Ятгын хатан хааны шинэ тэсрэлт


Азийн ятгын хатан хаан хэмээн өргөмжлөгдөг “Бөртэ” хамтлагийн ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ өчигдөр гурван жил хамтран ажилласан шинэ цомгийн нээлтээ хийсэн юм. Тэрээр “Ертөнц” цомгийн үргэлжлэл “Байгаль” цомог дээр ийнхүү ажилласан бөгөөд зөвхөн энэ төслийн хүрээнд байгуулагдсан “Дэлхий” хамтлагтайгаа сонсогчдодоо шинэ бүтээлүүдээ дэлгэсэн юм. Ятгачин Мөнх-Эрдэнэ өмнөх “Ертөнц” цомгийн “Ус” бүтээл дээр ятгын гоцлолоороо шагшигдаж байсан бол энэ удаад ч мөн адил “Бүүвэй”, “Үр” минь зэрэг олон сайхан бүтээлээс түүний гайхамшигт хөг аялгууг сонсож болох нь ээ.  

 

Сонирхуулахад, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ ятгыг ёстой л “уйлуулдаг” гэдгийг монголд төдийгүй Европын орнуудад үнэлж, “Азийн ятгын хатан хаан” хэмээн өргөмжилдөг. Дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргаж, ардын урлагийг сурталчилж яваа “Бөртэ” хамтлагийг нөхрийн хамт 2000 онд байгуулсан юм. Хамтлагаараа "Ингэн тэмээний нулимс", "Шар нохойн там", "Чингисийн хоёр загал" киноны хөгжмөөрөө дэлхийд нэрээ гаргаж, АНУ-ын Манхэттэнд болсон “А” зэрэглэлийн олон улсын кино наадмын "Шилдэг киноны хөгжим" шагнал, Германы 2005 оны пянз үйлдвэрлэгчдийн "Шилдэг уран бүтээл"-ийн шагнал гээд олон шагналын эзэн болсон билээ.