оноогоо сэргээлгэхийн тулд зургаан цагийн сургалтад суун, шалгалт өгч тэнцсэнээр эрх нь сэргээгдэх аж. Нөгөөтэйгээр жолооч зөрчлийн оноогоо хасуулснаас хойш нэг жилийн хугацаанд дахин зөрчил гаргаагүй тохиолдолд жолоочийн хамгийн сүүлд хасуулсан оноог сэргээх юм байна. Мөн хамгийн сүүлийн гаргасан зөрчлөөс хоёр жилийн хугацаанд зөрчил гаргахгүй бол 10 оноог дахин сэргээх аж. Түүнчлэн онооны системээ жолооч интернэтийн орчинд апликейшн хэлбэрээр хянах боломжтой.

2015 оны сүүлийн хагас жилд ЗЦГ-аас хэрэгжүүлж байгаа томоохон ажлын нэг нь энэхүү зөрчлийн оноо тооцох журам бөгөөд уг журмыг хэрэгжүүлснээр тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, зам тээврийн ослын тоо буурна гэж албаныхан мэдээллэсэн юм.