“Шангри-ла” төвийн барилгад санаатай гал тавьсан уу


Сүхбаатар дүүргийн I дүгээр хороонд байрлах "Шангри-Ла Улаанбаатар" зочид буудлын хажуугийн "Шангри-Ла төв"-ийн барилгад өчигдөр 11:50 цагийн үед гал гарсан билээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн гал унтраах 10 дугаар ангийн гурван тасаг, 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж галыг унтраасан.

Гал юунаас болж гарсан нь одоогоор тодорхойгүй байгаа. Гэхдээ зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар өчигдөр тус барилгын цахилгааныг холболтыг албаны хүмүүс шалгах гэж байсан учраас хорлон сүйтгэх зорилгоор санаатай гал тавьсан байж болзошгүй хэмээн хардаж байгаа гэнэ.

Мөн гал гарах үеэр барилга дотор байсан ажилчид угаарт хордож, хордлогын яаралтай төвд хүргэгдсэн байна. Тодруулбал, барилга дээр ажиллаж байсан 33 хүн хордлого тайлуулах эмчилгээ хийлгэхээр тус төвд очжээ. Эмч нар тэдгээр ажилчдад үзлэг хийхэд хөнгөн болон дунд зэргийн хордлоготой 29 хүн угаартсан байсан учраас тэдэнд эмчилгээ хийсэн байна.

Галын шалтгаан эцэслэн гараагүй байгаа юм.